Австрали ба Хятад: Коронавирусээр эхэлж, нүүрсний хоригоор үргэлжилж буй МАРГААНЫ ПРОЦЕСС

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 14-ний даваа гарагт БНХАУ-ын олон улсын төв хэвлэл Глобал Таймс, Засгийн газар нь Австралиас нүүрс импортлохгүй байх хоригийг албан ёсоор тавьсан талаар мэдээлсэн. Тодруулбал өнгөрсөн амралтын өдөр Хятадын хамгийн том 10 эрчим хүчний компаниудын Засгийн газартай хийсэн уулзалтын үеэр Монгол, Индонез, Орос улсуудаас хязгаарлалтгүй нүүрс авах чиглэл өгч, харин үүнд Австралийн нүүрсийг оруулахгүй гэсэн нөхцөл тавьсан билээ.
НҮҮРСНЭЭС ӨМНӨХ ХОРИГ
Үүний өмнө өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-ны өдөр “Bloomberg News”-ийн мэдээлснээр БНХАУ, худалдаачиддаа долоон төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Австрали улсаас импортлохгүй байхыг чиглэл болгосон. Эдгээрт нүүрс, арвай, зэсийн хүдэр, сахар, мод, вино, хавч гэсэн бүтээгдэхүүнүүд багтсан гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Харин Австралиас Хятад руу хамгийн ихээр импортолдог төмрийн хүдэр энэ хоригт ороогүй ажээ.
Уг хоригийг арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхэлж мөрднө гэж нэрээ нууцлуулахыг хүссэн албаны хүн хэлсэн талаар гаднын хэвлэлүүд онцолж байна. Бээжингээс эдгээр импортын бараанууд чанарын хувьд асуудалтай гэдэг ил тайлбар өгсөн ч үнэн хэрэгтээ Австрали талын улс төрийн сэдэлтэй мэдэгдэл, байр суурьд өгч буй хариу арга хэмжээ байх магадлал өндөр юм.
Улс төр, эдийн засгийн аналист “Lowy Institute”-ийн ахлах ажилтан Ричард МакГрегор уг явдлыг “Хятад бусад улсад анхааруулах гэж Австралид хатуу арга хэмжээ авахаар зорьжээ. Тэд улс төрийн зөрчилдөөнд үр дагавар гэж байдаг гэдгийг харуулахыг хүсэж байна” хэмээсэн байна.
Тэгвэл яг юу Австрали-БНХАУ хоёрын харилцааг муутгав?
НЭГ: ЦАР ТАХЛЫН ҮҮСЛИЙГ МӨРДӨЖ ТОГТООХ ЁСТОЙ ГЭВ
Цар тахлын хор хөнөөлийг БНХАУ нуун дарагдуулсан гэх хардлага олон улсад гараад байсан билээ. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон шинэ төрлийн коронавирусийн гарал үүслийг мөрдөж, БНХАУ уг асуудалд хэр хариуцлагатай хандсаныг тогтоох хэрэгтэй гэсэн юм. Тэрбээр ийм хор хөнөөлтэй цар тахал дахин гарахаас сэргийлэхийн тулд дэлхий дахин ямар нэг цензургүй баримт, мэдээллүүдээр баялаг байх хэрэгтэй хэмээжээ. ДЭМБ-ын гишүүн оронд очиж хяналт, шалгалт явуулахын тулд тус улсаас урилга авах ёстой байдаг. Моррисон БНХАУ-д мөрдлөг явуулах хэрэгтэй гэдгийг есдүгээр сард болсон НҮБ-ын ерөнхий ассемблейн үед давтан хэлсэн юм.

ХОЁР: "Huawei” КОМПАНИД ИТГЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮЗЭВ
Магадгүй асуудлыг хамгийн их дэвэргэсэн зүйл бол 2019 онд Хятадын томоохон технологийн компани “Huawei”-г Австралид 5G сүлжээний технологи оруулж ирэхийг Моррисоны засаглал хориглосон явдал. Австрали улс АНУ-тай ижил, “Huawei” компанийг Хятадын Коммунист намтай хэтэрхий ойр ажилладаг, итгэж болохгүй гэж үзсэн нь ингэж хориглох нэгэн том шалтгаан болсон аж .

Үүгээр зогсохгүй мөн Их Британи улсыг ч ижил хориг тавихыг Австралийн Засгийн газар ятгасан байна.
ГУРАВ: САНГИЙН ЯАМНЫ ДАРГА ЖОШ ФРАЙДЕНБЕРГИЙН ГАРГАСАН ШИЙДВЭР
Австралийн Сангийн яамны дарга Жош Фрайденберг Японы “Lion Dairy and Drinks” компаниа Хятадын “Mengiu Dairy”-гийн бүтээгдэхүүн худалдаж авахыг нь зогсоох шийдвэр гаргасан нь нөхцөл байдлыг дордуулсан гурав дахь явдал болсон юм.
Японы “Kirin” компанийн эзэмшдэг “Lion Dairy and Drinks” компанийг “Mengniu Dairy” бүтээгдэхүүнийг худалдаж авах болсон талаарх мэдээ өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард зарлагджээ. “Lion Dairy and Drinks” бол Австралид худалдаалдаг “Pura milk”, “Dare iced coffee”, болон “Yoplait yoghurt” гэх мэт сүүн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг компани юм. Тэгвэл Австралийн Засгийн газар ийн тус компанийг Хятадын бүтээгдэхүүн худалдаж авч, үйлдвэрлэлдээ ашиглахыг "Үндэсний ашиг сонирхлын эсрэг” гэж үзсэн байна.

ИХЭНХ АВСТРАЛИЧУУДЫН БНХАУ-ЫН ТАЛААРХ ҮНЭЛЭМЖ УНАЛАА
Мөн австраличуудийн БНХАУ-ын талаарх байр суурь, үнэлгээ ихээр буурсан. 2020 оны “Pew Global Attitude” судалгаанд оролцсон австраличуудийн 81 хувь нь Хятадын талаар сөрөг сэтгэгдэлтэй байсан бөгөөд 2017 онд уг үзүүлэлт 32 хувь байжээ. Ижил судалгаагаар БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинд итгэдэггүй, түүнд сөрөг үнэлгээ өгөх австраличуудын тоо ихэссэн нь мэдэгдсэн юм.
Ихэнх австраличууд Хятадын талаар сөрөг сэтгэгдэлтэй болж байгаа ч хоёр улсын хоорондох эдийн засгийн холбоо бие даан тогтвортой орших ёстой. Австралийн импортын дөрөвний нэг нь Хятад руу гардаг. 2019 оны долдугаар сараас 2020 оны зургадугаар сарын хооронд хоёр улсын худалдаа 240 австрали долларт хүрсэн. Мөн Австралид хөрөнгө оруулдаг томоохон улс бол БНХАУ, 2016 онд нийтдээ 15.8 тэрбум австрали долларын хөрөнгө оруулж байсан боловч үүнээс хойш буурсаар 2019 онд 2.5 тэрбумд хүрчээ.
Австралийн эдийн засагт өгч буй БНХАУ-ын дарамтыг тэд хэдий хэмжээнд хүртэл тэсвэрлэх бол?
Эх сурвалж: The Diplomat, The Conversation
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.