НИЙГЭМ

Ж.Мөнхбат нарын гишүүд хуулийн төсөлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх цахим системийг танилцууллаа

Монгол Улсын их хурал, Улсын их хурлын тамгын газраас санаачлан хэрэгжүүлж эхэлж байгаа хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах lawmaker.mn, lawforum.mn цахим системийн тухай танилцууллаа. Мэдээллийн эхэнд:

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: "Бид бүхэн сүүлийн үед Монголд төрийн цахим байх, бүтээлч байх, ард иргэдтэйгээ ойрхон байх, иргэддээ хүнд суртал гаргахгүй ажиллах, үйлчилгээ үзүүлэхэд анхаарч байна. Энэ нь үүднээсээ Парламентийн хүрээнд ард түмэнтэйгээ ойрхон байх, бүтээлч байх цахим парламент болох төсөл юм гэж ойлгож болно. Хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг энгийнээр тайлбарлавал хууль боловсруулах шатанд УИХ-ийн гишүүд иргэдийн оролцоотойгоор иргэдтэй хамтарч, хуулийн төслөө бүтээх систем гэж ойлгож болно.

Энэ систем дотроо lawmaker.mn, lawforum.mn гэсэн хоёр дэд хэсэгтэй. lawmaker.mn-д УИХ-ын гишүүд орж ажиллах хэсэг, харин lawforum.mn-д иргэд оролцох боломжтой. Хуулийн төслийг боловсруулах шатанд иргэдийн оролцоо, салбарын мэргэжилтнүүдийн оролцоо чухал. Тэр бүр иргэд хуулийн ажлын хэсэгт ирээд үгээ хэлээд байх боломжгүй байдаг. Уг систем хэрэгжсэнээр иргэн байгаа газраасаа уг төсөлд оролцох боломжтой. Мөн хэд хэдэн давуу тал бий болж байгаа. Зүйл заалт бүрээр саналаа өгдөг шинэ нөхцөлтэй болно. Гишүүн тухайн иргэнд урилга явуулж, төслөө хамт бичих боломжтой. Үүний тулд иргэн сонирхлын бүлэгт бүртгүүлсэн байх ёстой. Ингэснээр тухайн салбарын хүмүүст мэдээ мэдээлэл очих, ирдэг онцлог давуу тал болно. Хуулийн төсөлд өөрчлөлт оруулах бүрт шинэ хувилбарууд үүсээд хэзээ, хэн өөрчлөлт хийснийг жишин харах боломж үүссэн. Мөн иргэд lawmaker.mn хэсэгт ажиллах боломж нээгдэж байгаа. Тухайн УИХ-ын гишүүн хэн нэгэн иргэнд урилга хүргүүлбэл, хамтарч ажиллана” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: "Энэ хоёр вэб сайт нэгдүгээрт хуулийн төсөл боловсруулах шатанд иргэдийн оролцоог хангах, хоёрдугаарт хуулийн төсөл танилцуулагдах иргэдийн оролцоог хангах гэсэн чиглэлээр явагдахаар байгааг сая сонслоо. Гол суурь нь өнгөрсөн жил УИХ 2019-2024 онд явуулах үйл ажиллагааныхаа стратеги төлөвлөгөөг шинэчилж баталсан. Энэ стратеги төлөвлөгөөнд УИХ-ын алсын харааг ард түмний засаглах бүрэн эрхийг хангасан парламент болж төлөвшинэ гэж заасан байгаа. Нөгөө талаар УИХ-ын эрхэм зорилгыг УИХ-д хууль тогтоолт, хяналт шалгах чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлдэг, ард түмний төлөөллийг хангасан хариуцлагатай парламент болгоно гэж зарласан. УИХ-ын гол үнэт суурь зарчим юу вэ гэхээр нээлттэй ил тод байдал, иргэдийн оролцоог хангах явдал юм” гэв.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: "Ардчилалын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол иргэдийн оролцоо байдаг. Олон төрийн үйлчилгээг e-mongolia, e-barimt, e-halamj зэрэг сайтуудаар авах боломж нь бүрдсэн. Гэвч хууль боловсруулах явцад иргэдээс хуулийг боловсруулах процессоос эхлээд оролцох хэрэгтэй байна гэдэг. Хөл хорио болохоос өмнө хуулийн төслүүдийг хоёр сар хэртэй иргэдийн дунд хэлэлцүүлэг үүсгэх, мэргэжлийн бүлгүүдээр аймаг, орон нутгуудаар өрнүүлэх боломжтой байсан. Гэвч одоогийн цаг үетэй уялдуулаад дараах сайтуудаар уг үйлчилгээг авах боломж нь бүрдэх юм. Одоо хувийн хэвшлийнхэн хэд хэдэн өөрсдийн программ дээр ажиллаж байх шиг байна. Эхний хүний өөрчлөлтөөс дараагийн хүний өөрчлөлтийг шингээгээд, түүнийгээ хянаад явдаг. Ялангуяа 2020-2024 онуудад төсөв санхүүг сайжруулах, банкны хүүг өөрчлөх зэрэг олон хуулийн төсөл санаачлах шаардлагатай байгаа. Үүнд иргэдийн оролцоо чухал юм” гэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

"Ардчилалын мөн чанар ард түмэнтэйтэй ойр байх явдал юм. Иймд түшигтэй тулхтай системээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтдаа урагшлах боломжийг олгож буй юм. Зөвлөл дэх ардчилал ард түмний үг байдаг. Тиймээс зөвлөл дэх ардчилал ард иргэдэд нээлттэй болж байна. Өнөөдрөөс эхэлж дээрх цахим хуудас ажиллаж байгаа. Уг хоёр сайтаар дамжуулах Монголын төр иргэдтэйгээ ойр байх болно” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button