ДЭЛХИЙ

BLOOMBERG: Вакцинжуулалт энэ эрчээрээ явбал ДОЛООН жилийн дараа амьдрал хэвийн байдалдаа орно

Цар тахал хэзээ дуусаж хүн төрөлхтний амьдрал хэвийн байдалдаа орох вэ? Өнгөрсөн жил “КОВИД-19” дэлхий даяар тархсан цагаас хойш үүний талаар бид бодсоор ирсэн билээ. Энэ асуултад вакцинжуулалтын явцаар хариулж болно. “Bloomberg” агентлагт мэдээлснээр бол одоогийн байдлаар дор хаяж 67 гаруй улсад дархлаажуулалтын аян эхэлсэн бөгөөд 119 сая тун вакцин тарьжээ. Ихэнх улсууд саяхнаас иргэдээ дархлаажуулж эхэлсэн билээ.

АНУ-ын “КОВИД-19”-ийн цар тахалтай тэмцэх багийн гишүүн дархлаа судлаач Энтони Фаучи хэлэхдээ тус улсын нийт хүн амын 70-аас 85 хувийг вакцинжуулж байж амьдрал хэвийн байдалд орно гэсэн юм. Энэ хувийг дэлхийн хэмжээнд авч үзвэл бид дор хаяж 5.5 тэрбум хүн вакцинжуулах хэрэгтэй.

Одоогийн байдлаар дэлхий даяар өдөрт дунджаар 4.54 сая хүнийг дархлаажуулж байгаа аж. Энэ хэмжээнд дэлхийн хүн амын 75 хувьд хоёр тун тарьж дуусгах гэвэл долоон жил шаардагдана. Гэхдээ өдөрт вакцинжуулж буй хүмүүсийн тоо тогтмол нэмэгдэж байгаа.

Мөн Энэтхэг болон Мексик улсад байрладаг дэлхий дээрх хамгийн том вакцин үйлдвэрлэгч төвүүд ажлаа дөнгөж эхлээд байна. Одоогийн байдлаар улс орнууд нийтдээ 8.5 тэрбум тун худалдаж авах гэрээ байгуулсан боловч тэдгээр улсуудын гуравны нэг нь л дархлаажуулалтаа эхлүүлсэн аж.

 Дархлаажуулах хурдыг ихэсгэхийн тулд нэмж вакцин батлах хэрэгтэй. Яг одоо Хойд Америк, Европ болон Ойрх Дорнодод “Pfizer/BioNTech”-ийн вакциныг баталж дархлаажуулалтад ашиглаж байгаа билээ. Мөн “Moderna”, “AstraZeneca”, “Sputnik-V” гэх мэт вакцинуудыг улс орнууд ашиглаж байгаа юм.

“Business Insider” сайтад мэдээлснээр бол яг одоо дэлхий даяар 200 гаруй вакцин бүтээн туршин үзэж байгаа . Тэдгээр вакцинууд аюулгүй, үр дүн сайтай гэдэг нь батлагдаж эхэлбэл бидний амьдрал хэвийн байдалдаа орох хугацаа наашлах болно.

Вакцинжуулалтын явц улс орнуудад ямар байна вэ

Аливаа улс орон эсвэл Дэлхий даяараа цар тахлаас ангижрахын тулд нийт хүн амын 70-аас 85 хувийг дархлаажуулах хэрэгтэй талаар дээр дурдсан билээ.Тэгвэл одоо хүн амын вакцинжуулалтын явц улс орны төвшинд ямар байгааг харцгаая.

Хамгийн их тун вакцин хийсэн таван улс бол

1. АНУ - 35.2 сая

2. БНХАУ - 31.2 сая тун

3. Их Британи - 10.99 сая

4. Израиль - 5.34 сая

5. Энэтхэг - 4.96 сая

Нийт тарьсан тунгийн тоогоор Израиль дөрөвт байгаа ч гэсэн тус улс хүн амын вакцинжуулалтад тэргүүлж байгаа юм. Израиль улс 8.7 сая гаруй хүн амтай бөгөөд 100 хүн тутамд 58.53 тун тарьжээ. Иймд тус улс энэ эрчээрээ дархлаажуулбал хоёр сарын дотор хүн амынхаа 75 хувьд хоёр тун вакцин тарьсан байх болно. Харин АНУ өдөрт 1,3 сая хүн вакцинжуулж байгаа. Энэ эрчээрээ явбал АНУ 11 сарын дотор буюу шинэ он гарах үед хүн амынхаа 75 хувийг хоёр тунгаар вакцинжуулсан байх аж. Гэхдээ энэ тооцоонд байгалийн дархлаа тогтцыг оруулаагүй юм.

Вакцины хүрэлцээ

Дэлхий даяар цар тахал өрнөж үүний эсрэг үр дүнтэй вакциныг эрдэмтэд түргэн шуурхай ажиллан бүтээв. Тэгтэл тус вакцины ихэнх тунг баян чинээлэг хэдхэн улс худалдан авч дэлхийн бусад орнуудад нэг их юм үлдээсэнгүй. Ийм зүйл 2001 оны “H1N1” цар тахлын үеэр болсон юм. Үүнтэй ижил зүйл дахин болохоос бид сэргийлэх хэрэгтэй.

Азаар “H1N1” цар тахлын үеэр өвчин үүсгэгч вирусийн хоруу чанар буурч вакцины нөөц улирал болгон тариа хийх хэмжээнд хүрсэн байдаг. Үүнтэй ижил зүйл одоо болох эсэх нь тодорхойгүй.

Одоогийн байдлаар дэлхийн хүн амын 16 хувийг бүрдүүлдэг чинээлэг улсууд нийт вакцины нөөцийн 60 хувийг худалдан авах гэрээ хийсэн аж. Мөн улс орнууд одоог хүртэл вакцин үйлдвэрлэгч фирмүүдтэй гэрээ хийхийг эрмэлзэж байгаа.  Хэрвээ Засгийн Газрууд вакцины төлөө үнэ хаялцвал цар тахлыг уртасгах магадлалтай юм. Дэлхийн улсуудад нөөц хүрэлцэхгүйн улмаас вакцинжуулалтыг хойшлуулж удаашруулснаар коронавирус тархаж мутацилагдах болно.

Үүнээс сэргийлэхийн тулд ДЭМБ, Gavi, CEPI хамтран “Covax” төслийг үүсгэсэн бөгөөд. Тус төсөлд дэлхийн 190 гаруй улс гишүүн болон нэгдэж эдийн засгийн бололцоо хомс 92 улс орныг вакцинаар хангах тал дээр ажиллаж байгаа юм. Гэвч “Covax” төслөөр тэдгээр улсуудад хүн амын 20 хувийг дархлаажуулах вакцинаар хангах аж. Gavi компанийн захирал доктор Сет Беркли 2021 оны төгсгөл гэхэд дор хаяж 5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох хэрэгтэй хэмээсэн юм.

Хэрвээ хүн төрөлхтөн бид амьдралын хэвийн байдалдаа эргэж орохыг хүсвэл хамтын ажиллагаагаа сайжруулж вакцины нөөцийг тэгш хуваарилах хэрэгтэй болж байна.

Эх сурвалж: Bloomber, New Scientist, Foreign Policy

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button