ХЭРЭГ: “Говь” ХК ХАБ хангаагүй тул хариуцлага хүлээхээр болжээ

“Говь” ХК-ийн бохирын лагт өнгөрсөн долоодугаар сард 18 настай Л гэгч залуу унаж амиа алдсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл уг хэргийг одоо Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд уг хэргийн явц ямар байгаа талаар бид албанаас тодруулахад мэдээлэл өгөх боломжгүй хэмээлээ.
Харин талийгаач Л-ын ар гэрийнхнээс хэргийн мөрдөн шалгалтын явцын талаар лавлахад,
“Хэрэг мөрдөн шалгалт дуусах шатандаа яваа, хөдөлмөрийн аюулгүй байдал /ХАБ/ хангаагүй компанид хариуцлага мэдээж тооцно. ХАБ-аас болж хүний амь эрсэдчихээд байхад өөрсдийгөө өмөөрч хамгаалаад байдаг бусад компани шиг “Говь” ХК өөрсдийгөө өмөөрсөн зүйл хийлгүй, уучлалт гуйж, долоо хоног бүр ном хуруулж байгаа нь авууштай л юм. Өөр мэдээлэл өгч чадахгүй нь” хэмээн ярилаа.
Харин “Говь” ХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар мэдээлэл хэвлэлийнхэнд өгөхөөс татгалзсан байр суурьтай байгаа бөгөөд худалдааны зах зээлд томоохон байр суурь эзэлдэг уг компани ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдалд угаас ийм хайнга ханддаг, эсвэл зөвхөн ганц ажилтан дээр ийм хариуцлагагүй алдаа гаргасан эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.
Хэргийг эргэн сануулбал, долоодугаар сарын 23-ны өдөр “Говь” ХК-ийн сантехникийн засварчин ажилтай 18 настай Л гэх залуу тус компанийн 2-3 метрийн урттай лаганд унаж, амь насаа алдсан. Тус компанийн удирдлага өглөөний 10:30 минутын үед түүнд “Говь” ХК-ийн бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах үүрэг өгсөн. Улмаар тэрээр гарч ирээгүй амиа алдсан байдалтай шөнийн 02:00 цагт буюу худагт орсноосоо хойш 12 цагийн дараа олдсон юм.
Түүнчлэн талийгаачийн биеэс хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа нэг ширхэг, хөдөлмөрийн гэрээ нэг ширхэг олдож эд мөрийн баримтаар хураан авч, хэрэгт хавсаргасан байдаг.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.