НИЙГЭМ

Долоо хоногийн дараа халагдах цэрэг юуны учир АМИА ХОРЛОВ

Дорноговь аймгийн “Хатанбулаг сумын Хилийн цэргийн 0168-р анги”-ийн VIII-р заставт өнгөрөгч дөрөвдүгээр сарын 24-ны өдөр алба хаагч боомилж нас барсан хэрэг гарсан. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр ээлжээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас татагдан, Хилийн цэргийн VIII-р заставт хугацаат цэргийн алба хааж байсан малын суурийн харуулын цэрэг 25 настай Р.Х нь малын хашаанаас хоолойгоо боомилж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн хэрэг оройн 23:00 цагийн орчимд болсон гэх бөгөөд тэрбээр “малаа эргэх”-ээр гараад удалгүй нас барсан байдалтай олджээ. Талийгаач нь цэргээс халагдахад долоо хоног дутуу байхдаа ийн нас барсан нь олон хүний гайхшралыг төрүүлээд буй юм. Сүүлийн үед цэргүүд дарамт шахалтаас болж өөрсдийн амиа егүүтгэх цаашлаад салаан даргаа хөнөөгөөд зугтсан хэргүүд гарсан. Иймд тус хэргийг ч мөн дарга нарын дарамтаас үүдэлтэй байхыг үгүйсгэхгүй гэх иргэдийн масс хандлага байгаа юм.

Халагдахад ердөө долоо хоног дутуу байсан цэрэг юуны учир амиа егүүтгэв. Бид тухайн хэргийн шалгалтын ажиллагаа хэрхэн үргэлжилж буй тухай мэдээллийг эх сурвалжуудаас авснаа хүргэе.

-ХИЛИЙН 0168-Р АНГИ: БАЙЛДАГЧ АМИА ХОРЛОСОН, ДАРАМТ ШАХАЛТ БАЙСАН ЭСЭХИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАНА-

Энэ талаар Хилийн 0168 дугаар ангиас: “Байлдагч амиа хорлосон, дарамт шахалт байсан эсэхийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтооно. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн бол тус ангийн захирагч Я.Түвшинбаатар хэвлэлд өгсөн тодруулгадаа: “Хэргийн тухай талийгаачийн ах, ээж хоёрт нь мэдэгдсэн. Талийгаач тавдугаар сард хугацаат цэргийн албанаасаа халагдах байсан. Алба хааж байх хугацаандаа гаргасан зөрчил байхгүй” хэмээсэн юм.

Амиа алдсан цэргийн амьдарч байсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЗДТГ, болон багийн даргатай нь холбогдоход мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

-БАЙЛДАГЧ НЬ ХАРИУЦАЖ БАЙСАН МАЛЫН ТОО ТОЛГОЙНООС ДУТААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛСНЭЭР: Талийгаач нь Цогтцэций суманд шилжиж ирээд удаагүй бөгөөд ахын хамт амьдардаг байсан гэв. Ах нь дүүгийнхээ цогцсыг авахаар Дорноговь аймгийг зорьсон гэх бөгөөд тус аймгийн цагдаагийн хэлтэст талийгаачийн амь хохирсон хэргийн шалгалтын ажиллагаа хийгдэж буй юм. Хэрэгт холбогдуулан талийгаачийн хамт байсан байлдагчид болон хамтран зүтгэгчдээс мэдүүлэг авч байгаа гэх мэдээлэл байна. Түүнчлэн шалгалтын явцад байлдагч нь хариуцаж байсан малын тоо толгойноос дутаасан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь амиа егүүтгэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэх. Гэвч шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж буй учир шинэ нотлох баримт, сэжүүр гарч ирэхийг үгүйсгэхгүй юм.

-ОН ГАРСААР ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАД ЦЭРЭГ АМИА ЕГҮҮТГЭСЭН ГУРВАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ-

Он гарсаар хил хамгаалах байгууллагад цэргийн алба хаагч амиа егүүтгэсэн гэх хоёр ч тохиолдол бүртгэгдсэн билээ. Эргэн сануулбал:

  • Өнгөрөгч хоёрдугаар сарын 7-нд Дорноговь аймгийн хилийн 0129 дугаар ангийн албан хаагч Х нь талийгчийн мөн адилаар малын хашаанаас өөрийгөө боомилж нас барсан билээ.Тухайн үед талийгаачийг нас барахаасаа өмнө гэрээслэл бичиж үлдээсэн тухай мэдээлж байсан.
  • Өнгөрөгч хоёрдугаар сарын 18-нд Говь-Алтай аймгийн хилийн цэргийн 0214 дүгээр ангийн офицер буудлагын талбайдаа өөрийгөө боомилж амиа алдсан. Дээрх хэргүүдэд цэрэг амиа алдсан шалтгаан учир битүүлэг байсаар мартагдсан гэхэд болно.

Түүнчлэн өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд “Зэвсэгт хүчний 326-р анги”-д 19 настай цэрэг согтуу салаан даргадаа зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл авч нас барсан. Цэрэгтэй зүй бусаар харьцаж, биед нь гэмтэл учруулж амийг нь хөнөөсөн гэх салаан дарга Г-г хорих 461-р ангид саатуулсан. Хожим саатуулагдсан салаан дарга дээрх хэргийн адил олон цэрэгтэй зүй бус харьцаж байсан нь хэвлэлээр мэдээлэгдсэн билээ. Энэ мэтээр цэрэгт байхдаа харамсалтай байдлаар амиа алдсан, гэмтсэн цэргүүдийн кэйс олон. Тухайлбал:

-ЦЭРГИЙН АНГИУДАД ГАРСАН, АМИА АЛДСАН ТОХИОЛДЛУУД-

  • 2016 онд Зэвсэгт хүчний 336-р ангид алба хашиж байсан иргэн Б-г харуулын дарга нь шийтгэж, өвлийн хүйтэнд цементэн шалан дээр хөл нүцгэн гүйлгэснээс болж хөлийнхөө хуруунуудыг тайруулж, хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан.
  • 2016 онд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн байлдагч гараа гэмтээсныг ангийнх нь удирдлагууд нууцалж, улмаар байлдагч мэс засал хийж хуруугаа тайруулсан.
  • 2017 онд Зэвсэгт хүчний 123 ангийн гурван байлдагч болох Увс аймгийн харъяат 19-22 насны залуус Ховд голд живж амиа алдсан.
  • 2019 онд Увс аймгийн Баруун туруун сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг оргож, ОХУ-ын Бүгд Найрамдах Тувагаас нас барсан байдалтай олдсон.
  • 2019 онд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амь насаа алдсан.
  • 2021 онд Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0129-р ангид гэрээтээр алба хааж байсан 21 настай С харуулын байрандаа өөрийгөө боомилж амь насаа алдсан. Талийгаач Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат бөгөөд ар гэрийнхэний мэдээлж буйгаар амиа алдахаасаа хэд хоногийн өмнө “Намайг ирж аваач, дарамттай байна” гэж утсаар ярьжээ.
  • 2021 онд Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд доод оны цэргүүдээ газар мөлхүүлж, дуулахыг шаардаж, дарамталж буй бичлэг цацагдав. Бичлэг 2020 онд хийгдсэн гэдэг тайлбарыг тухайн үед салбарын сайд нь хийсэн.

Цэргийн алба хаагчид харгис хэрцгий дарга нарынхаа дарамтад өртөж гэмтэж, бэртэх нь хэвийн үзэгдэл болов. Гэвч өөрийн амиа егүүтгэхэд юу хүргэв. Магадгүй дарга, удирдлагын зүй бус харилцаа, дарамт нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Дүгнэлтийг хэрсүү уншигч танд үлдээе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Лам
Лам
4 сар 27, 2021 09:04

Нэг ядарсан амттныг бас дарамтаар сэтгэлзүйн хувьд цахз�##�чихсан юм бишүү

Зочин
Зочин
4 сар 27, 2021 19:00

Жирийн цэрэг болохоор амиа хорлосон болгоод хэргийг хаах биз дээ М�##� дутаасан гээд л бага багаар эхэлж байх шиг байна.

Цэрэг байсан
Цэрэг байсан
4 сар 27, 2021 23:10

Шилмэл арга.өөрсдөө идсэн м�##�аа цэрэг рүү чихдэг.идшэнд хэргэлэсэн м�##�ын дансыг цэргүүдэд үзүүлбэл ангайна.цэргийн хоолонд зун адууны борц .гэдсийг нь хүртэл давлаад хатаана.өвөл адууны мах.хавар адууны хуршсан мах.

Холбоотой мэдээ

Back to top button