Нийгмийн

“Болор цом” өргөсөн О.Цэнд-Аюушийн шүлэг

Оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам 38 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Наадмын хоёрдугаар шатанд 30 найрагч шалгарч, Цагдаагийн “Сүлд” чуулгын тайзнаа шүлгээ уншив. Улмаар яруу найрагч О.Цэнд-Аюуш цомын эзэн болж, “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдлээ. Харин яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар удаах байранд орлоо.

Ингээд та бүхэндээ энэ жилийн “Болор цом” наадмын тэргүүн шүлгийг хүргэе.

Цасан шуурга

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар, тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нүүж байна

Хоёр хөл минь

Хоосорч ханхайсан цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хойноос чинь гудайсан толгойгоо бариад

Хонгор минь би ч бас чиний араас явж байна

Өмнүүр уул, нурууд нүргэлэн өнгөрч

Араар гол мөрөн шургалан холдож

Ой модод чиний араас шажигналдан хийсэж

Ой дурсамжууд чиний хойноос шивнэлдэж одож байна

Шуурах цасан гаднаас дайравч

Шүүрэх зүрхэн дотроос хайравч

Мэдээ алдсан хөл минь

Алхам бүртээ чам руу л тэмүүлж

Зүгээ алдсан нүд минь

Аних бүртээ чамайг л харж байна

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нуугдаж байна

Хоёр хөл минь

Хүндээс хүнд цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хүйтнээс хүйтэн нүүрээ дараад

Хонгор минь би ч бас чиний араас явж байна

Дээшээ хот суурин хашгиралдан хөөрч

Доошоо хад чулуу харшилдан бууж

Өвс, ногоо чиний араас зулгаран шуугиж

Өвөл, хавар чиний хойноос урагдан унаж байна

Шуурах салхин гаднаас түлхэвч

Шүүрэх зүрхэн дотроос татавч

Хүнийх болсон хөл минь

Чиний төлөө алхаж

Чинийх болсон итгэл минь

Миний төлөө зовж байна

Галзуу догшин...

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нурж байна

Хоёр хөл минь

Хов хоосон цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хойноос чинь гудайсан толгойгоо бариад

Хонгор минь би чамаас хагацаж байна

Шуурах цасан дотор орж ирлээ

Шүүрэх зүрхэн гадагш гарч одлоо

Шархиран өвдөхийг ч мэдэхээ болилоо

Шаналан харуусахаа ч мэдэхээ байлаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
6 сар 26, 2021 21:36

Bayar hurgii

Зочин
Зочин
6 сар 26, 2021 23:57

цэцэгний сав барьсан юму

Зочин
Зочин
6 сар 27, 2021 06:32

үүнийг шүлэг гэх үү. утгагүй юм түрүүлжээ.

Холбоотой мэдээ

Back to top button