Б.Хонгорзул: Би ялагдаад харамсахгүйн тулд ялдаг

“Токио-2020” олимпод амжилттай оролцож, Монголынхоо нэрийг дуурсгасан манай тамирчдын сүүлч яг одоо эх орондоо ирж байна.
Энэ үеэр “Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч сорьж, тавдугаар байранд орсон ОУХ Болдсайханы Хонгорзул сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Энэ удаагийн гаргасан амжилтдаа сэтгэл дундуур байгаа. Алтан медаль авах гэж зорьж явсан. Гэхдээ энэ олимп дараа, дараачийн том тэмцээнүүд, олимпын бэлтгэл боллоо. Маш олон зүйлийг сурч, туршлага сууж, сэтгэл зүйн хувьд ч гэсэн маш сайн бэлтгэгдсэн. Намайг энэ хүртэл дэмжсэн хүмүүст баярлалаа. Монгол руугаа яарч ирлээ. Багш маань намайг тосохоор гарч байгаад сонсоод үнэхээр их баярласан. Баянхонгор аймгаас эхнэртэйгээ хамт ирсэн байна. Баянхонгор аймаг руу, гэр рүүгээ явах гээд яарч байна. Маргааш буцна даа.
Энэ олимпоор хийсэн дөрвөн барилдаанд гараад өрөхөд огт халгах, бэргэх мэдрэмж төрөөгүй. Х.Марулис аваргатай хийсэн барилдааны хувьд тооцоолоогүй ганц хөдөлгөөн хийснээс болж ялагдсан. Энэ барилдаан надад жинхэнэ сургамж байлаа. Би хожигдчихоод уйлахгүйг хичээсэн. Ээжтэй ярьсан чинь, ээжийгээ хараад өөрийн эрхгүй уйлсан. Ээж, аав минь миний барилдаанд сэтгэл дундуур байгаагүй. Миний охин зүгээр ээ, энэ дөнгөж эхлэл. Чи олимпод явж ийм том туршлага суусандаа баярлах хэрэгтэй гэж сэтгэл зүйгээр дэмжсэн.
Дэвжээн дээрээс бууж ирээд би тийм мэх хийчихдэг байж гэж харамсахаас айдаг. Харамсахгүйн тулд өөртөө байгаа хүчээ 100 хувь дайчилж барилддаг.
2024 оны олимпод алтан медаль авах 100 хувийн зорилготой байгаа.Тэр бэлтгэл маань нэг жилийн өмнөөс биш, нэг сарын өмнөөс биш 2020 оны олимп дууссан өдрөөс эхлээд хийгдэж эхэлсэн. Сэтгэл зүйгээ ч гэсэн бэлдэж эхэлсэн гэж бодож байгаа” хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.