“Иргэд хүчирхийллийн гэрчийг илчилсэн алба хаагчид гомдол гаргах боломжтой”

Гэр бүлийн хүчирхийлэл нийгэмд ил гарахаас илүү, хаалттай хаалганы цаана үйлдэгддэг болсон нь нууц биш. Тиймдээ ч иргэд хөршийн холбоогоо сайжруулж, хүчирхийлэлд өртөж буй айлыг цагдаагийн байгууллагад мэдээлснээр гэмт хэрэг буурахыг уриалсаар...
Гэтэл зарим алба хаагчид "Хүчирхийллийн дуудлага өгсөн мэдээлэгчийг тухайн айлд нь барьж өгөөд байна” гэх иргэдийн гомдлын дагуу бид мэдээлэл бэлтгэсэн. Уг асуудлаар цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан тодруулга өгснийг хүргэж байна.
Тэрбээр: "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар гэрчийн мэдээллийг задруулсан, аюулгүй байдал алдагдуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдээгүй” болохыг онцлов.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ онд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал ямар байна вэ?
Та бүхний амрыг эрье. Улсын хэмжээнд энэ оны эхний 08 сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 156.678 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 25959 буюу 16.7 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 903 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 153 хэргээр буюу 20.4 хувиар өссөн. Энэ төрлийн гэмт хэргийн 56.0 хувь нь Улаанбаатар хотод, 56.6 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ.
Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгт 816 иргэн хохирсон, үүнээс 712 буюу 87.2 хувь нь эмэгтэй, 71 буюу 8.7 хувь нь хүүхэд байна. Харин цагдаагийн байгууллагад энэ оны эхний 08 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 5896 зөрчил бүртгэгдсэн. Зөрчил гаргасан 241 иргэнийг 35,500,000 төгрөгөөр торгох, 3992 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл ногдуулсан тоон мэдээлэл байна.
Цагдаагийн байгууллагад хоногт дунджаар гэр бүлийн хүчирхийллийн хичнээн дуудлага мэдээлэл ирдэг вэ?
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 100-150 дуудлага, мэдээлэл бүртгэгддэг. Тухайлбал, өнгөрсөн хоногийн хугацаанд нийт 136 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлсэн иргэдийн мэдээллийн нууцыг хэрхэн хамгаалдаг вэ? Энэ талаар хуулийн зохицуулалт байдаг уу?
Энэ асуултанд хариулахын өмнө гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн онцлогийг дурдах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын зарим нь хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй, зарим нь мэдсэн ч өөрийн нэр төр, гэр бүлийн нэр төрөө боддог, бас дахин хүчирхийлэлд өртөж улам их өвдөлт шаналал мэдрэхвий гэдэг айдсаасаа болж, түүнчлэн санхүүгийн хувьд ихэвчлэн хүчирхийлэл үйлдэгчийн хараат болсон байдаг учраас хуулийн байгууллагад ханддаггүй онцлогтой. Ийм учраас хүчирхийлэл урт удаан хугацаанд үргэлжилж, улам даамжирсан байдаг.
Гэр бүлийн хүчирхийллийн дээрх онцлогийг харгалзан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан гээд хүн бүр “мэдээлэх” үүрэгтэй гэдгийг хуульчилсан. Харамсалтай нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө гэр бүлийн хүчирхийллийг “мэдээлэгч”-ийн аюулгүй байдалд эрсдэл учирсаар байсан. Учир нь тухайн үед хүчирхийлэл үйлдсэн этгээд зөрчлийн хэргийн материалтай танилцахдаа хэн гэдэг хүнээс ямар утгатай дуудлага, мэдээлэл өгсөн талаар мэдэх боломжтой байсан.
Харин цагдаагийн байгууллагаас олон улсын байгууллага, төрийн байгууллага болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтран холбогдох газруудад санал хүргүүлсэний үр дүнд Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг шалгасан эрх бүхий албан тушаалтан нь хэргийн материалыг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд танилцуулахдаа хаанаас, хэнээс дуудлага мэдээлэл өгсөн, хөндлөнгийн гэрчийн өгсөн мэдүүлгийг хүчирхийлэл үйлдсэн этгээд болон өмгөөлөгчид нь танилцуулахгүй байх заалтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд оруулсан. Ингээд мэдээлэл задрах асуудал нэг мөсөн арилсан.
Урьд өмнө нь гэрчийн мэдээллийг задруулсан, аюулгүй байдал алдагдуулсан гэх гомдол, мэдээлэл хуулийн байгууллагад ирдэг байсан бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсноос хойш энэ талаарх мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Хэрэв хуулийн байгууллагын ажилтан хуулийн дээрх заалтыг зөрчиж мэдээлэгчийн нууцлалыг задруулсан бол хүлээх хариуцлага гэж байх уу? Ийм тохиолдол гарвал иргэд хаана хандаж гомдлоо гаргах нь зөв бэ?
Цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хууль зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд мэдээж хариуцлага хүлээнэ. Цагдаагийн албаны тухай хуулинд заасны дагуу гаргасан зөрчилд нь тохирсон сахилгын шийтгэл оногдуулдаг. Үүнээс гадна зөрчил дутагдал гаргуулахгүй байх, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр сургалт байнга зохион байгуулдаг.
Мөн дээрээс нь тухайн дуудлага, мэдээллийг хэрхэн шалгаж шийдвэрлэсэн талаар нь харьяа байгууллагынх нь дарга нар өдөр тутам хяналт тавьж ажилладаг. Хэрэв цагдаагийн албан хаагч ийм зөрчил гаргасан бол иргэд тухайн алба хаагчийн ажилладаг цагдаагийн хэлтсийн даргад гомдлоо шууд гаргах бүрэн боломжтой.
Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.