“IHC” КОЙНЫ ТОЙМ: Иргэд өм цөм зарж, ханш хөөсрөхгүй байгаа нь алдах эрсдэлийг багасгаж байна

Монголчуудын зах зээлд нэвтрүүлсэн хоёр дахь криптовалют IHC койн арилжаалагдаж эхлээд нэг хонолоо. Олон нийтийг койноо асар ихээр зарж, ханшийг хөөсрүүлэх вий гэсэн болгоомжлол байсан ч тэгсэнгүй. Өнөөдрийн байдлаар нэг IHC койны ханш 2.19 төгрөгт тогтоод байна.
ХАНШ ХӨӨСӨРСӨНГҮЙ: IHC КОЙНООС ХОЖИХ, ХОХИРОХ БОЛОЛЦОО
Ханш хөөсрөөгүй нь ямар сайн талтай вэ гэвэл, хохирох хүмүүс улам бага тохиолдоно л гэсэн үг. Койноо 0.3 төгрөг байхад нь захиалж авсан улс асар өндөр үнэ хүргэн зараад гарах. Харин энэ хэрээр ханш эргээд огцом буудаг тул, тэр өндөр үнээр худалдаж авсан хүмүүс нэг л өглөө унасан график харах эрсдэлтэй байв.
Харин IHC койны ханш бараг хоёр дахь зах зээлийн арилжаа эхэлсэн цагаас хойш тогтвортой 2 төгрөгт хэлбэлзэж байна. Энэ бол олон нийт бага дүнгээр койноо авч, урт хугацааны өсөлтөөс ашиг хүртэх боломж нь улам нэмэгдэж буй явдал юм.
Нөгөөтээгүүр, хохирох эрсдэл байсаар л байгаа. Тухайлбал, мэдлэг мэдээлэлгүй, энэ талын ойлголтгүйгээс болж хэт өндөр үнээр койн авах, эсвэл буруу цагтаа зарах гэх мэт хувь хүний сонголтоос хамаарсан алдаа хийх магадлал бий.
Жишээ гэхэд, койны арилжаа дөнгөж эхлэхэд нэг иргэн 30 төгрөгөөр худалдаж авсан. Энэ нь графикт нэг гоц өндөр зураас хэлбэрээр дүрслэгдээд үлдсэн юм. Уг нь зах зээлийн ханш нь 2 төгрөгтэй явж байхад хувь хүний өөртөө захиалсан үнээр санамсаргүй худалдаад авчихсан явдал. Одоо койны ханш 30 төгрөгт хүрч, түүнээс давах эсэхийг хэн ч мэдэхгүй. Таамаглал бол нэлээд урт хугацаандаа л 20 төгрөгөөс давах хүлээлттэй байгаа билээ.
ЭЕРЭГ, СӨРӨГ ХУДАЛ МЭДЭЭЛЛҮҮД ЭРСДЭЛ АВЧИРНА
Нэгэнт хувь хүний хожих, хохирох өөрөөс нь л шалтгаалж буй энэ нөхцөлд мэдлэг мэдээлэл, ойлголтоо зөв бүрдүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Койн гэж юу вэ, юу руу хөрөнгөө оруулж байгаа вэ, алдах ямар эрсдэлүүд бий вэ гэдгээ дахин дахин нягтлах шаардлага бий. Криптовалютыг зохицуулсан хууль манайд байхгүй. Одоогоор өргөн баригдаад буй хуулийн агуулгад хохирсон иргэний маргааныг шийдвэрлэх ямар ч заалт байхгүй талаар үүний өмнө бичиж байсан билээ.
Дэлхийн жишигт бол, койн авсан хүмүүсийн 10 хувь нь л хождог гэлцэнэ. Энэ үнэний ортой гэх. Учир нь ихэнх хүн огцом ашгийг өм цөм олох хүсэлтэй. Иймд ханшийн жаахан өсөлтийн үеэр койноо зардаг. Эсвэл ийм үеэр койн авдаг. Зүй нь, “Ард”-ын Ч.Ганхуягийн хэлдэгчлэн “Аваад дарвал” энэ нь урт хугацаандаа ашигтай хөрөнгө оруулалт болно гэдгийг анхаар гэж гаднын эдийн засагчид зөвлөдөг ажээ.
Иймд эерэг ч, сөрөг ч бай худал, төөрөгдүүлсэн мэдээллүүдээс ангид байж, өөрийн итгэл үнэмшлээ бий болгох нь чухал ажээ.
МАНАЙ САНХҮҮГИЙН ЕРТӨНЦӨД КОЙН АШИГТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МӨН ҮҮ
Хувь иргэнд өөрийн хөрөнгөө ашигтай хэлбэрээр өсгөх хамгийн энгийн боломж нь хадгаламж байдаг. Өнөөдөр дундаж хадгаламжийн хүү 10 хувьтай байна. Гэтэл инфляц улам галзуурч буй. Энэ намар мөнгө улам үнэгүйдэж, инфляц бараг хадгаламжийн хүүндээ дүйж очих дүр зурагтай байгаа талаар эдийн засагчид онцолж буй.
Ийм нөхцөлд хадгаламжинд мөнгө хадгалах нь инфляцын зөрүүгээрээ ямар ч ашиггүй буюу өсөлтгүй. За, хувьцаа худалдаж авах нь урт хугацаандаа ашигтай хөрөнгө оруулалт болох ч гаднын томоохон компаниудад хөрөнгө оруулахгүй бол дотоодын хувьцаанууд бага дүнд бага өгөөж өгдөг. Харин IHC койн АНУ-ын инфляцыг түвшинтэй уялдах зохицуулалттай тул гаднын зах зээлд гарсан хойноо үнэ цэн нь унахгүй байх хүлээлттэй юм. Иймд урт хугацаандаа хадгаламж, хувьцаанаас илүү ашигтай хөрөнгө оруулалт болох нэг нюанс бий.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Мэдлэг, мэдээлэл багатай олон нийтийн хувьд койны зах зээл мөрийтэй тоглоомоос ч эрсдэлтэй. Богино хугацаанд ашиг хийх гэсэн хүсэлтэй, асуудлыг хөрөнгө оруулалт талаас нь урт хугацаандаа харж чадаагүй хүмүүс дээр дурдсан 90 хувийг бүрдүүлдэг.
IHC койны хувьд хөөсрөлгүй, эрүүл дүнгээр арилжаалагдаж эхэлж буй нь хүмүүсийн ойлголт сайн байгааг илтгэж байна гэлтэй. 0.3 төгрөгөөр анхны захиалгаа өгсөн хүмүүст одоогийн 2 төгрөгөөр зарах бол мэдээж ашигтай. Гэхдээ өм цөм зарахгүй байна. Харин худалдаж авч байгаа нь ханшийн графикаас харагдах юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.