ЭДИЙН ЗАСАГ

Оюу толгойн ТУЗ энэ долоо хоногт хуралдаж, хэлэлцээг эрчимжүүлнэ

“Оюу толгой” ТУЗ энэ долоо хоногт хуралдахаар товложээ. Ингэхдээ бүрэн бүрэлдэхүүнээр, өндөр ач холбогдол өгсөн хэлбэрээр зохион байгуулагдах чигтэй байна.

Энэ хүрээнд ТУЗ-ийн дарга Г.Батсүх нарын зарим хүн Монголд ирээд байгаа аж. Мөн “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд ч Монголд ирсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэр мөн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг юм.

ТУЗ-ийн бүрэлдэхүүнд есөн хүн багтдагийн тав нь монгол хүн байгаа онцлогтой. Үүнд Г.Батсүх, Б.Болд нараас гадна Ерөнхийлөгч асан Н.Багабанди болон өнгөрсөн жилд шинээр томилогдсон З.Ган-Очир, Э.Баясгалан нар нэрлэгдэнэ. Сүүлд томилогдсон хоёр гишүүний хувьд “Оюу толгой төслөөс Монголын талд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлнэ, алдаа байвал засна” гэсэн шинэ Засгийн газрын бодлогыг барьж ажиллаж буй.

Харин Г.Батсүх, Н.Багабанди нар Оюу толгойн хэлэлцээ жил орчим хугацааны турш үргэлжлэхэд дуугараагүй байна. Ялангуяа Н.Багабанди Монголын төрд удаан хугацаанд ажилласны хувьд энэ асуудалд зарчмын байр суурь илэрхийлсэнгүй. Засгийн газар түүнийг аасах асуудал ярьдаг ч хэлэлцээ үргэлжилж буй чухал цаг хугацаанд тэр тодорхойгүй байр суурьтайгаар Монгол Улсыг “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д төлөөлж байгаа юм.

Б.Болдын хувьд Оюу толгойн хэлэлцээн дэх хөрөнгө оруулагч талын ажлын хэсгийг ахлан ажиллаж буй.

Засгийн газар болоод “Рио Тинто” группийн хувьд хэлэлцээнд тодорхой шийдвэр гартал шинэ мэдээллийг хэвлэл болоод олон нийтэд түрүүлж дэлгэхгүй гэсэн ойлголцолд хүрээд байгаа. Харин захидал шидэлцэх бус хэлэлцээний ширээний ард ажил хэрэгчээр сууж, шинэ он гарахаас өмнө асуудлыг мухарлах зорилт тавиад буй тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button