НийгмийнСПОРТ

Ирээдүйд улам гялалзах Ш.Энхийн-Од

NCAA-д ХӨЛ ТАВЬСАН МОНГОЛЫН АНХНЫ ТАМИРЧИН

Аавынхаа үргэлжлэл болж яваа Ш.Энхийн-Од NBA-ийн тамирчин болох мөрөөдөлдөө улам ойртсоор. Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү тэрбээр АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн дээд лигт нь тоглодог “Дэйтон”-ы их сургуулиас ирсэн тэтгэлгийн саналыг хүлээн авч буйгаа албан ёсоор зарлав. Ингэснээр Америкийн оюутны спортын холбоо (NCAA)-ны дээд лигт тоглох урилга гардаж авсан Монголын анхны тамирчин боллоо. Улмаар “Дэйтон”-оос драфтлагдан NBA-д тоглох том боломж түүнд бүрдэв.

ДӨРВӨН ИХ СУРГУУЛЬ ТҮҮНД САНАЛ ТАВЬЖЭЭ

2020 онд “Eastern Washington”, өнгөрсөн долдугаар сард “Rutgers”, есдүгээр сард “Providence”, “Dayton”-ы их сургууль Ш.Энхийн-Одод санал тавьж, тэтгэлэг амлажээ. Улмаар тэдгээрээс “Дэйтон”-ыг сонгожээ. Ингэснээр “Дэйтон”-ы их сургуулийн “Flyers” баг дахин нэг гадаад тоглогчтой болов. Тус багт Финланд, Бельги, Канад, Мали, Англи тоглогч бий.

“Дэйтон”-ы их сургуулиас NBA-д хөл тавьсан цөөнгүй тоглогч бий. Тэднээс хамгийн өндөр амжилтад хүрсэн нь хоёр удаагийн “Бүх одод” П.Жэксон. Өдгөө хамгийн өндөр амжилттай яваа нь “Нью-Йорк Никс” багийн тоглогч О.Топпин.

Нэгэн сонирхолтой баримт дурьдахад, Ш.Энхийн-Одын аав Ц.Шаравжамц гавьяат 2001 оны арванхоёрдугаар сарын 30-нд “Харлем Глобетроттерс” багийн хамт “Дэйтон”-ы их сургуульд зочлон тоглож байжээ.

19 настай Ш.Энхийн-Од мэргэжлийн сагсан бөмбөгчин болох зорилгодоо хүрэхийн тулд АНУ-ыг зорьсон цаг саяхан. “Дэйтон”-оос урилга авч, Америкийн оюутны лигт өрсөлдөх боломж түүнд амар олдоогүй. Өнөөг хүртэлх хугацаанд тэрбээр олон, олон саад бэрхшээл, даваа нугачааг давсан.

Ш.Энхийн-Од АНУ-д 2018 онд очихдоо Зениагийн “Legecy Christian” багт нэг улирал тоглохдоо 19 тоглолтод оролцон, 10.5 онооо дунджилжээ. Дараа нь Калифорнийн “Rrofic Prep” академийн багт хоёр улирал өрсөлдсөн. Улмаар энэ оны наймдугаар сард ISA багт нэгдсэн юм. Мөн тэрбээр өнгөрсөн зун “Midwest Basketball Club”-ийн “Rich Rolf”, “Centerville”-ийн “Gabe Cupps” багт тоглосон туршлагатай.

НАЙМАН НАСТАЙДАА САГСАН БӨМБӨГӨӨР ХИЧЭЭЛЛЭСЭН

“Аавынхаа үргэлжлэл болох ирээдүйтэй, авьяастай” гэж багаасаа үнэлэгдсэн Ш.Энхийн-Од багаасаа аав шигээ сагсан бөмбөгчин болохыг мөрөөдөн, найман настайдаа эл спортоор хичээллэжээ. Улмаар 11 настайгаасаа хойш тэмцээнд оролцож байгаа юм.

Ц.Шаравжамц гавьяат хоёр хүүтэй. Нэг нь Энхийн-Од, нөгөө нь Мөнхийн-Од. Ах Мөнхийн-Од нь мөн сагсан бөмбөг тоглодог. Тэрбээр дүүгээсээ дөрвөн насаар ах.

Ах, дүү хоёр хамтдаа УАШТ-д гурван удаа оролцож байжээ. Тэднийг, Ц.Шаравжамц гавьяатын гэр бүлийг сагсан бөмбөггүйгээр төсөөлөхийн аргагүй.

УАШТ-ий ШИЛДГЭЭР ДОЛООН УДАА ШАЛГАРСАН

Найман настайдаа сагсан бөмбөгийн спорттой амьдралаа холбосон Ш.Энхийн-Одын амжилт, ур чадвар өдрөөс өдөрт өссөөр байлаа. Тэрбээр УАШТ-ий найман түрүүтэй. Тэгэхдээ шилдэг тоглогчоор долоон удаа тодорсон бахдам амжилт түүнийх. Мөн УАШТ-ий гурван мөнгө, хоёр хүрэл медальтай.

ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДТЭЙ, УЛСЫНХАА ДЭВЖЭЭНД ШУУГИУЛСАН НЬ

Монголчууд тэр тусмаа сагсан бөмбөгийн хорхойтнууд түүнийг багаас нь мэдэх ч хэр авьяастай, ур чадвартайг нь улам бахадсан, мэдэрсэн тэмцээн бол 2019 онд Монголд болсон сагсан бөмбөгийн 3x3 төрлийн 18 хүртлэх насны ангиллын ДАШТ. Тус тэмцээнд Ш.Энхийн-Од багийнхаа гол тоглогч, ноён нуруу нь байж, аавынхаа залгамж болох ирээдүйтэйгээ харуулсан юм. Тус тэмцээнд Монголын сагсан бөмбөгчид Латви, Беларусь, Гүржийн багийг хожин, шилдэг наймд шалгарсан нь чамлахааргүй том амжилт.

Сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр тэмцээн оролцох битгий хэл бэлтгэл хийж ч үзээгүй байхдаа ДАШТ-д хүч сорьсон түүний хөл зовиурлан, санасан хэмжээнд тоглож чадаагүй. ДАШТ-ий дараа тэрбээр “Тоглолтын дараа өөрийн эрхгүй уйлсан. Зорилгодоо хүрч чадсангүй гэж бодохоор л шар гозойгоод. Уг нь ДАШТ-д түрүүлж, монголчуудаа баярлуулахаар зүтгэсэн юм сан. Тэмцээний дараа аав нь “Зүгээр ээ, миний хүү. Дэлхийн дэвжээ шүү дээ” гэж намайг тайтгаруулсан.

“Polifoc preb” академиас надад санал тавьсан гэж дуулсан. АНУ-д очихоороо тэнд бэлтгэл хийж үзнэ. Таалагдвал “Polific preb”-т сурна, таалагдахгүй бол өөр академи сонирхоно. Би ирэх жил (2020) “Prolific preb” сургуульд сурах бодолтой байгаа. Тус сургуульд Жэйлэн Грийн гэдэг шилдэг тоглогч бий.  Би тэнд хэр дасах, надад тоглох орон зай ямархуу байхаас шалтгаалан “Prolific preb”-д сурах, эсэхээ шийднэ.

Өмнө нь тав, ДАШТ-ий дараа хоёр сургууль сонирхож буйгаа илэрхийлсэн. Ямар ч тамирчинд санал тавихдаа тоглолтыг нь ганцхан үзээд бус, ур чадвар, зан ааш гээд олон зүйлийг нь багадаа 2-3 жил судалдаг юм билээ. Бэлтгэл хийн, сайтар судлан, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөж байгаад алинд нь сурахаа сонгоно” гэж байв.

ААВЫНХАА ДЭЭГҮҮР ҮСЭРЧ ТОХОН, ШУУГИУЛАВ

Ш.Энхийн-Од 2019 оны дээд лигт “Хангарьд Хан-Уул” багийн бүрэлдэхүүнд өрсөлдөн, хүрэл медаль хүртсэн. Тэр жилийн Бүх оддын тоглолтын цагариган дээрээс довтлох үзүүлбэрийн төрөлд өрсөлдөхдөө аавынхаа дээгүүр үсэрч тохох, шуугиулсан юм.

Үзүүлбэрийнхээ дараа Ш.Энхийн-Од “Цагариган дээрээс довтлоход онцгой үзүүлбэр чухал. Үнэнийг хэлэхэд би аавынхаа дээгүүр үсэрч тохохыг олон жил мөрөөдсөн. Хурдан өндөр болоосой гэж яараад л. Энэ жил нэлээд бодож байгаад энэ үзүүлбэрийг хийхээр шийдсэн юм. Бүх оддын тоглолтын өмнө аавд хэлээгүй. Тэмцээний үеэр их сандарч, догдолсон. Гүнзгий амьсгаа авч байгаад л аавд “Таны дээгүүр үсэрч тохно” гэж хэлэв. Үзүүлбэрээ анхны оролдлогоороо амжилттай болгоод их баярласан. Надад түрүүлэх бус, мөрөөдлөө биелүүлэх л чухал” гэсэн юм.

Харин Ц.Шаравжамц гавьяат “Саяхан л жаахан байсан хүү минь ийм том болоод, өнөөдөр гоё үзүүлбэр үзүүллээ. Хүүгээрээ бахархаж байна” гэсэн.

Ш.Энхийн-Одыг Монголд болсон ДАШТ-ий цагариган дээрээс довтлох үзүүлбэрийн төрөлд өндөр амжилт гаргах болов уу гэсэн хүлээлт олны дунд байв. Харамсалтай нь, хөлний зовиурын улмаас санасан амжилтаа гаргаж чадаагүй.

Ш.ЭНХИЙН-ОД НЭГ ТОГЛОЛТОД ХЭДЭН ОНОО АВСНАА ТООЛОХ ДУРГҮЙ

Тоглолт бүрд хэдэн оноо авч буйгаа тэмдэглэн, түүнийгээ ахиулахын төлөө чармайдаг тоглогч цөөнгүй. Ш.Энхийн-Одын хамгийн дургүй зүйл нь оноогоо тоолох. Хэдэн оноо авах бус, хожих, багаараа шилдэг байх л чухал гэж тэр үздэг.

Тэрбээр АНУ-ын Финикс хотод мэндэлсэн. Төрснөөсөө хойш тэнд хоёр жил амьдарсан юм. Ш.Энхийн-Од NBA-ийн тамирчин болж, эх орондоо сагсан бөмбөгийн академи байгуулахыг мөрөөддөг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 16, 2021 08:43

Монголд ирсэг юм уу

Зочин
Зочин
12 сар 16, 2021 08:44

Аавынхаа генийг авсан хөдөлмөрч хүү

Зочин
Зочин
12 сар 16, 2021 10:22

Монголчууд гадагшаа гараад л их том гэлтгүй гял�##�заад байх юм. Баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button