Н.Сэлэнгэ: Налайх дүүргийнхээ бүх худгийг ХАЛУУН УСТАЙ болгоно

Гэр хороололд амьдардаг иргэдийн хувьд худгаас зөвхөн хүйтэн ус авч, ашигладаг байв. Тэгвэл Налайх дүүрэгт халуун устай худгийг нэвтрүүлээд хэдийн гурван жил болжээ. Чандмань-Налайх ОНӨААТҮГ-аас анх 2019 онд халуун устай худгийг нээж, туршилтаар ажиллуулсан бөгөөд ийнхүү тав дахь худгаа тус дүүргийн нэгдүгээр хорооны дөрөвдүгээр худагт нэвтрүүлээд байгаа нь энэ аж. Цаашид дүүргийнхээ зургаан худагт эл ухаалаг технологийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.
Ташрамд сонирхуулахад уг худгаас нэг удаад 100 литр халуун ус авах боломжтой бөгөөд тодорхой хугацааны дараа /ус халсны дараа/ дахиад авах боломжтой гэв. Уг худаг нь түгээгч суух шаардлагагүй буюу смарт цэнэглэгч картын системтэй боловч, туршилтын хугацаанд түгээгч суулгаж, иргэдэд мэдээлэл өгч байгаа аж. Худгаас гарах халуун усыг зөвхөн ахуйн хэрэгцээнд ашиглах бөгөөд УНДАНД ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ГЭВ.
-ХАЛУУН УСТАЙ ХУДГИЙГ АНХ 2019 ОНД ТУРШИЛТААР НЭЭЖ БАЙСАН-

Бид уг ухаалаг худгийг хэрэглээнд амжилттай нэвтрүүлсэн Чандмань-Налайх ОНӨААТҮГ-ын химик Н.Сэлэнгэтэй холбогдож ярилцлаа.
-Юуны өмнө сар шинийн баярын мэндийн хүргэе.
-Баярлалаа. Танай сайтын хамт олон болон уншиж буй хүмүүстээ сар шинийн баярын мэндийг дэвшүүлье.
-Налайх дүүрэгт халуун устай ухаалаг худаг нээсэн байсан. Энэ тухай яриагаа эхэлье?
-Тэгье. Манайх халуун устай худгийг анх 2019 онд НҮБ-ын хөрөнгө оруулалтаар барьж байсан. Түүний дараа "Good neighbors" ТББ-ын тусламжтай халуун, хүйтэн устай дөрвөн худаг ашиглалтад оруулсан. Миний хувьд 2018 оноос хойш олон улсын байгууллагад худгийн тухай олон төсөл бичиж өгсөн. Бичсэн төсөл минь хэд хэдэн шалгаруулалтад ороод батлагдсанаар дүүргийнхээ 18 худгийг ухаалаг болгоод байна. Энгийн худгууд ч мөн бий.
-Налайх дүүрэгт хэчнээн халуун устай худаг байгаа вэ?
-Одоогоор хэрэглээнд нэвтэрсэн таван худаг бий. Сүүлд баригдсан туршигдаж буй хоёр худагтайгаа нийлбэл долоо болох юм. Цаана нь нээхээр төлөвлөсөн дахиад дөрвөн ч худаг бий. Халуун устай худгийг нэвтрүүлэхэд амар байгаагүй. Зардал ихтэй. 100 литрийн бойлууранд усаа халаасны дараа иргэдэд түгээх, цаашлаад халуун ус тасалдалгүй өгөх нь хүндрэлтэй.
-100 литр ус халаагаад, түүнийгээ иргэдэд түгээдэг гэхээр эрчим хүчний зардал их гардаг уу?
-Тийм ээ. Зардал өндөр гарна.
-Эрчим хүчний хэмнэлттэй аргаар ус халаах арга судалсан уу. Нарны эрчим хүчээр ч юм уу?
-Одоогоор өөр шийдэл туршаагүй байна. Цахилгаан ашиглаж бойлуураар халаасан усаа л иргэдэд түгээж байгаа.
-ХУДГААС 100 ЛИТР УС АВСНЫ ДАРАА ХҮЙТЭН УС ГАРАХ УЧИР УС ХАЛТАЛ ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ-
-Худгаас гарч буй халуун усыг хүнсэнд хэрэглэж болох уу. Хэрэв болохгүй бол санамж, сэрэмжлүүлгийг худагтаа байршуулсан уу?
-100 литрийн бойлуурт ус халааж байгаа. Цаанаасаа хэмээ тааруулна л даа. Хамгийн ихдээ 75 хэм хүртэл халаагаад, хоёр канистр ус авсны дараа араас нь хүйтэн ус түрээд гарч эхэлнэ. Шинэлэг технологи гэвэл мөн. Гэвч сайжруулалт хэрэгтэй байгаа. Хүнсэнд бус зөвхөн ахуйн хэрэглээнд хэрэглэхийг иргэдэд сануулж, хэлж байгаа.
-Эхний хүн усаа авсны дараа, бойлуур дахь ус халахад ойролцоогоор хэчнээн минут болдог вэ?
-Багаар бодоход л 40 минут болоод байх шиг байгаа. Эхний хүн хоёр канистр ус аваад л дараагаас нь хүйтэн болчихоод байгаа учир бас асуудалтай байна. 100 литр ус халуун, дараагийн 50 литр нь бүлээн. Цаадах нь хүйтэн байх юм. Тиймээс усаа дахин халаахад хугацаа шаардаж байна. Тасалдалгүй халуун ус гаргахад хүндрэлтэй байгаа.
-Халуун усаа иргэдэд ямар үнээр түгээж байна вэ?
-Одоогоор тавин төгрөгт л бодож өгч байна. Манай эдийн засгийн нөхцөлд энэ үнэ нь алдагдалтай гардаг. Гэхдээ Налайх дүүргийн хүн амын 75 хувь нь гэр хорооллын бүсэд амьдардаг. Тиймээс халуун устай худгийг нэвтрүүлснээр олон ажил хөнгөвчлөх юм. Наанадаж иргэд хувцсаа угаахдаа ус халаах шаардлагагүй болно.
-SEM компанийн инженерүүд халуун устай худгийг анх санаачлан хэрэгжүүлсэн гэх мэдээлэл түгээд байгаа. Үүнд тайлбар өгөөч?
-Энгийн бойлуураар усаа халаагаад түүнийгээ л иргэдэд түгээж байгаа шүү дээ. Үүнийг инженер санаачилна гэж юу байх вэ. Худгийнхаа ухаалаг төхөөрөмжийг л тухайн компаниас нийлүүлж байгаа юм. Гэвч тухайн төхөөрөмж нь өмнө нь санхүүжилт авч байсан компанийн нийлүүлж байсан төхөөрөмжөөс учир дутагдал ихтэй, дээр нь манайд алдагдалтай байгаа.
Та нар харсан бол ухаалаг худгийн урд шланк нь шатахуун түгээгүүрийнхтэй адилхан байгаа. Тэр нь өвлийн улиралд хөлдчихөөд байна. Өнөөдөр өглөө гэхэд л хошуу нь хөлдчихөөд ус гарахгүй байсныг гааздаж гэсгээсний дараа ашиглалтад оруулсан. Одоогоор туршилтад явж байна. Манайх тухайн компанийн төхөөрөмжийг хүлээж авах эсэхээ хараахан шийдээгүй.
-НАЛАЙХ ДҮҮРГИЙНХЭЭ БҮХ ХУДГИЙГ ХАЛУУН УСТАЙ, УХААЛАГ БОЛГОНО-
-Тухайн худгаас өдөрт хэчнээн литр ус гарсныг мэдэх боломжтой юу?
-SEM компаниас гаргаж байгаа ухаалаг төхөөрөмж манайд таалагдахгүй байгаа. Маш болхи. Тийм мэдээлэл байхгүй. Хуучин хэрэглэж байсан "Авто худаг" компанийн төхөөрөмж нь маш ойлгомжтой. Аль худгаас хэчнээн литр ус, хэдий хугацаанд гарсан нь тодорхой харагддаг байсан. SEM-ийнх зөвхөн усаа л гаргана. Өөр мэдээлэл гардаггүй.
-Одоо хэрэглээнд нэвтрээд байгаа таван худаг ямар байршилд байна вэ?
-Хамгийн эхний худаг нь Налайх дүүргийн гуравдугаар хороонд байсан. Дараагийн дөрөв нь I,III,IV,VII гэсэн дөрвөн хороонд "Good neighbors" ТББ-ын санхүүжилтээр барьсан.
-Цаашид халуун устай худгийн тоог хэд болгож нэмэгдүүлэх боломжтой вэ?
-Түрүүн хэлсэнчлэн миний хувьд олон улсын байгууллагад худгийн тухай олон төсөл бичсэн. Энэ жилийн хувьд зургаан хороонд зургаан шинэ худаг бариулж байна. Ухаалаг төхөөрөмжөө суурилуулаад хүлээлгэж өгөөд л бэлэн болох юм. Хоёр сардаа багтааж өгөх төлөвлөгөөтэй байна. SEM компанийн ухаалаг төхөөрөмж хүлээж авах эсэхээ хараахан шийдээгүй байгаа.
Зургаан худаг ашиглалтад орвол нийт 18 худгийг ухаалаг болгох юм. Манай дүүргийн хувьд ус түгээх 37 худаг бий. Үүний 18-ыг нь ухаалаг болгосон гэсэн үг. Цаашид бүх худгаа ухаалаг болгох зорилт тавиад байна.
-Бидэнтэй ярилцаж мэдээлэл өгсөнд баярлалаа.
Мэдээлэл өгөхөд иргэд смарт цэнэглэгч карт ашиглаж халуун ус олгодог худгаар үйлчлүүлэхээс гадна хүсвэл E-Mongolia цахим мэдээллийн сангаас авдаг төрийн үйлчилгээг худгийн ухаалаг төхөөрөмжөөс авах боломжтой байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag busgui yum aa. Amjilt husie