
Гуравдугаар сарын дунд үеэр ОХУ-ын Буриад Улсад олон үндэсний сээр шалгах “Алтан мундарга” тэмцээн болсон. Энэ наадамд Монгол Улсыг төлөөлж оролцсон О.Түмэнхишиг 10 даваа давж “Алтан сээр”-ийн эзэн болоод ганзага дүүрэн нутагтаа ирсэн юм. Түүнтэй мартагдах дөхөөд буй өв уламжлал, сээр шалгах наадгайн талаар ярилцлаа.
СЭЭР ШАЛГАХАД ЯМАР НЭГ ДОПИНГ, АРЫН ХААЛГА ГЭЖ БАЙХГҮЙ УЧРААС СПОРТЫН ТӨРӨЛ БОЛБОЛ АСУУДАЛ ҮҮСЭХГҮЙ
-Юуны өмнө “Алтан сээр”-ийн эзэн болсонд тань баяр хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Оюундалайн Түмэнхишиг гэдэг. Би Хөвсгөл аймгийн Ханх суманд төрж өссөн. МУИС-ийн Эрх зүйн оройн ангид суралцдаг. Өдрөөр нь борлуулалтын салбарт ажилладаг. Сээрийн спортод өөрийн сэтгэл зүрхээ зориулаад таван жилийн нүүрийг үзэж буй хүн байна.
-Та сая сээрийн спорт гэлээ. Сээр шалгах нь спортын төрөлд албан ёсоор тооцогддог болсон уу?
-Одоогоор хараахан орж амжаагүй байна. Хараахан шүү. Бид энэ хаврын “Бүх спортын их наадам” болохоос өмнө үүнийг спортын төрөлд албан ёсоор оруулахаар хичээж байгаа. Хэрэв спортын төрөл болгох бичиг цаасны ажлаа хөөцөлдөөд дуусгачих юм бол цаашид сээрийн спорт гэх шинэ хэллэг нэвтэрнэ.
Дөрвөн жилд нэг удаа “Бүх спортын наадам” гэж болдог. 2018 онд бүх спортын зургадугаар их наадам болсон. Үүнд Ш.Баярмөнх ах маань санаачилж тэмцээний төрөлд оруулж байсан удаатай. 2022 онд болох долдугаар их наадамд спортын төрөл болж, албан ёсоор оруулах гэж байгаа. Энэ үеэр маш олон тамирчдыг хамарсан тэмцээн болж өргөжнө.
Сээр шалгахад ямар нэг арын хаалга, допинг гэсэн зүйл огт байхгүй. Бүхний нүдэн дээр яг л уралдаж буй мэт ил болдог. Зөвхөн хугалж чадсан нь л дараагийн даваагаа давдаг дүрэмтэй учраас спорт болж хөгжихдөө ч төвөггүй.
СЭЭР ЦОХИХОД ОЛОН ЯНЗЫН БАРИЛТ, ТЕХНИКҮҮД БАЙДАГ
-Сээр цохиход техник их чухал байдаг бололтой. Зарим тохиолдолд хэдий бяртай, том биетэй хүн ч жижигхэн сээрийг хуга цохиж чадахгүй байгаа нь харагддаг. Ер нь ямар, ямар арга техникүүд байдаг вэ?
-Маш олон техникүүд бий. Ёс заншил маань дэлгэрсээр байна. Үүнийг дагаад залуусын цохих хэлбэрээс шалтгаалан цохилтын техникүүд шинээр нэмэгдэж буй. Үүнээс хамгийн өргөн дэлгэрсэн техник нь “Дархан дэлдээ” юм. Монголчууд дархан уртай, алх дөш хангинуулсан ард түмэн байсан. Балт, алх зэргийг доош нь хөвж, айраг бүлж байгаа мэт дэлдэж цохидог. Ихэнх залуус ийн цохидог л доо. Мөн “Талын бүргэд”, “Хадны бүргэд”, “Чингисийн цавчилт”, “Буриад /цавчих төрлийн/”, “Дархан дэлдээ”, “Ирвэс”, “Салхин тээрэм”, 360 буюу үсрээд эргэж буухдаа цохих техник, хоёр хөл завсраа цохих зэрэг техникүүд одоогоор өргөн хэрэглэгдэж байна. Мөн барилтын техникүүд бий. Үүнд хоёр хуруун завсраа салаавч байдлаар барих, атгах, базах зэрэг орно. Мөн сээрийг шалгахад хугарсан толгой хэсэг нь хол үсрээд байвал барилтын техникээ өөрчлөх хэрэгтэй.
-Энэ техникүүд эртний л байсан хэрэг үү?
-Тухайн жилийн сээр шалгах тэмцээний аварга ямар техникээр цохисноос хамааран тэр жилийн тренд сээр шалгах техник моданд ордог. 2020 оны “Алтан мундарга” тэмцээнд 19 настай залуу “Хадны бүргэд” техникийг үзүүлж, тэмцээний аварга болсон байдаг.
“Хадны бүргэд” техник нь халил өндөр хадан хавцал дээрээс далиа дэлгээд ангаа барих гэж байгаа мэт реакцыг үзүүлээд бүсэлхий орчимдоо хугалдаг. Энэ техник төдийгөөс хоёр жилийн хугацаанд тренд хэвээрээ дэлгэрсэн. Харин “Талын бүргэд” техник бол гутлынхаа хоншоорыг шүргэх шахан тонгойж цохидог.
-Та “Алтан мундарга”-2022 тэмцээнд ямар цохилтуудыг үзүүлж, хэдэн даваа давсны эцэст “Алтан сээр”-ийн эзэн болсон бэ?
-Энэ наадам бол ОХУ-ын Буриадын Төнхөн аймгийн Хойд голоос үүдэлтэй олон улсын наадгай юм. Тэр нутгийн “Алтан мундарга” уулын нэрээр нэрлэгдсэн эл тэмцээн 2013 оноос хойш тав дахь удаагаа зохиогдлоо. Манай Монголоос Батчулууны Энхболд ах маань өөрийн насны ангилалд нэгдүгээр байрыг шүүрч байсан удаатай.
Миний бие “Алтан мундарга” дөрөв болон тав дахь тэмцээнд хоёуланд нь оролцсон. Анхны орсон буюу 2020 оны тэмцээнд өөрийгөө олоогүй, өөрийн гэсэн техникгүй очсон. Тэр олон залуусын эрчим хүч энергид дайрагдаад хоёр л даваа давсан юм.
Хоёрхон сээр цохиж байсантайгаа энэ жилээ харьцуулбал 10 даваа давсан буюу 10 сээрийг цохисон. Үүнд газар газрын 490 шилдэг тамирчин оролцсоноос хагас шигшээд багтсан. Бөхөөр яривал шөвгийн дөрөвт шалгарсан хэрэг. Энэ нь миний хувьд маш том амжилт.
Тэмцээний үеэр Буриад, Халимаг, Тува, Өвөр Монгол зэрэг улсуудаас сээрийн ёс уламжлалыг дэлгэрүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа гурван хүнд “Алтан сээр” гардуулсан. Энэ сээрийг “Алтан мундарга” тэмцээн зохиогдсоноос хойш нийт гурван хүнд л өгч байгаа учраас Оскарын шагнал авч байгаа мэт л санагдсан.
Уг нь энэ тэмцээнд Монгол Улсаас 13 тамирчин Буриадыг зорсон боловч хил давж чадалгүй хад мөргөсөн. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд очтол дайны нөхцөл байдлаас болж УОК-оос Соёлын яамд хоорондоо албан тоот өгөх ёстой байж. Үүнийг нь ОХУ дахь элчин бичиг хийж өгсөн байх ёстой байсан юм билээ. Гэтэл бид түүнийг нь мэдэхгүй холбооны урилгаа аваад очсон. Маргааш өглөө нь тэмцээн болох гээд байдаг. Бид яараад Улаанбаатар хотод ирээд нислэгийн тийз өөрсдийн зардлаар авъя гэж шийдсэн. Гэтэл ганцхан ширхэг тийз үлдсэн байсныг нь мөнгө төгрөгөө зохицуулаад авах болсон. Ингэж л тэмцээндээ амжиж очсон доо.
УЛСАА ТӨЛӨӨЛӨӨД ГАНЦААРАА ОЧСОН УЧРААС НЭГ ТЕХНИКЭЭР ЕСӨН ҮЕИЙГ ДАВСАН

-Таны хувьд тэр тэмцээнд ямар ямар техникүүдийг үзүүлэв?
-Уг нь одоо хэрэглэгдэж байгаа техникүүдээс гадна өөрийн гэсэн техникүүдийг үндсэн техник шигээ ашиглаж чадахаар болсон. Гэвч би “Алтан мундарга” дээр харуулахыг хүсээгүй. Учир нь бүхэл бүтэн улсынхаа нэрийг бариад тэр том тэмцээнд оччихоод янз янзын техник үзүүлж байгаад алдаа гаргах вий гэсэн айдас байсан учраас эхний есөн давааг “Хадны бүргэд” техникээр давсан. Харин арав дахь даваан дээрээ зунаас хойш бэлдсэн “Талын бүргэд” техникээ үзүүллээ.
-Сээр цохиж, хугалах, шалгах гээд олон янзаар ярьж байна. Яг аль үг нь илүү оновчтой юм бэ, Ялгааг нь бас тайлбарлахгүй юу?
-Энэ нь тухайн нутаг нутгаас хамааран олон төрлөөр нэрлэж байна. Эдгээрээс миний бодлоор хамгийн зөв гэж үзэж байгаа нь “Сээр шалгах” нь зүй. Тухайн сээрийг дийлэх болов уу, үгүй юу гэдгээ барьж үзээд болц зэргээс нь шинжиж шалгана. Дараагаар нь цохиж үзээд өөрийн хүч тэнхээ, биеийг шалгаж байгаа юм. Харин цохих гэдэг нь ямар нэг бодлогогүй, зорилгогүйгээр зүгээр л цохиод авахыг “Сээр цохих” гэж хэлдэг. Мөн зарим нутагт “Сээр таших” ч гэж хэлэх нь бий.
-Сээрийн түүхий байх, болц нь гүйцсэн, мулз болсон зэрэг нь шалгах үед ямар ялгаагаар мэдэгддэг вэ?
-Сээр шалгадаг залуус туршлагатай болохын хэрээр ялгааг нь хугаралтаар нь мэдчихнэ. Сээрийг тасралтгүй 5-6 цаг чанахаар дотор хэм нь буцалж хэврэгшдэг. Дотор нь байдаг цусан гол буцалчхаар хүрэх төдийд үүрч унах нь холгүй. Хоол хийхдээ сээрээ хамт чанаад цаг болгочиход л болц нь яг тохирдог. Ерөнхийдөө гэрийн нөхцөлд чанасан сээр шалгахад хамгийн тохиромжтой.
Мөн гэрийн нөхцөлд чанасан л бол бөх болдог юм уу гэж залуус асууж мэднэ. Тэгвэл тухайн малын эдэлгээ болоод өвдөж байсан эсэхээс ясны бүтэц ихээхэн ялгаатай. Эрүүл малын махны бүтэц нь цус ясаараа буюу дундаа нөжөрсөн хэм багатай байдаг. Цусаа сэлгээгүй сарлаг малын яс маш бөх, хэмгүй, цул ясаараа байдаг. Харин үхэр, хайнаг, саваг, ортоом зэрэг цус холилдсон мал учир ясны бүтцэд өөрчлөлт орж, байгалиараа биш бат бөх чадваргүй байдаг.
МАЛЫН СҮЛД, СҮНСИЙГ АМИРЛУУЛЖ СЭЭРИЙГ НЬ ХУГА ЦОХИДОГ УЛАМЖЛАЛТАЙ
-Таныг ёс заншлын талаар яриасай гэж бодож байна. Сээрийг хуга цохихын бэлгэдэл нь юу вэ?
-Сээр нь тэнгэрт дэвшиж байгаа малын төрлийг олуулах наадгай гэгддэг. Малын хойдын төрлийг нь олуулахад малд гурван төрлийн сүлд байдаг. Цусны, ясны, махны гурван сүлд амирлаагүй тохиолдолд тухайн мал дараагийн төрлөө олж чаддаггүй гэсэн тэнгэр үзэл байсан юм. Тиймээс Монголчууд идсэн малын цус нь газартаа дэвтэж хатвал цус амирлалаа гэж үздэг. Харин тухайн оройноо мах, гэдэс дотрыг нь чанаж идээд ходоодонд боловсрохоор махны сүлд нь амирлалаа гэж үзнэ. Тэгвэл малын хар сээрэнд малын сүлд буй. Тэр хар сээрийг тухайн оройноо хугалсан тохиолдолд гурван сүлд нь дараагийн төрлөө олохоор тэнгэрт амгалан одлоо гэж үздэг аж. Хар сээр гэж яагаад нэрлэх болсон юм бэ гэхээр хар хүчийг өөртөө цуглуулсан байдаг учраас тэр. Айл гэрийн бүхий л муу, муухай ажлын сээрэн дээрээ хийж байсан учраас монголчууд хар сээр гэж нэрлэдэг. Энэ нь малын 13 сээрний 12 дахь нь юм.
-Та ярианы эхэн үед “Сээр шалгахыг спортын төрөлд оруулахаар бид зүтгэж байна” гээд олон тоон дээр хэлсэн ч яриаг чинь таслахгүйн тулд лавшруулж асуусангүй. Бид гэж ямар хүмүүсийг хамаатуулж хэлэв ээ?
-Манай “Монголын сээр цохих уламжлалын нэгдсэн холбоо” 2018 оны гуравдугаар сард үүссэн. Тухайн үед холбоонд биш хөдөө орон нутагт байсан. 2020 оноос албан ёсны гишүүн болж элссэн. Би “Монголын сээр цохих уламжлалын нэгдсэн холбоо”-ны удирдах зөвлөл гэж байгуулагдсаны удирдах зөвлөлд орсон. Одоогоор манай холбоо 10 гаруй гишүүнтэй. Холбооны тэргүүн маань Монголд морьт харваа, шувуулахуй, анч тайга нохой зэрэг уламжлалыг хөгжүүлж, тээж яваа н.Болдбаатар ахыгаа бид тэргүүнээр томилсон. Мөн “Малчин” телевизийн захирал н.Жаргалсайхан ахыг “Холбооны маань дэд ерөнхийлөгч болооч” гэх саналын дагуу ахалж байгаа. Мөн манай бүхий л зардал санхүүг “Joy” хариуцдаг. Бүхий л спонсор, маркетингийг хариуцдаг. Мөн манай н.Лхагва-Очир дүү маань сээр цохих уламжлалыг цахим хуудсаар маш сайн сурталчилдаг сэргэлэн хүү бий. Түүнчлэн Удирдах зөвлөлийн даргаар “Эзэн” клубийн үүсгэн байгуулагч Т.Бямбажав найз маань ажилладаг. Бусад хүмүүс маань миний адил гишүүний статустайгаар ажилладаг.
-Сээр шалгахад бүхий л амьдралаа зориулъя гэж бодъё. Гэвч энэ маань яг амьдралын баталгаа, орлого залгуулах эх үүсвэр болж чаддаг уу?
-Би анх сээр чанаж, цахим хуудсаар борлуулдаг байсан. Түүгээр хэсэг орлогоо залгуулдаг байсан л даа. Одоо бол тэмцээн уралдаан болоод аливаа газруудын маркетингд сээр шалгах байдлаар сурталчилж орлого олох боломжтой болсон. Гэвч хараахан тогтмол орлогыг бүрдүүлэх эх үүсвэр болоогүй. Бидний спорт болгоно гээд зориод буй ажил бүтэх юм бол тогтмол орлого руу хөтлөх боломжтой гэж харж байгаа.
СЭЭР ШАЛГАХ ТОМООХОН ТЭМЦЭЭНҮҮД ЗОХИОНО
-Сээр шалгадаг хүмүүс бэлдээд л байлаа. Ийн бэлдэж байгаад тэмцээн уралдаанд оръё гэхэд хэр нээлттэй, олон тэмцээн зохиогддог вэ?
-Энэ жилээс анх удаа “Алтан бүс” гэдэг тэмцээн болох гэж байгаа. Жилдээ нэг удаа зохиогддог фестиваль болгон өргөжүүлье гэж зорьж буй. Буриад улсын “Алтан мундарга” тэмцээнтэй дүйхүйц олныг хуралдуулан чуулдаг тэмцээн болгоно. Маш сайн зохион байгуулалттай жишиг тэмцээн зохиохоор манай холбоо ажиллаж байна.
-Сээр шалгахад ямар нэгэн дүрэм гэж бий юү?
-Сээр шалгахдаа үндсэн дүрэм нь сээрээ чанаж цэвэрлэсэн байх, үндэсний хувцсаа өмссөн байх, нүцгэн гараар барих, бугуйдаа ямар нэгэн зүүсгэлгүй байх зэрэг дүрэмтэй. Ингэхдээ жижиг сээрээс эхлэн хамгийн томыг нь цохих байдлаар үе ахина.
АНХЛАН СЭЭР ШАЛГАГЧИД ГАРАА БЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ
-Анхлан сурагчид гараа гэмтээх тохиолдол их байдаг юм билээ. Тэдэнд хандаж зөвлөгөө өгөхгүй юү?
-Анх сурч байгаа бол заавал гар болоод бугуй хэсгээ боож хамгаалаарай. Ер нь хамгийн сайн хамгаалалт бол савхин бээлий байдаг. Чигчий, ядам, дунд хуруугаа боож хамгаалах хэрэгтэй. Мөн том сээр бүү цохиорой. Нэгдүгээр ангийн мэдлэгийг аваагүй байж дунд ахлах ангийн мэдлэг рүү бүү үсрээрэй. Анхлан сурч байгаа л бол нэгийн даваанаас эхлэх хэрэгтэй. Үүнд бяруу, шүдлэнгийн сээрийг цохиж, гараа бэртээхгүй байх юм шүү. Энэ нь жижиг сээрүүд байдаг.
-Сээр цохиход гараа өвтгөхгүй цохих арга байдаг уу, Хугалаагүй байхад л маш их өвддөг тухайгаа цахимд бичсэн байдаг юм билээ?
-Сээр шалгахад биеийн хүчнээс гадна сэтгэл зүйн хүч хамгийн чухал. Биеийн хүчээр нэгийг сэтгэл зүйн хүчээр 1000-ыг дийлнэ гэдэг. Ямар ч сээр хараад үүнийг хугалж, дараагийнхыг үзнэ гэсэн бэлэн сэтгэл зүйтэй төвлөрөх хэрэгтэй. Нэг, хоёрын давааны сээрийг хугалдаг хэр нь бүдүүн сээр хараад сүрддэг бол сэтгэл зүйтэйгээ л ажиллах хэрэгтэй. Ялангуяа тэмээний том сээр хараад залуус их сүрддэг. Хэдийгээр эдэлгээнд орсон залуу атны сээр цул ясаараа голдоо ямар ч юмгүй байдаг ч түүнээс илүү сарлагийн эцэг малын сээр чанга байдаг юм шүү. Сэтгэл зүйг бэлтгэхдээ энэ сээрийг хуга цохичихъё гээд реакц ихтэй байж болохгүй сээрийг басахаар л алдчихдаг. Сэтгэл зүйн долгионыг тэнцвэржүүлж төвлөрөхийг л сэтгэл зүйгээ бэлдэх гэж хэлээд байгаа юм.
-Цахим орчинд бага насны хүүхдээр сээр шалгуулж байгаа бичлэг мэр сэр үзэгддэг. Үүнд иргэд яс нь бэхжээгүй хүүхдээр сээр шалгуулах нь эрсдэлтэй гэж шүүмжилдэг л дээ. Энэ тухай таны бодлыг хүргээд ярилцлагаа өндөрлүүье.
-Буруу цохивол хүүхэд гэлгүй том хүн ч алга, бугуй сарвууныхаа савхан ясыг бэртээх маш өндөр эрсдэлтэй. Анхнаас нь зөв техникээр сургачихвал дөрөв, таван настай хүүхэд болон эмэгтэйчүүд цохих боломжтой. Хамгийн гол нь чиглүүлгийг зөв өгөх хэрэгтэй.
Би ч мөн сэтгэлийн долгионыг барьж чадахгүй сээрээ басаж байгаад бэртэл, гэмтэл ач байсан удаатай. Яарч сандарч, биеэ барьж цохисноос болж бугуй, бугалганы ясаа хугалж, зөөлөн эдээ бэртээж байсан удаатай.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ айраг ууж бөөлжих, сээр хуга цохих энэтэр одоо юунд хэрэгтэй монгол ухаан гэдгийг тэнэг надад тайлбарлах ухаантан бна уу
Сээр ш�##�гах гэдэггүй юмаа м�##�нуудаа!!! Өвөг дээдсээс уламжилж ирсэнээр нь "Сээр чичих" хэмээн нэрийдмой.