НЭГ ДОРООС| Нээлттэй сонсголд хэн, ямар байр суурь илэрхийлж байна вэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ зохион байгуулж буй Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг нэг дор багцлан мэдээлж байна.
ШУУД ҮЗЭХ ХОЛБООС:
Ингээд Хөгжлийн банкны зээлтэй холбоотой анхны нээлттэй, хяналтын сонсгол 21:10 минутад өндөрлөлөө.
НЭМЭЛТ 20:30
Х.Ганхуяг: Хөгжлийн банкнаас зээл авах үед гишүүн болохыг мөрөөдөж, зүүдлээ ч үгүй явсан

Хөгжлийн банктай холбоотой нээлттэй сонсгол төрийн ордонд болж, өндөрлөж байна. Энэ үеэр хөгжлийн банкнаас хамаарал бүхий этгээдээрээ зээл авахуулсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үг хэлэв.
Тэрбээр "Би сүүлийн 20 жил бизнес хийсэн хүн. Аав ээжийгээ тэтгэвэрт гарсны дараа бизнесээ эхлүүлсэн. Манай компанид 1000 гаруй залуус ажилладаг. Хоёр жил гүтгүүллээ. Тэр манай эгчийн компани. Авсан зээл нь экспортын зориулалттай зээл авсан. Ковидоос болж экспортоо хийж чадаагүй сүүлийн 13 сар сул зогссон. Ингэхдээ хүүгээ бүгдийг нь төлж ирсэн. Өнөөдрийн байдлаар 33 тэрбум гээд байгаа зээлийн үндсэн төлбөрт 12 тэрбум, хүүнд 9.6 тэрбумыг төлсөн байдаг. Өнөөдрийн байдлаар 20 тэрбумын үлдэгдэл байна. Зээл авах үед би гишүүн болохыг мөрөөдөж, зүүдлээ ч үгүй явсан. Гишүүн болсноосоо хойш сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулж байгаа.
Өнөөдөр Б.Баттөмөр гишүүн Хөгжлийн банкны зээлдэгчдийн хамаарал бүхий улстөрчид гээд зарласан. Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын нэрийг хассан дээр байх шүү. Тэгж гүтгэж болохгүй. Б.Баттөмөр гишүүн та өөрөө Бэрэн группт хувьцаа эзэмшдэг шүү. Өөрөө шалгуулах хэрэгтэй" гэлээ.
НЭМЭЛТ: 18:00
Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банкны 762 тэрбумын зээлийг төсөвт шилжүүлнэ гэсэн яриагаа татаж аваарай

Хөгжлийн банктай холбоотой нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул тус банкны төлөгдөх боломжгүй болсон 762 тэрбум төгрөгийн өрийг Засгийн газарт шилжүүлэх санал гаргасан.
Энэ тухай тэрбээр хэлэхдээ: Хөгжлийн банкны 762 тэрбумын багцыг Засгийн газарт шилжүүлж, үр ашигтай зардал мөн эсэхийг Засаг дээрээ шийдэх нь зүйтэй гэдэг саналыг бидний зүгээс гаргаж байна. Төрийн өмчит ААН-үүдийн авсан 762 тэрбумын зээлийг задалбал Монголын газрын тос, Эрдэнэс Монгол, ТОСК, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын ТЭЗҮ-г санхүүжүүлсэн. Энэ 762 тэрбум банкны хувьд эргэн төлөгдөх боломжгүй болсон" хэмээсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ саналыг үгүйсгэсэн. Тэрбээр “762 тэрбум төгрөгийг улсын төсөв рүү шилжүүлэх тухай яриа байхгүй. Энэ саналаа С.Мандуул захирал татаж аваарай. Улсын төсөв энд тэндхийн хогийг санхүүжүүлэхгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө шүү" гэлээ.
НЭМЭЛТ: 17.30
Х.Булгантуяа: Ам.долларын ханш өсөж, урд хил хаагдсанд ААН-үүд буруугүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсголын үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Мэдээлэл их сонслоо. Одоо чи, би гэж яриад нэмэргүй байх. Манай улсын нэр хүнд одоо яригдаж эхэллээ. Ийм болчихсон банкийг ирж удирд гээд хэн удирдах юм. Хөгжлийн банкны н.Бат-Оргил гэдэг захирал Кью Эс Си компанийн хувьцаа эзэмшигч гэсэн мэдээлэл бий. Өөрөө өөртөө зээл олгоод, өөрөө өрөө хариуцдаг байж болох юм уу. Ийм том сүлжээ яваад байхад хуулийн байгууллага яг юу хийсэн юм бэ. Цементийн үйлдвэртэй хэдэн улсыг барьж идэхээ шахаж байх шиг байна. Бид 2016 онд ажлын хэсэг гаргаад, дүгнэлт хийгээд, хуулийн байгууллагад заримыг нь шилжүүлсэн байсан. Үүндээ маш тодорхой бичсэн л байсан. Телевизийн сурталчилгаанд маш их мөнгө зарсан. Сурталчилгаа хийхгүй л бол хүн ирж зээл авахгүй байсан юм шиг. 2016 онд худалдан авсан нийт гэрээний үнийн дүн 1.2 их наяд. Дийлэнхийг нь сурталчилгаанд зориулсан. 2016 оны сонгуулийн өмнө энэ гэрээнүүд зурагдсан байдаг. ТӨХК-иудын урсгал зардалд баахан мөнгө гаргачихсан. Цаашид одоо яах юм бэ, дарга нар аа. Нийгэм тэр аяараа бухимдаж байна. Иргэд ипотекийн зээлээ ч төлж чадахгүй байхад хэсэг хүмүүс ингээд зээл авчихдаг юм байна. Энэ аягүй бол 10 жилийн хэрүүл хийнэ. Хэдэн хүн шоронд хийнэ, тэд нь ихдээ хоёр жил суугаад гарна. Гэтэл энэ мөнгийг Хөгжлийн банк олон улсад төлнө шүү дээ. Хөгжлийн банк төлж чадахгүй гэвэл бонд, зээлүүдийн эргэн төлөлтийг улсын төсвөөс төлөх юм уу.
Коронавирус гарахаас өмнө зээлээ хэвийн төлж байсан ААН-үүдтэй өөрөөр ярьж болохгүй юм уу. Ам.долларын ханш өссөнд, урд хил хаагдсанд тэд буруутай биш ш дээ. Хөрөнгийг нь барьцаалчихлаа, тэгэхээр яаж өрөө төлөх юм. Хөтөлийн үйлдвэрийг төр авчихлаа, та нар үйлдвэр ажиллуулж чадах юм уу. Өнөөдөр яагаад ТӨБЗГ-аас хүн байхгүй байгааг гайхаж байна. Бид ТӨХК-иудын өрийг юу гэж төлөх юм бэ. Цэцэрлэг сургууль, эмнэлгээ барьж чадахгүй байхад. Одоо чанаргүй гэж зарласан компаниудад чинь гэрээ олдохгүй, бараа бүтээгдэхүүнийг нь хүн худалдаж авахгүй шүү дээ. Хоёрдугаарт, яагаад ийм ялгаатай хүүтэй зээлүүд өгсөн юм бэ. Заримд нь бүр ам.долларын зээл өгчихсөн" гэлээ.
НЭМЭЛТ: 16:28
Ж.Эрхэмбаатар: "Хангай" хотхон барьцаанд байгаа учир гэрчилгээ гарахгүй байх эрсдэлтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. УИХ-ын гишүүд хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуулт асууж, тодруулж байна.
Энэ үеэр Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Эрхэмбаатар хэлэхдээ "“Бэрэн” групп хоёр чиглэлээр зээл аваад эргэн төлөөгүй. Тиймээс “Хангай” хотхон барьцаанд байгаа шүү. Худалдан авлаа ч гэрчилгээ гарахгүй байх эрсдэлтэй учраас иргэдэд сэрэмжлүүлж байна" хэмээсэн юм.
НЭМЭЛТ: 14:55
Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөнийг яллагдагчаар татжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсголын үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд тус банктай холбоотой асуудалд холбогдсон Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөнийг сул, чөлөөтэй явж байна хэмээв.
Харин Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Надад ирсэн мэдээллээр энэ хүн яллагдагчаар татагдсан. Яллагдагчаар татсан хүмүүст заавал таслан сэргийлэх арга хэмжээ авдаггүй. Нөхцөл байдлаас шалтгаалж мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор өөрийн хэмжээндээ ямар таслан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэдгээ шийддэг. Шүүхээр баталгаажуулдаг. Ийм л хуулийн зохицуулалттай" гэлээ.
Тэгвэл Г.Дөлгөөн нь Хөгжлийн банкны "Эрсдэлийн удирдлагын захирал"-аар ажиллаж байсан учир яллагдагчаар татсан гэдгийг АТГ-ын дарга З.Дашдаваа ч батлав.
НЭМЭЛТ: 14:50
Н.Алтанхуяг: Толгойлогч нь нөгөө муу "Женко" Х.Баттулга бид хоёр юм байна л даа

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тус банкны зээлтэй нэр холбогдсон улс төрд нөлөө бүхий 20 хүнийг АТГ-т шалгуулахаар өгч байгаагаа зарласан.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр, "Өнөөдөр тэр Б.Баттөмөрийн танилцуулгаас харах юм бол энэ бүх дампуурлыг толгойлж байгаа нь нөгөө муу "Женко" Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр юм байна л даа. Тэгж гаргаж байна шүү дээ. Битгий ингэж улстөрж л дөө, ямар сонин юм. Надад ямар ч хамаарал байхгүй. МАНАН-гийнхан байгаа, хайж ол. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхболд байгаа. Үүнээс илүү яаж толгойг нь зааж өгөх юм, та нарт" хэмээсэн юм.
НЭМЭЛТ: 14:41
Ц.Даваасүрэн: Ирэх жил оройн цагаар айлуудын цахилгааныг тасалдаг болно

УИХ-ын гишүүд хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуулт асууж, тодруулж байна.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "2017 оны Ажлын хэсгийн дүгнэлт гарахад 17 ААН зөрчилтэй байсан. Үүний 11 нь төрийн өмчит ААН байсан. Яагаад тэр үед цэгцлээд, төлүүлээд, хувьчлах арга хэмжээ аваагүй вэ. Нэг анхаарал татаж байгаа ААН нь Газрын тосны үйлдвэр байгаа. Жилийн 10% хүүтэй зээл авсан. Энэ төсөл Энэтхэгийн Засгийн газраас өчнөөн өндөр зээл авсан. Газар дээр нь боссон юм байна уу?" хэмээн асуусан.
Үүний хариулт болгож ДЦС-уудын зээлийг талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр, "ДЦС-уудын тухайд жил бүр эрчим хүч дулааны хэрэглээ 60-90 МВт, 500 ккал-аар өсдөг. Амгалангийн ДЦС байгаагүй бол өнөөдрийн шинэ барилга байгууламжууд ашиглалтад орохгүй байсан. ТЭЦ-3, 4 дээр нэмэлт өргөжүүлэлт хийсэн нь зөв. Ирэх жилээс шинэ барилга байгууламж ашиглалтад оруулахад хүнд болно. Оройн цагаар айлуудын тогийг тасалдаг болно. Яагаад гэвэл жил тутам өсөж байгаа хэрэглээг шинэ эх үүсвэрээр хаана. Хоёр жилийн хэрэглээг хаахын тулд ТЭЦ-3-ын хэмжээний станц барих ёстой. Гэтэл барихгүй байна. Станцууд зээлээ төлж чадахгүй байгаа нь үнийн асуудалтай холбоотой. Үнээ нэмэхээр дулаан, эрчим хүчний үнэ өснө. Хэрэглэгчдэд очиж төлөгдөх хэрэгтэй болно. Хэрэглэгчдэд тохохгүй байя гэвэл улсын төсвөөс төлөх болно" хэмээн хариуллаа.
НЭМЭЛТ: 14.00
З.Дашдаваа: Зээлийн асуудлаар нэг ч гишүүнээс байцаалт АВААГҮЙ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо УИХ-ын гишүүд хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуулт асууж, тодруулж байна.
ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд асуулт асуулаа. Тэрбээр "Дөрвөн төрлийн хариуцлага байна гэж харж байна. Нэгт, хуулийн хариуцлага. хоёрт, улс төрийн хариуцлага, гуравт, ёс зүйн хариуцлага. Дөрөвт, санхүүгийн хариуцлага. АТГ-ын удирдлагууд ирсэн байх ёстой. Байгаа бол асуулт байна. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн болон гишүүнээр ажиллаж байсан хэн хэнээс мэдүүлэг авсан бэ. Тэр Х.Баттулга, "Сахал" Д.Эрдэнэбилэгээс мэдүүлэг авсан уу. Ямар нэгэн улстөрийн нөлөө, дарамт шахалт байна уу. Тодорхой хариулт өгмөөр байна. Хүмүүсийн нүд рүү харж байгаад хариулаарай. Тэгээд энэ өрийг Засгийн газраар төлүүлэх гээд байгаа юм уу Н.Мандуул аа, би ойлгосонгүй. Юун Засгийн газраас, татвар төлөгчдөөс мөнгө гаргуулах вэ" гэлээ.
Үүнд АТГ-ын дарга З.Дашдаваа болон Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар хариулт өглөө.
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Эхлээд яагаад энд сууж байгаагаа тайлбарлая. Хурал удирдаж байгаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан бичиг ирүүлсэн. Намайг оролцоно уу гэж нэр заагаагүй. Энэ сонсгол хэлэлцэх үед хуулийн байгууллагыг дуудсан болохоор хүндэтгэн хүлээж авна. Хүндэтгэсэн учраас ирж сууж байна, суух ч ёстой. Гэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрөө ирээгүй хүн явуулсан мэтээр мэдээлэл түгээж болохгүй.
Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлийн 29 хэрэг, мөрдөн байцаалтын 12 хэрэг явж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа гэдэг нь тодорхой хэргээр яллагдаад, яллагдагчаар татагдсан нөхцөлд явагддаг. Энэ бол 12 хэрэг байна. Харин 29 хэрэг дээр нотлох үйл ажиллагаа явагдаж байна. Ямар ч хүн дээр ялгамжтай хандахгүй. Улс төрийн нөлөөлөл байхгүй, байх ч ёсгүй" гэлээ.
АТГ-ын дарга З.Дашдаваа: "Одоогоор мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүд болон нэр дурдсан хүмүүсийг байцаагаагүй байна. Яллагдагчаар татагдсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хорьж цагдах үндэслэл байвал хуулийн дагуу арга хэмжээ авдаг" хэмээн хариулт өглөө.
НЭМЭЛТ: 13.00
С.Одонтуяа: Бүгдийг нь луйварчид гэж хандаж болохгүй

УИХ-ын гишүүд Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар асуулт асууж, тодруулж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ, "Ирээдүйд олгох орлогоор зээл олгосон нь маш ноцтой асуудал хүргэсэн. Би зээл авсан хүмүүсийг буруутгамааргүй байна. Бага хувийн хүүтэй зээл олдоход хэцүү. Зээл олгосон, банкны ТУЗ-д байсан хүмүүс бүгд өндөр албан тушаал хашиж байна. Энэ болж байгаа юм уу. Хөгжлийн банкны асуудал өндөр түвшинд яригдаж байна. Нэг зүйлд санаа зовж эхэлж байна л даа. Бүх асуудалд нухацтай хандах шаардлагатай. Түүнээс хавтгайруулж бүгдийг нь луйварчид гэдэг хэлбэрээр хандаж болохгүй. Нэгт, маш олон ажлын хэсэг гарсан. Энэ шалгалтыг бүгдийг нь нууцын зэрэглэлээс гаргаж чадсан уу, зарим нь гараагүй юм шиг санагдаад байна. Хөгжлийн банк бол 2016 он хүртэл шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч байсан. Харин 2016 оноос хойш яагаад гэнэт доройтчихов оо. 2017 онд зөвлөмж гаргахад 17 ААН зөрчилтэй байсан. Үүний 11 төрийн өмчит ААН байсан. Тэр үед яагаад цэгцлээгүй юм бэ. Үүн дотор Газрын тосны газар байгаа. Энэ байгууллага Энээтхэгээс ч зээл авсан. Газар дээр нь босч байгаа зүйл бий юу" гэх асуултыг тавилаа.
Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хэлмэгдүүлэлт явах вий гэдэгтэй санал нэг байна. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд идээд уучихсан юм шиг ойлгож байна. Бид шүүхгүй, хууль шүүхийн байгууллага шалгана. 2019 онд хийсэн Засгийн газрын шалгалтын дүн нийтэд ил болсон. 2016 онд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхний хийсэн шалгалтын дараа нэг ч хүнийг шалгаагүй. Шалгаж хариуцлага хүлээлгэсэн бол ийм зүйл болохгүй байх байсан. С.Одонтуяа гишүүнтэй санал нэг байна. Зээл авч байгаа биш олгож байгаа хүндээ байна. Тухайн үед нь ялгаж салгасан бол ийм асуудал гарахгүй байх байсан" хэмээн хариуллаа.
НЭМЭЛТ: 12.30
Б.Эрдэнэбат: Хөгжлийн банкнаас 20 тэрбумыг зээлсэн, эргэн төлөлт хугацаа алдсан

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
Энэ үеэр "Эрэл" компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, "Манай компани дотроо 13 аж ахуйн нэгжтэй. Ихэнх нь дэд бүтэц, барилгын материалын үйл ажиллагаа эрхэлдэг. Үүн дотор Байшин үйлдвэрлэл комбинатыг орчин үеийн технологид нэвтрүүлсэн. Эко ногоон үйлдвэрлэл юм. Бид олон улсаас есөн сая ам.долларын зээл олж ирсэн. Хөгжлийн банкнаас Чингис бондын 14 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 20 тэрбум төгрөгийн зээлийг авсан. Уг төслийг хугацаанд нь ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан. Гэвч нэг жилийн хугацаа алдсан. Дараа нь өөрсдийн олж ирсэн хөрөнгөөрөө төслөө дуусгасан. Гэр хороолыг дахин төлөвлөх, олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх стратегийн чухал ач холбогдолтой төсөл. Төсөл маань дөрөв дэх жилдээ зогсолтын байдалтай байна. Засгийн газрын тогтоолоос үүдэж, төлбөрийн хүнд нөхцөл байдал үүссэн. Төр, засгаас очиж төсөлтэй танилцсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүртэл очиж танилцаж байсан. Үүнээс хойш байшин болоод амины орон сууц, цэцэрлэг, сургууль зэрэг загварын байруудыг бариулсан" гэв.
НЭМЭЛТ: 12.15
Н.Мандуул: 762 тэрбумын багцыг Засгийн газарт шилжүүлэх санал гаргаж байна

Хөгжлийн банктай холбоотой нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул тус банкны төлөгдөх боломжгүй болсон 762 тэрбум төгрөгийн өрийг Засгийн газарт шилжүүлэх санал гаргав.
Тэрбээр энэ тухай хэлэхдээ, Хөгжлийн банкны 762 тэрбумын багцыг Засгийн газарт шилжүүлж, үр ашигтай зардал мөн эсэхийг засаг дээрээ шийдэх нь зүйтэй гэдэг саналыг бидний зүгээс гаргаж байна. Зээлийн багцаа анализ хийхээр 1.8 их наяд төгрөг дээр 400 тэрбумын зээлийг арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. 2.2 их наядын багц дээр энэ ондоо арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний гуравны нэг нь төрийн өмчит ААН-үүдэд олгосон зээл байгаа. Төрийн өмчит ААН-үүдийн авсан 762 тэрбумын зээлийг задалбал Монголын газрын тос, Эрдэнэс Монгол, ТОСК, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын ТЭЗҮ-г санхүүжүүлсэн. Энэ 762 тэрбум банкны хувьд эргэн төлөгдөх боломжгүй болсон. Оны төгсгөл гэхэд чанаргүй зээлийн хувийг 12-иос доош буулгахаар ажиллаж байна. Ингэсэн тохиолдолд Хөгжлийн банк хэвийн банкаараа ажиллах боломжтой" хэмээлээ.
НЭМЭЛТ: 12.00
Б.Баттөмөр: Хөгжлийн банкнаас 4.1 тэрбумын зээл авсан компаниас хэдэн үхэр л үлдэж

Хөгжлийн банкнаас "Сэлэнгийн герефорд" ХХК-д 4.1 тэрбум төгрөгийн зээл олгосон ч өнөөдөр тухайн компанийн эзэн нь олдохгүй, хэдэн үхэр л үлдсэн байна гэж Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч мэдэгдлээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Өнөөдөр тухайн компанийн эзэн нь олдохгүй байна. Баахан үхэр л үлдсэн байна. Энэ асуудлыг АТГ-т өгч, шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.
"Сэлэнгэ герефорд"-д Д.Батбаяр захирлын үед Хөгжлийн банк зээл өгч байжээ.
НЭМЭЛТ: 11.30
Хөгжлийн Банкны найдваргүй НАЙМАН зээлдэгчийн шүүхийн шийдвэр гарчээ

Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр Хөгжлийн Банканд 2019 онд хийсэн шалгалтын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр "Хөгжлийн Банк зээлээ төлөөгүй найдваргүй зээлдэгчийг шүүхэд өгч, 959.2 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас хойш дараах компаниудын шүүхийн шийдвэр гарсан" гэв. Тодруулбал,
- Кю Эс Си ХХК
- ТОСК ХХК
- Инсада Инстери ХХК
- Ган хүдэр орд ХХК
- Дэд бүтцийн инженеринг ХХК
- Мон лаа ХХК
- Эрд хул ХХК
- Болор шүр гэсэн компаниуд багтжээ.
Харинэ шүүхийн шатны явцад
- Анхан шатанд -10
- Магадлах шатанд - 1
- Хяналтын шатанд -6
- Шийдвэр гүйцэтгэл дээр -8 зээл байгаа бол
АТГ 10 зээл, Эрүүгийн цагдаагийн газар 3, Дүүргийн цагдаагийн газар 2 зээлийг тус тус шалгаж байна.
НЭМЭЛТ 11.12 ЦАГТ
Б.Баттөмөр: Х.Баттулга, Н.Алтанхуяг нар давуу эрхээ ашиглаж, ЗЭЭЛ олгожээ

Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын үеэр УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсгээс хяналт, шалгалтынхаа дүнг танилцууллаа.Танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хийсэн юм. Тэрбээр,
"Хөгжлийн банкны зээл бол хөгжлийн зээл биш байна. Нийт 37 зээлдэгч зээлээ зориулалтын бусаар ашигласан. Зээлээ зориулалтын дагуу ашигласан 28 компани байна. Зориулалт нь нотлогдоогүй 18 компани байна. Хэвийн зээлдэгч 17 байна. Анхаарал хандуулах дөрвөн зээл байна. Чанаргүй 44 зээлдэгч байна. Нийт 7.4 их наяд төгрөгийг олгосон байна" хэмээлээ.
"Улс төрчдийн нөлөө, хамаарлын тухай хэдэн зүйл хэлье. Ажлын хэсэг хүнийг гэм буруутайг нь тогтоохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Хөтөл" ХК, ТОСК, Шинэ Яармагтай холбоотой төсөлд давуу эрх олгосон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалын асуудал дээр давуу эрх олгосон" гэлээ.
НЭМЭЛТ 11.06 ЦАГТ
Хөгжлийн банкны асуудлаар АТГ-т шалгуулах 19 улстөрчийн нэрийг ЗАРЛАЛАА

Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын үеэр АТГ-т өгч шалгуулах шаардлагатай нэр бүхий 19 УИХ-ын гишүүд, улс төрчдийн нэрийг зарлалаа. Тодруулбал,
- Х.Баттулга /Монгол Улсын Ерөнхийлөгч асан/
- Н.Алтанхуяг /Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн/
- С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/
- Г.Дамдинням /УИХ-ын гишүүн/
- Х.Ганхуяг /УИХ-ын гишүүн/
- Г.Амартүвшин /УИХ-ын гишүүн/
- М.Билэгт /УИХ-ын гишүүн асан/
- Ч.Ундармаа /УИХ-ын гишүүн асан/
- А.Сүхбат /УИХ-ын гишүүн асан/
- Ц.Шаравдорж /УИХ-ын гишүүн асан/
- Ц.Гарамжав /УИХ-ын гишүүн асан/
- Д.Хүрэлбаатар /Үндэсний аудитын газрын дарга асан/
- Лхамсүрэн /дэд сайд асан/
- Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн асан/
- С.Пүрэв /Сангийн дэд сайд асан/
- Л.Элдэв-Очир /УИХ-ын гишүүн асан/
- Б.Хурц /ТЕГ-ын дарга асан/
- Н.Батбаяр /Эдийн засгийн хөгжлийн сайд асан/
- Л.Энх-Амгалан /Боловсрол шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн/ нарыг "Хөгжлийн банк"-нд хяналт шалгалт хийх Ажлын хэсгээс АТГ-т өгч шалгуулна гэдгээ мэдэгдэв.
НЭМЭЛТ: 10:30
Хөгжлийн банкны нээлттэй сонсголд захирал нь ИРЭЭГҮЙ байна

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал ярилцаж, сонсгол хийж байхад тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул ИРЭЭГҮЙ байна. Чухал асуудал хэлэлцэж байхад түүнийг ирээгүйд УИХ-ын гишүүд бухимдсан юм. Улмаар ирүүлэхийг шаардав.
Энэ дагуу нээлттэй сонсгол даргалан явуулж буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Н.Мандуулыг яаралтай ирэхийг үүрэгдлээ. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхий аудитор Д.Занданбат, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарыг ирүүлэхийг үүрэгдэв.
Хэрэв дуудсан хугацаанд ирэхгүй бол Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг санууллаа.
НЭМЭЛТ 10:25 ЦАГТ
Б.Лхагвасүрэн, Д.Занданбат, Б.Жаргалсайхан нарыг НЭЭЛТТЭЙ СОНСГОЛД яаралтай ирэхийг ҮҮРЭГДЛЭЭ

Нээлттэй сонсголд зарим холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирээгүй, дэд захирлуудаа явуулсанд УИХ-ын гишүүд бухимдалтай байна. Улмаар дарга нарыг ирүүлэхийг шаардацгаав.
Энэ дагуу нээлттэй сонсгол даргалан явуулж буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэр бүхий дарга нарыг яаралтай ирэхийг үүрэгдлээ. Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхий аудитор Д.Занданбат, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарыг дуудуулсан юм.
Хэрэв дуудсан хугацаанд ирэхгүй бол Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг санууллаа. Эдгээр албан тушаалтнууд нь чиг үүргийн хувьд өнөөдрийн хэлэлцүүлэгт цаг үеийн мэдээллийг өгч, өмнө нь хийгдэж байсан хяналт, шалгалтын асуудлаарх бодит тайлбарыг хийх учиртай юм.
НЭМЭЛТ 10:00 ЦАГТ
Н.Алтанхуяг: Энэ шоу хийдэг сэдэв биш, хэвлэлийнхнийг байлгах шаардлагагүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ зохион байгуулж буй Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Сонсголын эхэнд УИХ-ын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал хэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
Б.Энхбаяр, Т.Доржхандтай санал нэг байна. Энэ бол шоу хийдэг сэдэв биш. Парламентынхаа танхимд хариуцлагатай болоод хариуцаж байсан хүмүүс нь сууж байж ярилцах ёстой. Олон нийт түүнийг сонсох, харах ёстой. Эртээд та бүхэн шоу хийж байна лээ. Аудитын дүгнэлтийг түшиж ярих ёстой. Д.Хаянхярвааг Сангийн сайд байхаас эхэлж Монголд анх 600 сая ам.долларын евро бонд боссон юм.
Бүгд Чингис бонд гээд ганцхан бонд мэддэг. Энд хэвлэл мэдээллийнхэн асуух шаардлагагүй. УИХ нь энд байж ярилцмаар байна. Баахан гудамжинд сууж байгаа хүмүүс орж ирээд байна. Тэгвэл энд би УИХ-ын гишүүн гэж суух ямар хэрэг байгаа юм. Тэгэхгүй бол энд орж ирсэн хүмүүс энэ үйл явц яаж явсныг мэдэхгүй. Тэгэхгүй бол энэ чинь шоу болно шүү" хэмээлээ.
НЭМЭЛТ 09:50 ЦАГТ
Т.Доржханд: Хамгийн их зээл авсан "сахал" Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нарыг дууд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Нээлттэй сонголд УИХ-аас Хөгжлийн банкийг шалгах чиг үүрэгтэй байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, зээлдэгчдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тус банкны төлөөллүүд болон холбогдох албаныхан оролцож байна.
Хяналтын сонголын эхлэлд УИХ-ын гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энд орлогч нарыг байлгах шаардлагагүй. Дарга нарыг авч ир. Монголбанкны дэд Ерөнхийлөгч биш Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өөрөө ирэх хэрэгтэй. Мөн Ерөнхий аудитор өөрөө ирмээр байна. Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны захирлуудыг байлгамаар байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Тантай санал нэг байна. Өчигдөр надаас баахан дарга нар чөлөө авсан. Яасан ч их өвчтэй, зовлон гачигдалтай байдаг юм.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Эрх барьж буй намын дарга Л.Оюун-Эрдэнэ болон генсек Д.Амарбаясгаланг дууд. Яагаад гэвэл камер харж байгаа иргэдэд амлалт өгсөн шүү. Арчдилсан намын удирдлага аль талд байна удирдлагуудыг нь дууд. Яагаад гэвэл Ардчилсан нам, МАН засаг барьж байхад хулгай гарсан. Хамгийн их зээл авсан "Сахал" Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нарыг дууд. Хамгийн их зээл гаргасан Ерөнхий сайдууд нь энд байж байх шиг байна. "фортуна" Н.Батбаярыг ч бас дууд" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй чанаргүй зээл авсан ТӨХК-иуд олон бий. Өнөөдөр тэд яагаад энд ирээгүй юм. ТӨБЗГ-ынхан энд ирж, өр зээлтэй ТӨХК-иудын асуудлыг ярих ёстой.
ЭХЛЭЛ 09:30 ЦАГТ
Ерөнхий хяналтын сонсголд 120 гаруй хүн оролцож байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Ерөнхий хяналтын сонсгол 09:00 цагт Төрийн ордон эхлэсэн бөгөөд 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж байна.
Тэрбээр "Өнөөдөр 120 гаруй оролцогч оролцож байна. Сонсголын ажиглагчаар дөрвөн хүн оролцож байна. Хэвлэл мэдээллийн 21 байгууллага оролцож байна. Улс төрийн намын төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөл болон яамдын холбогдох албан тушаалтнуудаас гадна Хөгжлийн банк бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заа яг зөв
Адьшаа зөв хэлсэн байна
120 гаруй төлөөлөгчид гэнэ үү пөөөх
Үр дүнтэй хэн сонсгол болоосой доо
Yostoi goy buh medeelel neg dor bayrlala
Бат Эрдэнэ ч бөөрөнхийлсөн хогийн нөхөр л бна.Доржхандад өстэй юм уу.Зөв л шаардлага тавьж бна лээ.Сэтгүүлч хүн бж ёс зүйтэй бгаач.Олон хүн дотроос дургүй хүнийхээ нэрийг цохож пост бичиж энэ тэр
Т.Доржханд тэргүүтэй хэдэн агсам юмнууд баахан попрох бололтой.
СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ҮХРИЙН ЗЭЭЛИЙН АСУУДЛААР ЖАДАМБААГИЙН ЭНХБАЙРААС АСУУ ТЭР МЭДНЭ. ЭЗЭН НЬ. ЖДҮ-ГЭЭС БАС ЭНЭ ФЕРМ ГЭГЧЭЭР ЗЭЭЛ АВЧ ХУЛГАЙ НЬ БАРИГДАЖ БАЙСАН ШҮҮДЭЭБҮҮ МЭДЭН БУДИЛ БАТТӨМӨР ӨӨ
Энэ ч ямар ч үр дүнгүй хэдэн жижиг загасаар туг тахиад өнгөрөх МАН ын найруулсан жүжиг
хүний шунал дуусдаггүй юм бна улс эх орноосоо хэн урваж хэн сүйрүүлж байлаа түүх давтагддаг бололтой юм