
“Балар эртний цадиг-II” үзэсгэлэн 9-р сарын 19-ны пүрэв гарагийн 18:00 цагт нээлтээ хийх гэж байна.
Уг үзэсгэлэнгээр Монголчуудын уламжлал шүтлэг бөө мөргөлийн тухай түүх өгүүлсэн эд өлгийн зүйлс, эрт эдүгээгийн зайран удгадын онгод шүтээн, хувцас хэрэглэлийг дэлгэн танилцуулж байгаа. Мөн энэхүү үзэсгэлэн сүүлийн жилдээ дэлгэгдэж, нэн ховор өв дурсгалыг олны хүртээл болгоно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Хоёр дах удаа нээгдэж байгаа үзэсгэлэн энэ жил эртний халх зайрангуудын хуяг хувцас, хэц хэнгэрэг, зан үйлдээ ашиглаж ирсэн бусад зүйлсийг цогцоор нь багтаасан дэглэлттэй гэдгээрээ анхаарал татаж байна. Мөн нээлтийн үеэр 15 бөө хэц хэнгэрэгээ зэрэг дэлдэж тэнгэрийн шүншгийг шингээсэн амьтай үзмэрүүдийг аргадаж хурсан олонд хүндэтгэл үзүүлэх юм байна.
“Балар эртний цадиг-II” үзэсгэлэнг Т.Ангар зайран санаачлан зохион байгуулж Үлэг гүрвэлийн төв музей хамтран ажиллаж байгаа юм. Үзэсгэлэнгийн нээлтэд сонирхсон хүн бүр ирэх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88004231 дугаараас лавлах боломжтой.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.