Сурвалжилга, Нийтлэл

МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР: Эмчдээ үзүүлдэггүй, эмээ уудаггүй 2000 иргэн группээс хасагдсан

Манай улсын нийт иргэдийн 60 гаруй хувь нь их, бага хэмжээгээр халамжийн үйлчилгээ хүртдэг. Тодруулбал 2,169,152  иргэн халамж хүртдэг хэмээх статистик мэдээ байна.

Харин үүнээс 105 мянган иргэн хөдөлмөрийн чадвар алдалт буюу групп тогтоолгожээ.  Тэгвэл 2021 онд 66 мянган иргэнд хяналт шалгалт хийхэд 3700 зөрчил илэрснээр, 2000  иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэврийг зогсоосон талаар бид өмнө нь мэдээлж байв. Улмаар төсвийн 17 тэрбум төгрөгийг хэмнэсэн гэж албаны хүмүүс тайлбарлаж буй.

Хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр нь зогссон иргэд дунд 1998 оноос хойш ямар нэг танил талаараа оношилгоо шинжилгээ гаргуулж, нэг ёсондоо хуурамч бичиг баримтаар халамж авдаг иргэн ч байжээ.

КЭЙС: ГРУППТ ОРОХ ШААРДЛАГА ХАНГАДАГ Ч АЛБАН ЁСООР СУНГУУЛААГҮЙГЭЭС ХАСАГДЖЭЭ

Тодруулбал иргэн Ц.Н-ын хувьд 1998 оноос хойш төрөлхийн бөөрний өвчтэй гэсэн оноштойгоор саяхныг хүртэл группийн мөнгө авдаг байсан бөгөөд анх группд орохдоо тэтгэмж нь 50 мянган төгрөгөөс эхэлсэн аж. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Группээ сунгуулж амжаагүй учраас зогссон. Группийн мөнгийг ямар нэгэн эмчилгээ хийлгэх, эм тариа худалдан авахад зарцуулаагүй. Гэр бүлийн амьжиргаанд хэрэглэдэг байсан” гэлээ.

Иргэн Ц.Н нь эхнэр гурван хүүхдийн хамт мал маллан амьдардаг. Групп тогтоолгохдоо аймгийн төвд байх хамаатныхаа эмчид хандаж “аргалуулдаг” байж. Эндээс харахад хөдөө орон нутагт ямар нэг аргаар танил талаа ашиглан групп тогтоолгож халамж хүртэгсэд мэр сэр байдаг байдаг гэдэг нь харагдаж байна.

Нөгөө талаар, группт орох шаардлагыг эрүүл мэндийн байдал нь хангадаг хэдий ч албан ёсоор сунгуулдаггүй, танил талын эмч нартаа ханддаг иргэд ч байдгийг харуулж байгаа юм. Иймд эрүүл мэнд нь шаардлагад нийцдэг ч өөрсдийн хариуцлагагүй байдлаас үүдэн группээ цуцлуулсан иргэд дээрх 2000 хүн дунд байна.

ИНФОГРАФИК: МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭН ДЭХ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН ХҮМҮҮС

ХНХЯ, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн ийм төрлийн зөрчлүүдэд хариуцлагын арга хэмжээ авчээ. Харин 2022 онд ч мөн адил хөдөлмөрийн чадвар алдалтаараа улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаа аймгуудыг шалгана гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж байна.

Ингээд хөдөлмөрийн чадвар алдалтаараа аймгууд ямар байгаатай танилцана уу.

“КАРТЫН ҮЗЛЭГ ДУТУУ ЯВСАН ХҮМҮҮС ХАСАГДСАН”

Хяналт шалгалттай холбоотойгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Ш.Анхбаяраас зарим зүйлийн талаар асууж тодрууллаа.

- ХНХЯ-наас хөдөлмөрийн чадвар алдалтыг улсын хэмжээнд шалгах ажлыг АТГ, ЦЕГ, ЭМЯ зэрэг байгууллагуудтай хамтран хийсэн. Ажлын үр дүн хэрхэн гарав?

-Энэ ажлын үр дүнд улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 110.4 мянга буюу нийт хүн амын 3.4 хувь эзэлж  байсан. Харин 2021  оны  эцэст  105.6  мянга  буюу  5 мянгаар  буурч,  нийт хүн амд эзлэх хувь 3.2 болсон. Манай яамнаас баримталж буй гол зарчим бол групп авдаг хүний тоог хасахдаа гол нь биш дүрэм журмаа барьж ажиллах ажилчид, иргэдийг бий болгож байгаа юм. Хамгийн гол зүйл нь төрийн мөнгийг хэмнэх, хууль журам дотоод шийдвэрийг баримталж тодорхой шаардлагыг биелүүлж байвал тодорхой өвчтэй хүмүүс бүгд группд орж болно. Зарим иргэдийн дунд группд орчихвол мөнгөтэй болно гэсэн хандлага ажиглагддаг. Хандлагыг өөрчлөх ёстой. Группийн мөнгийг зөвхөн өвчтэй хүн авна. Тухайн хүн нөхөн сэргээлгэх эмчилгээ, эм тариандаа зарцуулах ёстой болохоос амьжиргаандаа ашиглах нь буруу.

-Группээс хасагдсан хоёр мянган  иргэний гол хасагдах шалтгаан нь юу байсан бэ. Үнэхээр эрүүл байж танил талаа ашиглан группийн мөнгө авах иргэд байв уу?

-Янз, янз байна. Хамгийн гол гаргасан алдаа нь оношилгоо шинжилгээ нь дутуу, эмчдээ үзүүлдэггүй, эмээ уудаггүй, өвчтөний картын үзлэг нь дутуу байсан иргэд л хасагдсан байна. Сүүлийн хоёр жил цар тахалтай байсан үед үзлэг харьцангуй дутуу хийгдсэн байж болох юм. Цар тахалтай холбоотойгоор эмнэлгийн ачаалал зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн байж болно. Гэхдээ хүн өвчин эмгэгээ эдгээхийн тулд эмнэлгийн байгууллагадаа үзүүлж, эм тариагаа уух л хэрэгтэй. Мөн мэргэжлийн салбар зөвлөлийн зүгээс тухайн тогтсон хугацаандаа эдгэрсэн хүмүүс ч энэ тоонд орж байгаа.

-Хасагдсан иргэд хэдэн жил групп авсан байсан бэ?

-Бүгд нэгээс дээш жил авч байсан хүмүүс.  Арван хэдэн жил авч байсан хүн ч байна. Гэхдээ яг манайхаас нарийвчилж гаргасан зүйл байхгүй.

“ХАСАГДСАН ХҮМҮҮС ОНОШИЛГООНДОО ХАМРАГДААД, ЭРГЭЭД ГРУППД ОРЖ БОЛНО”

-Оношилгоо шинжилгээндээ орж амжаагүй иргэдийг хассан гэлээ. Энэ иргэд үзлэг оношилгоондоо хамрагдаад буцаад группдээ орж болох уу?

-Болно. Нийтдээ 451 өвчний жагсаалт баталсан. Сая ЭМЯ-ны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын А758, А197-р тушаалаар 84 өвчин нь хугацаагүй хамрагдаж болохоор болсон. Энэ 84 төрлийн нэг өвчнөөр өвчилсөн хүмүүс дахин дахин үзлэг шинжилгээнд орохгүй шууд хамрагдана.

Харин үлдсэн хүмүүсийг хяналтын эмч өвчтөний биеийн байдал, үзлэг шинжилгээний дүнг харгалзаж үзээд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох жагсаалтад заасан болзол нөхцөлийг хангаж байвал аймаг дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эмнэлэг хяналтын комиссын хурлаар оруулах ёстой.

Уг хурлаас группийн хувь болон хугацааг тогтоох, сунгах, цуцлах тухай саналыг ЭХМК-т илгээнэ. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь Эмнэлэг хяналтын комиссын санал, өвчтөний биеийн байдал, үзлэг шинжилгээний дүн, эмчилгээний үр дүн зэргийг харгалзан үзэж иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг шийдвэрлэнэ. Дээрх хоёр мянган иргэний  дунд эмчдээ үзүүлж, шинжилгээндээ орж амжаагүй хасагдсан хүмүүс ахиад группээ тогтоолгоод буцаад орж болно.

“САНААТАЙ ГЭХЭЭС ИЛҮҮ САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАЖ БАЙГАА ХҮМҮҮС ОЛОН”

-Хөдөлмөрийн чадвар алдалтыг ямар тохиолдолд цуцалдаг вэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Иргэний биеийн байдал сайжирсан, эмчлэгдэн эрүүлжсэн, эдгэрсэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үүднээс иргэн цуцлуулах хүсэлт гаргасан, жагсаалтад хугацаа дууссан зэрэг тохиолдолд группийг цуцална. Мөн эмчийн заавар зөвлөгөөг удаа дараа биелүүлээгүй, эмчийн үзлэг хяналтад хамрагдаагүй, эмчилгээ, сувилгаа хийлгээгүй бол группийн хувь, хугацааг цуцлах шийдвэр гаргадаг.

-Группээс хасагдсан хоёр мянган иргэдийн олонх нь эмчилгээ, оношилгоондоо хамрагдаж амжаагүй иргэд гэж ойлгож болох нь. Гэхдээ хэн нэг танил талаа ашиглан групп тогтоолгосон иргэд байсан уу?

-2021 оны засгийн газрын 67-р тогтоол дээр хариуцлагын системийг оруулж өгсөн. Тиймээс тийм иргэдийн тоо одоо буурч байна. Санаатай гэхээсээ илүү санамсаргүй алдаа гаргаж байгаа хүмүүс олон. Таньдаг эмчээрээ бичиг хийлгэдэг мэр сэр тохиолдол байна. Тиймээс хяналт шалгалт хийх болсон шүү дээ. Цаашдаа байнгын шалгалт хийнэ. 2022 онд улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаа аймгуудыг шалгана.

-Санаатай зөрчил гаргасан эмч, холбогдох албаны хүмүүс болон иргэдэд хариуцлага тооцсон уу?

-Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Эндээс харахад, ХНХЯ-наас хийж буй хяналт шалгалтуудын хүрээнд эрүүл мөртлөө  татварын мөнгөнөөс халамж хэлбэрээр хүртдэг иргэд цөөрч, улсын төсөв хэмнэгдэж буй нь сайшаалтай.

Харин нөгөө талаас үнэхээр группд хамрагдах хэмжээний өвчтэй байж өөрийн эмчилгээ, оношилгоондоо хамрагдаж чадаагүй байдлаас болж ч группээсээ хасагдсан хүмүүс байна. Тэд буцаж группээ тогтоолгох боломжтойг албаны хүн сануулж байгаа юм.

Х.УМААХАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
уншигчъ
уншигчъ

Үнэхээр групп-д орох өвчингүй мөртлөө групп-д ямар нэг аргаар орсон бол хасах нь зөвөө. Харин тухайн хүн өвчтэй мөртлөө эмчдээ үзүүлдэггүй, эмээ уудаггүй гэдэг бол группээс хасах шалтгаан биш. Байнга эмчид үзүүлээд байх шаардлагагүй байж болно шдээ. Бас эмээ авч ууж чадахгүй хүмүүс байна. Гэх мэт олон шалтгаан байж болно. Гэтэл бөөн сүр бадруулаад иймэрхүү захиргааны аргаар хасаад байвал хэцүү шүү дээ. Сайн ялгаж салгаж үзээрэй дээ.

Зочин
Зочин

Груупэээр амьдраад ажил хийх сонирхолгүй болсон

Зочин
Зочин

Амьдрах арга

Зочин
Зочин

Манай улсын нийт иргэдийн 60 гаруй хувь нь их, бага хэмжээгээр халамжийн үйлчилгээ хүртдэг. Тодруулбал 2,169,152 иргэн халамж хүртдэг хэмээх статистик мэдээ байн Их л бхйна ш тээ

Зочин
Зочин

Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг бас эмчид байнга үзүүлж, эм авч уусангүй гээд группээс нь хассан уу?

Холбоотой мэдээ

Back to top button