Далайн эрэгт кофе шоп ажиллуулдаг Э.Арьяабазар: Жижигхэн газрын хүмүүс сайн хүний синдромтой болчихдог

"Далайн эргийн охин" нэрээрээ нийгмийн сүлжээнд танигдсан Э.Арьяабазар Бээжинд их сургууль төгсөж, магистрын зэрэг хамгаалсан.
Гэвч тэр төрж өссөн Хөвсгөл далайгаа түшиглэн кофе шоп нээн ажилуулж байна. Ажлаа бусадтай хуваалцаж, суралцах орчин байлгах зорилгоор тэр сурагчдыг сурган кофе шоптоо ажиллуулж байна. “Зүрх зүсэм бялуу” хийдэг “Arya Café”-н эзэнтэй ярилцлаа.
-СУРАГЧДЫГ ЦАГААР АЖИЛЛУУЛЖ, ЦАЛИНЖУУЛЖ ЭХЭЛСЭН-
-Өөрөө бялуу хийж сурах санаа анх хэзээнээс бодит болж эхэлсэн бэ?
-Би Бээжинд оюутны байранд байхдаа анх бялуу хийж эхэлсэн. Дотоод сүлжээгээр нийтлэхэд оюутнууд дуртай хүлээн авч, сүүлдээ бүр захиалга өгч, асуудаг болсон. Тэгж л анх бялуу хийвэл болох юм байна гэдэг итгэл төрсөн гэж хэлж болно. Монголдоо ирээд хотод кафе, кофе шоп ажиллуулж болох байсан л даа. Гэхдээ намайг арван жилийн сурагч байх үед манай суманд ийм газар байсан ч болоосой гэж боддог байсан учраас нутагтаа очиж эхлүүлэхээр шийдсэн.
-Энэ нь нэг талаараа соёл түгээж байгаа хэлбэр шүү дээ?
-Хүнд хэрэгтэй зүйл хийх нь амьдралын гол утга учир гэж ойлгодог. Хийсэн зүйл маань хүмүүсийн амьдралд, орчинд, харах өнцөгт эерэгээр нөлөө үзүүлж байгааг харах сайхан шүү дээ. Намайг сурагч байхад хүмүүс найруулдаг кофе л уудаг байсан. Гэтэл одоо Хатгал, Мөрөнгийн хүүхдүүд их өөр болсон. Кофены соёл, нэр төрөл, хэрэглээ гээд бүх талын мэдлэгтэй болохоос гадна манайд цагийн ажил хийж байна. Манай кофе шоп цагийн ажилтан хэд хэдээр нь сургаж авсан. Сурахад илүүдэхгүй, хэрэг л болно. Энэ хэрээр кафегаа хуваалцдаг, суралцдаг орон зай байлгахыг хүсдэг.
-Танай бялууны амт, кафены орчин хүмүүст сайнаар үнэлэгддэг юм билээ?
-Массын бялуунаас их ялгаатай. Цөөн тоогоор үйлдвэрлэгддэг, стандартад нийцсэн. Аль болох шинэлэг амтыг хүмүүст санал болгодог, үзэмж сайтай, бүтээлч байдлаараа ялгардаг байх. Орчны хувьд өөрийнхөө сонирхолтой гэсэн бүгдийг шингээхийг хүсдэг. Пянз тоглуулагч, номын сан, интернет, сандал ширээ гээд л бүх зүйлд анхаарна. Нөгөө талаар манайх хүмүүсийн болздог, ажил ярихдаа уулзахаар төлөвлөдөг, хүүхдийн хичээлээ хийдэг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар болж байгаад баярладаг. Намайг гээд зориод ирсэн шиг дотно, дулаан мэдрэмж авдаг даа.
-ЖИЖИГХЭН ГАЗРЫН ХҮМҮҮС САЙН ХҮНИЙ СИНДРОМТОЙ БОЛЧИХДОГ-
-Зорьж ирдэг хүрээлэлтэй болж амжсан уу?
-Би багадаа ном их уншдаг хүүхэд байлаа. Бага байхад манай сум 24 цагийн тоггүй байсан болохоор орой лааны гэрэлд хүртэл уншдаг байсан. Одоо бол яруу найрагт их хайртай. Тэр ч утгаараа шүлэг бичдэг, уншдаг хүрээлэлтэй болсон. Аймагт амьдардаг найрагчид орж ирдэг. Хотод уулзах боломжгүй хүмүүс манайхыг зорьж их ирдэг. Сайхан санагддаг шүү. Ингээд бодохоор зөв л зүйлээ хийж яваа шиг санагддаг юм.
-Багадаа ном унших сонирхолтой хүүхэд байжээ. Онц сурдаг байсан уу?
-Дандаа хичээлээ хийдэг, онц л сурах ёстой гэж боддог хүүхэд байсан. Одоо бодоход хэтэрхий явцуу байсан санагддаг. Жишээлбэл, би их сургуульд дөрвөн жил сурахдаа ангийнхантайгаа нэг их нийлдэггүй, шоу цэнгээн мэдэхгүй, тэр ч байтугай үерхлийг буруу гэж боддог байлаа. Хичээлээ л сайн хийх ёстой, сайн охин байх ёстой гэдэг ч юм уу. Жижигхэн газрын хүмүүс жаахан сайн хүний синдромтой болчихдог шүү дээ. Дүүгээ хүртэл өөрийнхөө хүслээр чи онц сурах ёстой, заавал сайн хүн болох ёстой гээд л. Үнэндээ би өөрөө ч хүүхэд байсан юм билээ. Одоо бол хүн алдвал алдана л биз, шоудвал шоудна л биз, үерхвэл үерхэнэ л биз, ганц хоёр хичээл дээр унана л биз гэж боддог болсон. Учир нь хүн ингэж байж хүмүүстэй жинхэнэ харилцаанд орж, хөлөө олж, өөрийгөө ойлгож, сурч мэдэж авдаг байх.
-Хоёр дахь салбараа аль хэдий нь нээжээ. Кофе шопынх нь ажил хэр амжилттай явж байна?
-Миний хувьд амжилт гэдэг өөрийнхөө дуртай зүйлийг олох, түүнийгээ хийх. Намайг гоё хүмүүс хүрээлж, би дуртай зүйлээ хийж, үүнээсээ аз жаргалыг мэдэрч байна. Энэ нь миний бүтээсэн хамгийн том амжилт шүү дээ. Би сэтгэл дүүрэн байдаг. Магадгүй зарим хүмүүсийн хувьд үнэтэй машин унах, их мөнгө хөрөнгөтэй болох ч юм уу байж болох байх л даа. Тиймээс амжилт гэдэг хүн бүрийн хувьд өөр өөр. Би Бээжинд их сургууль төгсөөд, тэнд мастер хамгаалсан ч заавал бусад шиг амьдрах албагүй шүү дээ. Ойлгох зүйлээ ойлгож, одоогийн өөрийгөө олоход минь тусалсан л гэж боддог. Миний хамгийн зөв сонголтуудын нэг байсан.
“Чи нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсэх юм бол хорвоо ертөнц чамтай хуйвалдаад хүслийг чинь биелүүлж өгдөг”
-Анх нээхээс өмнө хүлээлт айдас байсан байх, тийм үү?
-Би аливаа зүйлийг шинээр хийхээр болбол нэлээд зоригтой хөдлөдөг төрлийн хүн гэж өөрийгөө боддог. Айгаад, урьдчилж төсөөлөөд, өмнөө хана босгоод байх нь дэмий. Би хэрвээ кофе шопоо нээх үедээ тэгж бодсон бол өдийд хэзээ ч амжилт олохгүй байсан. Одоо бол анх авч байсан 300 мянгын жижиг кофены машинаараа тэр үед яаж болж байсан юм бол гэж боддог. Арав, хорин саяын машин маань үлгэрийн юм шиг санагддаг байлаа шүү дээ. Бялуугаа ганц хоёроор нь хийж зардаг, тийм л байсан. Тэгэхээр аймгийн төвд хоёр дахь салбараа нээх боломжтой болох хүртлээ би их хичээсэн байгаа биз. Шинэ салбараа хотод уу, аймагт уу гэж бодож байгаад сонгосон л доо. Тухайн үед Мөрөнд сайн хүн танихгүй, ганцаараа шинэ байрны засвар хийхэд бэрх байсан. Аливаа зүйл хүрээгээ тэлэхийн хэрээр хариуцлага, айдас, хүлээлт нэмэгддэг юм билээ. Гэхдээ, би зургаан сарын дараа гэхэд л кофе шопоо орхиод хотод ирж болох хэмжээний болгож чадсан шүү. Зорьсон зүйлээ эхлүүлчихсэн байхад амьдралд гоё сайхан зүйл өчнөөн тохиодог.
-Та хүүхэд насны мөрөөдлөө биелсэн гэж хэлсэн. Мөрөөдлөө олон хүнд ярьдаг байсан уу?
-Манай монголчууд мөрөөдлөө бие биедээ ярих дургүй байдаг бол би эсрэгээрээ ярих ёстой гэж боддог. Ярьж чадвал мөрөөдөлтэй чинь ойрхон сайн хүмүүс таараад л байна гэсэн үг. Тийм учраас санасан, мөрөөдсөнөө ярьж байх нь зөв. "Алхимич" зохиолд “Чи нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсэх юм бол хорвоо ертөнц чамтай хуйвалдаад хүслийг чинь биелүүлж өгдөг” гэсэн өгүүлбэр бий.
-Таны хувьд одоогоор хамгийн чухал санагдаж буй зүйл юу байгаа вэ?
-Маргааш юу болохыг бид мэдэхгүй шүү дээ. Тиймээс өнөөдөр яг одоо байгаа цагтаа илүү үнэ цэнтэй, харамсах зүйлгүй амьдрах ёстой санагддаг. Аялмаар байгаа газар луугаа явж, идмээр байгаагаа идэж, уулзахыг хүссэн хүнтэйгээ уулзаж, бүх нөхцөлд өөрийгөө сонсож, ойлгож, мэдрэх нь чухал. Энэ хэрээр миний амьдралынхаа туршид ярих дурсамж, санах дурсах цаг хугацаа тодоор үлдэнэ гэж итгэдэг. Амьдарсны гол учир бол үлдэх дурсамж шүү дээ. Байр, машин авна гэж мөнгө хадгалж байснаас аялах нь илүү сайхан санагддаг.
-ХҮҮХДИЙН БЯЛУУТАЙ НОМ ГАРГАНА-
-Аялах нь хүн өөрийгөө нээж байгаа нэг хэлбэр шиг санагддаг л даа?
-Бээжинд очиход манай нэг найз чи ямар нээлттэй юм бэ. Монгол хүн ийм нээлттэй байхыг харж байгаагүй гэж хэлж байсан. Нээлттэй, элэн далангүй, өөрийнхөөрөө байх нь аав ээжээс өгсөн хүмүүжил байх л даа. Энэ байдал маань бизнес хийхэд хүртэл нөлөөлдөг. Тэнэгдүү, зоригтой ч гэх юм уу. Аав ээж маань надад итгээд өөрийнхөөрөө өсөх хязгааргүй орон зайг бий болгож өгсөн нь ихэнх талаараа онож байгаа санагддаг. Нөгөө талаар би ном их уншдаг, аав ээж маань сонин захиалаад өгчихдөг азтай хүүхэд байсан. Энэ бүгд надад их нөлөө үзүүлсэн.
-Ойрын хугацаанд төлөвлөсөн шинэ зүйл байгаа юу?
-“Зүрх зүсэм бялуу”-гаа өргөн хүрээнд, төслийн хэмжээнд өргөжүүлэхээр ажиллаж байгаа. Үүний нэг хэсэгт миний гаргах хүүхдийн ном маань багтах юм. Номоо есөн сарын 1-нд гаргахаар төлөвлөсөн. Ерөнхий агуулгыг нь “Далайн эргийн жижигхэн сууринд амьдардаг, бялуу хийдэг бяцхан охин ямар адал явдалтай учрах вэ” гэдэг ч юм уу ийм байдлаар төлөвлөж байна. Гол онцлог нь өөрсдийн хийж байгаа бялуу, амттан, кофе зэргээ зохиолдоо бодитоор оруулж өгөх юм. Ингэснээр бидэнд ч давуу талтай шүү дээ. Хүүхдийн номыг маань уншаад манайхыг зориод ирэх байх гэж бодож байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Д.МӨНХБАТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм хүмүүс олшироосой
Гоё эгч вэ
Амжилт ерөөе
Нуурын эрэг
Мундаг бга. Амжилт
том тои ярьсан л�##�ар вэ одоо бол з�##�ууст байр машин л дээрдэээ юу н аялах зугаацах өөрөө хэдэн оронооор явсан юмдэээ чааваас шоудаад юуч гүй хөгшрөвдөөө м�##�уудааа баялаг бүтээээ
Za chamshig hiih ymaa olj ydsan hun end alga olon ym hutsahiin orond margaashiin hoolniihoo mongiig garj ol!!