ТАНИЛЦ: АБГББХ-ноос “ПетроЧайна”-гийн асуудлаар Засгийн газарт өгсөн чиглэлүүд
Өнгөрсөн долоо хоногт АБГББХ-гоор “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссон. Мөн Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг хэлэлцсэн билээ. Үүгээр бүтээгдэхүүн хуваах гэрээг өнөөгийн хууль тогтоомжтой нийцүүлж өөрчлөхөд санал нэгдсэн талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлсэн.
Тэгвэл өчигдөр /2022.05.24/ АБГББХ-гоор мөн эл асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэж, дэмжсэнээр баталсан юм. Эл тогтоолд ямар голлох агуулгууд багтсаныг дурдъя.
Нэг. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээг одоогийн мөрдөгдөж буй хууль, тогтоомжтой нийцүүлэн шинэчилж, Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх
Хоёр. Ашигт малтмалын тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх
Гурав. “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн Байгаль орчны менежментийн 2020 оны төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, 2021-2022 оны төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд яаралтай батлуулж, хэрэгжилтэд хяналт тавих
Дөрөв. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Тосон-Уул-XIX, Тамсаг XXI талбайн цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг эрчим хүч дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх
Тав. “Петрочайна дачин тамсаг” ХХК-д 2018 онд НӨАТ, ААНОАТ, Хувь хүний орлогын албан татварыг төлөх тухай тавьсан шаардлагатай холбоотой гомдлыг Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар яаралтай хэлэлцэж шийдвэрлэх, татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх
Зургаа. Газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанаас үлдсэн чанарын шаардлага хангахгүй, устгах шаардлагатай 590 гаруй тонн химийн бодисын хог хаягдлыг одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
Мөн Засгийн газрын хүрээнд асуудлыг зөвхөн “ПетроЧайна Дачин Тамсаг”-ийн хүрээнд бус, ер газрын тосны хайгуул олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарахад зэрэгцүүлж хөндөж байгаа нь тогтоолын төслөөс харагдсан юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ed nar dandaa bid nariig ingej doogloson shiidver gargaj baih yumaa