“Ам бариад байна уу, яг өөрийнх нь хоолой мөн үү. Үгүй тэр хоолойны өнгө, хөдөлгөөн нь яг Бат-Эрдэнэ аварга. Ийм адилхан дуурайна гэж бас байдаг аа” гээд олон, олон хүн уулга алддаг, толгой сэгсэрдэг түүнийг Б.Адарсүрэн гэдэг. Спортын хорхойтнууд тэр тусмаа бөхийн хүрээнийхэн “Бөхийн элэглэгч” гэж тодотгосон тэрбээр үндэсний бөхөд үнэнхүү хайртай, хорхойтой эрхэм.
Сумын заан цолтой Б.Адарсүрэн “Гурван сая инээд” шоунд оролцохдоо бүх шатыг давж, гурван сая төгрөг хожсон адтай, авьяастай нэгэн. Улсын наадмыг тохиолдуулан түүнтэй ярилцлаа. Биднийг ярилцлага хийхээр очиход тэрбээр “Алдар” спорт хорооны сорилгод барилдаж байлаа.
-Та сая нэгийн даваанд өвдөг шороодлоо. Давах боломж байлаа. Барилдаанаа бүрэн гаргаж чадав уу?

-Уг нь давна гээд барилдсан юм. Даанч санаснаар болсонгүй. Сайн сумын заан байна аа. “Алдар” спорт хорооны сорилго барилдаан их сайхан болж байна.
-Та наадмын бэлтгэлээ хаана базааж байгаа вэ?
-Хэд хоногийн өмнөөс Г.Эрхэмбаяр аваргын гал дээр базааж байна.
-Та бөхийн спорттой хэзээнээс амьдралаа холбов?
-Би 1999 онд Орхон аймгийн “Хангарьд” клубт Гавьяат тамирчин Ц.Нацагдорж багшийн удирдлагад чөлөөт бөхөөр анх хичээллэж байлаа. Зургаан залуу зааны барилдааныг харах дуртай байв. Гоё бөх болъё, амжилт гаргая гээд үндэсний бөхийн спорттой амьдралаа холбосон.
Дараа нь ажил, амьдралын шаардлагаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу нүүсэн. “Хөтөлийн цемент шохой” компани олон сайхан бөхтэй. Улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Пүрэвгарьд нарын олон хүчтэн манай компаниар овоглон барилддаг.
Би бөхийг шүддэг, энэ спортод үнэхээр хайртай, дуртай ийм бөх байна аа. Сумын заан цолтой.
-Та хэдэн онд сумын заан болсон билээ?
-Би 2003 онд Завхан аймгийн Идэр суманд болсон шигшээ барилдаанд сумын начин болсон. Дараа нь Орхонтуул сумын наадамд түрүүлж, сумын заан болсон. 2014 онд Хөтөлийнхөө наадамд түрүүлж, цолоо батлаад байгаа.
Үндэсний бөхөөр хичээллэж, ямар ч цолтой бөхтэй ойр дотно явах, барилдах их сайхан. Эр хүний хийморь сэргээсэн сайхан спорт. Бид үндэсний спортоо хайрлаж, хамгаалж, хүндэлж явах хэрэгтэй.
-Та бөхчүүдийг дуурайдаг, элэглэдэг. Багаасаа ийм авьяастай байв уу. Эсвэл өөрийгөө хөгжүүлсээр ийм болсон уу?
-Бусдыг явуулдаг, алиа хошин зантай хүмүүс манай удамд олон бий. Би багаасаа бөхчүүдийн яриа, хөдөлгөөнийг дуурайдаг байлаа. Тэгж явсаар өөрийгөө ингэж хөгжүүлсэн. Өөрийн авьяас, хичээл зүтгэлийн үр шимээр ийм болсон гэх юм уу даа. Хүмүүс намайг “Бөхийн элэглэгч” гэдэг. “Гурван сая инээд” шоунд оролцон, ялагч болсноос хойш хүмүүс бүр их мэддэг болсон.
-Завхан аймгийнхаа бөхчүүдийн дэргэд Б.Бат-Эрдэнэ аваргыг буй бичлэг танд цацагдахад таныг би мэддэг болсон. Олны танил болохын, ийм авьяастай залуу байдаг юм байна гэж хүмүүс таньдаг, мэддэг болохын эхлэл тэр байв уу?
-Тийм ээ. “Даян” бөхийн дэвжээн дээр байхдаа Б.Бат-Эрдэнэ аваргыг дуурай үзүүлсэн юм. Тэгэхэд нэг нь бичлэг хийгээд, өнөөхөд фэйсбүүкт тавигдаад. Тэр бичлэг ёстой олон хүнд хүрсэн.
-Та хамгийн анх ямар бөхийг элэглэж байв?
-Б.Бат-Эрдэнэ аваргыг. Аваргын алхаа, гишгээг нь анх дуурайдаг байлаа. Дараа нь дуу, хоолойг нь дуурайж сурсан.
-Нийт хэдэн бөхийг элэглэж, дуурайж чадах вэ?
-Байдлаасаа л болно. Онцлоод дуурайчих юм ихтэй бөхийг дуурайхад илүү сонирхолтой байдаг.
-Та өөрөө хэнийг дуурайх хамгийн дуртай вэ?

-Б.Бат-Эрдэнэ аварга, Х.Баянмөнх аваргыг дуурайх дуртай. Хүндэлдэг аваргуудаа дуурай, элэглэхдээ заримдаа эмээдэг. Арай хэтрүүлчих вий, төстэй биш дуурайгаад олны дургүйг хүргэх вий, аваргуудаа гомдоочих вий гэж болгоомжилдог.
-Зарим бөх “Намайг дуурайчихаж, элэглэхдээ тэгээд хэлчихэж” гээд дургүйцэх тохиолдол гардаг уу?
-Баянаа аварга “Би даяар дуурсагдах, далай даян, олныг баясуулагч цолтой хүн. Намайг яриад инээж, баясаж л байг” гэдэг. Б.Бат-Эрдэнэ аварга яг биеэрээ уулзаж байгаагүй. Өөрийг нь дуурайсан бичлэгийг үзээд “Энэ ёстой надтай адилхан нөхөр байна шүү” гээд инээдэг гэсэн.
-Яг дэргэд нь зогсож байгаад өөрийг нь дуурайсан тохиолдол бий юү?
-Одоохондоо тэгж үзээгүй. Ёстой эвгүй байх болов уу. Их сандрах байх.
-Энэ жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойтой. Та барилдах уу?

-Барилдана аа. 2020 оны улсын наадамд нэг давсан. Тэгш ойд барилдана гэдэг бөх бүхэнд заяахгүй хувь заяа.
Би хоёр нутагтай. Өсөж төрсөн нутаг минь Завхан аймаг. Одоо ажиллаж, амьдарч буй нутаг минь Сэлэнгэ. Монгол түмэндээ, “Хөтөлийн цемент шохой” компанийн хамт олондоо, Завхан, Сэлэнгэ нутгийнхандаа баяр наадмын мэнд дэвшүүлье. Сайхан наадаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Salbdai haha