Согтууруулах ундаагаар үйлчлүүлсэн хүнд цэвэр ус үнэгүй өгнө
Монгол Улсын Их Хурлаас Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг 2023.01.01-нээс дагаж мөрдөхөөр баталсан.
Тус хууль батлагдсантай холбоотой согтууруулах ундааны эргэлттэй холбоотойгоор бий болж буй зарим онцлог өөрчлөлтүүдийг хүргэж байна.
-СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ОЛГОНО-
Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн тухайд:
- Олгох тусгай зөвшөөрлийн тоог Засгийн газар батална;
- Тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгоно;
- 10 жилийн хугацаагаар олгож, тухай бүр 10 жилийн хугацаагаар сунгана;
- Тусгай зөвшөөрөл олгосноос хойш 2 жил, түүнээс дээш хугацаанд согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно;
- Тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, түрээслэх, барьцаалах зэргээр бусдад шилжүүлж, ашиглуулахыг хориглоно;
- Согтууруулах ундаа үйлдвэрлэх үйл ажиллагааг төрийн байгууллагын эзэмшлийн болон үйл ажиллагаа явуулж байгаа албан газар, барилга байгууламж, газар, нийтийн зориулалттай орон сууцны байшин, түүний орц, хонгил, өргөтгөл, суурийн давхарт явуулахыг хориглоно.
Согтууруулах ундаа импортлох, экспортлох тусгай зөвшөөрлийн тухайд:
- Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно;
- 5 жилийн хугацаагаар олгож, тухай бүр 5 жилийн хугацаагаар сунгана;
-ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭХ ТАНХИМТАЙ БАЙНА-
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тухайд:
-Олгох тусгай зөвшөөрлийн тоог тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, эрүүл мэнд, соёл, спортын байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон дотуур байрны байршил, аймаг, нийслэлийн саналыг харгалзан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Эрүүл мэнд, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хамтран батална;
-Тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно;
-Тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгож, тухай бүр 5 жилийн хугацаагаар сунгана;
-Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлийг бэлэглэх, худалдах, барьцаалах, түрээслэх зэргээр бусдад шилжүүлэх болон энэ хуульд зааснаас бусад тохиолдолд үйл ажиллагаа явуулах байршлыг өөрчлөхийг хориглоно;
-Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгоно;
-Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгох бөгөөд дараах төрөлтэй байна:
1/ 11.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх;
2/ 14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх.
- Барилгын батлагдсан зураг төсөл нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж, тохижуулснаас бусад орон сууц, түүний өргөтгөл, орц, хонгил, суурийн давхарт 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно;
- 14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч худалдан авсан согтууруулах ундааг хэрэглэх танхимтай байх бөгөөд үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ;
- Согтууруулах ундааг тээврийн хэрэгсэл жолоодож байгаа, 21 нас хүрээгүй, жирэмсэн хүн хэрэглэхийг хориглоно.
-СОГТУУРУУЛАХ УНДААНЫ АМТАЛГАА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОНО-
Согтууруулах ундаатай холбоотой хориглох үйл ажиллагаа:
-Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч согтууруулах ундаагаар дээж, загвар хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчлэх, бусдыг дайлах, амтлагаа зохион байгуулах;
-Нэг тогтоосон үнээр хязгааргүй хэмжээгээр согтууруулах ундаагаар үйлчлэх;
-Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлсийг орлуулан олгох, согтууруулах ундаа оролцуулсан тоглоом, наадам, хонжворт сугалаа зохион байгуулах;
-Төрийн ёслол, хүндэтгэлийн гадаад арга хэмжээг зохион байгуулахаас бусад тохиолдолд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу донгосоод солиороод байгаа юм бэ харин согтууруулах ундаа хэрэглэхгүй бол сайшааж шагналаар юм архи авбал ус өгнө гэсэн үү болиоч доо ард иргэдийг улам доош нь оруулаад байх юм дээш нь татах байтал архиа хязгаартай хориглох хэрэгтэй ард талд нь олон мянган айл өрх бий.гадны орон шиг соёлтой хэрэглээ манай нөхдүүдэд байхгүй шүү дээ