ТЭЭВЭРЧИД: Сайд нар олны анхаарлаар бөмбөгдүүлсэн асуудлыг л анхаарч байна

Нүүрс тээврийн жолооч нарт тулгамдсан асуудлаар тээвэрчин “Баян заг” тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн гэргий нарын холбоо, тээвэрчдийн төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ.
Тэд шинээр байгуулагдсан засгийн газар, зам тээврийн сайд нарын сонорт уртын тээврийн өнөөдрийн бодит нөхцөл байдлыг хүргэхийг зорьжээ.
Тодруулбал “Нүүрсний гурван бүлэг орд уурхайгаас 230 км зайд тээвэрлэдэг уртын тээвэрт үүсээд байгаа асуудлыг олж харахгүй байна. Өнөөдөр уртын тээвэрчид 230 км замд хоёр жилийн өмнөх ханшаар буюу 80 юаниар гурван сар тээвэр хийлээ. Түлш болон бусад үйлчилгээ, барааны үнэ нэмэгдэж зардал өсөөд байдаг. Энэ маягаар удаан үргэлжилбэл уртын тээвэр зогсоход хүрнэ. Бид өнөөдөр энд зовлон ярьж, чалчигнах гэж ирээгүй. Шийдэл байна. Үнэ ханшаа бодитой тогтоочих. Гэрээгээ шинэчилчих. Жишиг тариф баталсан яам анхаараач. Бид хоёр жил хүлээсэн тээврээ явж үнэ мөнгөний хэрүүл хийж яахав гэж ярилцаад гурван сар бүсээ чангалж тэслээ. Одоо бол цаашид тэсэхгүйнээ. Олон нийтийн анхаарлаар бөмбөгдүүлж байгаа асуудал руу гүйгээд явчих юм.Та Дарханы замын сайд биш шүү дээ. Асуудлаа, ажлаа цогцоор нь хараач. Саарал бидний ард хүн турхирч байна, ард нь хүн бий гэдэг. Хүн байхгүй ээ, олон мянган жолоочийн эрх ашиг шүү дээ.” гэлээ.
Түүнчлэн, “Өнөөдөр Цагаан хад орчим 6500-7000 орчим жолооч гэр тусгаарлалтад 4-6 хүн нийлж, амьдарч байгаа аж. Аль өндөр цалинтай компанид орох гэхээр гаргадаггүй, өөр газар орох боломжгүй, хүний эрх зөрчсөн асуудал байнга тохиолдож байна. Тэд С зөвшөөрөл авахын тулд ингэж жолооч нарыг хорьж, боодог. Улаан цагаан хүний эрхийг уландаа гишгэх үйлдэл хэрээс хэтэрлээ. Бид бүх шатны хүний эрхийн байгууллагад хандана” гэлээ.
Маргааш тэд Зам тээврийн яаманд очих юм байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.