TRQ хаалттай компани болох төлөвлөгөөндөө "Рио Тинто"-гийн саналыг шударга гэж үзсэн дүгнэлтийг нэмжээ

"Рио Тинто" группээс тавьсан саналын дагуу хаалттай компани болох хүсэлтээ "Туркоиз Хилл Ресурс" буюу TRQ компаниа АНУ-ын Үнэт цаас, арилжааны хороонд есдүгээр сарын 29-нд хүргүүлсэн. Үүгээр нээлттэй хувьцаат компани байхаа больж, 100 хувь "Рио Тинто"-гийнх болох юм.
Гэхдээ TRQ-ийн жижиг хувьцаа эзэмшигчид уг саналыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Арваннэгдүгээр сарын 1-нд хувьцаа эзэмшигчдийн хурал болж, үүгээр санал хурааснаар шийдвэр нэг мөр гарах учиртай.
Харин TRQ-ийн зүгээс "Рио Тинто"-гийн саналыг хүлээн авах сонирхолтой байгаа нь үүгээр мэдэгдэж байгаа юм. Өнгөрсөн лхагва гарагт л гэхэд жижиг хувьцаа эзэмшигчдэдээ хандан, саналыг эс хүлээн авбал үүсэж болох эрсдэлүүдийг тусгайлан танилцуулсан.
Мөн шинэ мэдээлэл гэвэл, TRQ нь есдүгээр сарын 29-нд хүргүүлсэн хаалттай хувьцаат компани болох хүсэлтдээ зарим зүйлсийг нэмж оруулсан байна. Тодруулбал, санхүүгийн шинэ тооцооллуудын хамт "BMO Capital Markets" компанийн саналыг шударга гэж үзсэн талаарх дүгнэлтийг нэмсэн нь анхаарал татаж байна.
"Рио Тино" групп нь TRQ-ийн 51 орчим хувийг эзэмшиж буй. Ийн үлдсэн 49 орчим хувийн хувьцааг худалдан авч, тус компанийг 100 хувь өөрийн болгохоор санал тавиад байгаа юм. Хэрэв ингэвэл Оюу толгойн төсөлд Монголын Засгийн газар, "Рио Тинто" групп үлдэж, TRQ-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоо, хяналт байхгүй болно.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.