УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: Шинээр байгуулсан гурван агентлаг 2023 онд хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллах вэ

Монгол Улсын Засгийн газар гурван агентлаг нэмж байгууллаа.

Тодруулан хэлэх юм бол, "Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар” гэх тохируулагч агентлаг нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Амарбаясгалангийн ээрхлэх асуудлын хүрээнд ажиллана.

"Төрийн үйлчилгээний нэгдсэн газар" гэх хэрэгжүүлэгч агентлаг нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах юм. Энэ яамны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал ажилладаг билээ.

"Гадаадын хөрөнгө оруулалтын газар" гэх агентлаг нь Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын эрхлэх асуудлын хүрээнд ажиллана. Энэхүү агентлаг нь чиг үүргийн тухайд хэрэгжүүлэгч агентлаг уу, тохируулагч агентлаг уу гэдэг нь тодорхойгүй байна.

Учир нь...

Ерөнхий сайдын саналыг үндэслэн агентлаг байгуулах хуулийн зохицуулалтай. Хуулийнхаа дагуу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2023 оны төсвийн хуулийг дагалдуулж, хоёр л агентлаг байгуулахаар өргөн барьсан. Үүнийг УИХ тогтоолын төсөл болгон албажуулж, шат, шатны хэлэлцүүлгүүдийг хийсэн. Хэлэлцүүлгүүдийг хийж байх үеэр ажлын хэсгээс дахин нэг агентлаг нэмж байгуулах санал гарсан байна. Тодруулбал, Ч.Хүрэлбаатар сайдын эрхлэх асуудлын хүрээнд "Гадаадын хөрөнгө оруулалтын газар" гэх агентлагийг байгуулах санал гаргаж оруулж ирсэн байна.

Ажлын хэсгээс орж ирсэн эл саналыг дэмжих эсэхийг арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн чуулганы хуралдаан дээр санал хураалтаар явуулахад 59.3 хувь нь дэмжсэн юм.

Дээрх агентлагууд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Үүнтэй зэрэгцээд Ч.Хүрэлбаатарын статус Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болж буй юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийхийн сацуу, яам, агентлаг хариуцан ажиллах нь.

Шинээр байгуулагдсан дээрх агентлагууд ямар чиг үүргийг хэрэгжүүлэх, бүтэц бүрэлдэхүүн нь хэрхэх талаар сонирхуулж байна.

Төрийн үйлчилгээний зохицуулалтын газар 

Уг агентлагийг 174 орон тоотой байхаар тооцжээ. Төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагын зарим бүтэц, орон тоо, урсгал зардлыг тус байгууллагад шилжүүлэхээр тооцсон байна.

Төрийн үйлчилгээний зохицуулалтын газар  дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • Хүн, хуулийн этгээдийн гаргасан үйлчилгээ авах хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх, хүн, хуулийн этгээдэд хариу мэдэгдэх ажлыг түргэн, шуурхай зохион байгуулах;
  • Төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний талаар баталсан хууль тогтоомж, Засгийн газар болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэр, дүрэм, журмыг дагаж мөрдөх, хэрэгжилтийг зохион байгуулах;
  • Өөрийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах;
  • Төрөөс үзүүлж байгаа үйлчилгээтэй холбоотой асуудлаар хүн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;
  • Төрийн үйлчилгээ хүргэх ажлыг боловсронгуй болгох арга хэмжээг авах, бусад байгууллага, гадаад улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Хүн, хуулийн этгээдийн гаргасан үйлчилгээ авах хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, хариу мэдэгдэх үүрэг бүхий үндсэн болон бусад системтэй холбогдон ажиллах дэд системийг хөгжүүлэх, тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах;
  • Орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээг хүргэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах;
  • Гадаад улсын туршлагад үндэслэн төрийн үйлчилгээ хүргэх ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх, харилцааны соёлыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
  • Орон нутагт салбар, нэгжгүй төрийн захиргааны болон Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын үйлчилгээг хариуцан хэрэгжүүлнэ.
  • Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүтэц, орон тоог баталж, нийслэл, орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн даргыг томилж, чөлөөлнө.
  • Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь тус байгууллагад ажиллах албан хаагчдыг томилж, чөлөөлж, орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн бүтэц, орон тоог батална.
  • Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын нийслэл, орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн дарга нь тус байгууллагад ажиллах албан хаагчдыг томилж, чөлөөлнө.
  • Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасгаас хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам болон үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батална.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар 

Уг газарт Ерөнхий хянан шалгагч, ахлах хянан шалгагч, хянан шалгагч, бусад албан хаагч ажиллана. Агентлагийн дарга нь Ерөнхий хянан шалгагч бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга байна. Дэд даргыг Засгийн газар томилж, чөлөөлнө.

Ахлах хянан шалгагч, хянан шалгагчийг Ерөнхий хянан шалгагч томилж, чөлөөлнө.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын албан тушаал нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарна.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • Хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хянан шалгах;
  • Албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг хянан шалгах;
  • Эрхэлсэн асуудлын хүрээнд өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх, шаардлагатай бол өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулах;
  • Хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлан, мэдээлэл ирүүлэх, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, Төсөл байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулах, Засгийн газарт танилцуулах;
  • Байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, хүний нөөцийн чадавхыг сайжруулах асуудлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;
  • Байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах асуудлаар санал гаргах;
  • Үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх дүнг Ерөнхий сайд, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад танилцуулах;
  • Албан тушаалтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйн болон бусад зөрчил дутагдал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулах, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд энэ талаар санал, албан шаардлага хүргүүлж, биелэлтийг шаардах;
  • Хяналт шалгалтын дүнг үндэслэн холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлэх;
  • Хяналт шалгалтын дүн, тайлан, судалгаа болон өөрийн үйл ажиллагаанд хамаарах хуулиар нууцад хамааруулснаас бусад мэдээллийг олон нийт танилцах боломжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлж байх;
  • Байгууллага, албан тушаалтны дотоод хяналтын нэгж, ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
  • Байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих;

Гадаадын хөрөнгө оруулалтын газар 

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулсан Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг нь 30 хүний орон тоотой ажиллах аж.

Энэхүү агентлагийн талаар Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны хоёрдугаар сард "Өмнө нь Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг Засгийн газрын бүтцэд бие даан ажиллаж байв. Олон жил энэ агентлагийн ажил тасарсны дараа манай Засгийн газрын үед дахин байгуулж байна. Ингэснээр, Монгол Улсад ирэх гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт урт, дунд хугацаандаа маш тодорхой болж гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын бүтээн байгуулалт, бусад эдийн засгийн салбарт холбох нөхцөл бүрдэнэ. Мөн монгол орны хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн боломж, бизнесийн салбаруудыг олон нийтэд таниулан сурталчлах ажлын өргөн хүрээнд хийх ажлыг хариуцах юм" хэмээн ярьж байсан удаатай.

Эцэст нь сонирхуулахад, агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг Монгол Улсын сайд баталдаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 14, 2022 08:37

Хамгийн гол нь ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ЯАМ байхгүй мөртөө 18 яам 22 сайдтай байгаа мулгуунууд даа

Зочин
Зочин
11 сар 14, 2022 09:06

Амжилт л хүсэхээс

Зочин
Зочин
11 сар 14, 2022 09:08

Хөл нь нарийсаад толгой нь томроод явчихлаа,,,

Зочин
Зочин
11 сар 14, 2022 09:29

Больж үз

Зочин
Зочин
11 сар 14, 2022 10:00

Багт баяр хүргэж шинэ ажилд нь амжилт хүсье

Зочин
Зочин
11 сар 14, 2022 10:19

Uhaanaaa telj ajlaarai

Холбоотой мэдээ

Back to top button