Ярилцлага

Гүндарьмаа: Гурван бүлтгэр дүүгийнхээ ирээдүйн төлөө өдөр бүр хичээж явна

Хөгжилтэй бичлэгүүдээрээ маш олон үзэгчтэй болж чадсан “Ахан дүүс” продакшны “Шартай” видеоны реакшн 200,000 хүрэв. Тэд Гүндарьмаа дүрээр олон бүтээл хийж хандалт нь өдрөөс өдөрт нэмэгдсээр буй. Бид энэ удаад “Ахан дүүс” -ийн гишүүн Э.Гүнхүслэн /Гүндарьмаа/-тэй ярилцлаа.  Тэрбээр “Сити” сургуулийн гуравдугаар ангид жүжигчний мэргэжлээр суралцдаг.  

- “Ахан дүүс”-т яг хэдэн гишүүн байдаг юм бэ. Бас ойрын үед ямар уран бүтээл хийж байгаа талаараа мэдээлэл өгөөч?

- “Ахан дүүс” продакшн хоёр дахь жилдээ бичлэгүүдээ хийж байна. Бид гурвуулаа. Алтанзагас, Пүрэвсүрэн бид гурав хамтдаа бичлэгүүдээ хийдэг. Хажуугаар нь сургуульдаа явна, захиалгаар бас урлаг соёлын үйл ажиллагаа бэлдэнэ. Сая  “Шившлэгтэй шинэ жил” хүүхдийн жүжиг хийж, Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд эхний тоглолтуудаа хийлээ. Хажуугаар нь зүгээр суухгүй ганц нэг видео хийнэ. Оюутан наснаасаа түрүүлж хийж эхэлсэн нь  хожих байх гэсэн бодлоор ажилладаг. Анхнаасаа тэгж л эхэлсэн.

-Бичлэгээрээ дамжуулаад зар сурталчилгаа хийгээд байна уу?

-Хөөрхөн, хөөрхөн маркетинг хийж л байна. Нэгэнт эхэлснийх хийсэн бүтээснийхээ үр шимийг жаахан, жаахан хүртэж л байна. Би одоо аав, ээжээсээ тусдаа, Загасаа, Пүүжээ хоёртойгоо байр түрээсэлж амьдардаг. Тэгээд аав, ээждээ ойр байж түлээ, нүүрсийг нь дөхүүлж өгч чадахгүй ч гэсэн ядаж мөнгийг олоод өгчихвөл жаахан ч гэсэн дэм болно гэж боддог. Өөрийнхөө сургалтын төлбөрийг ч гэсэн болгоё гэсэн зорилготой. Энэ жил сургалтын төлбөрөө өөрөө олсон. Ээж, аав хоёр их баяртай л байх шиг санагдсан.  

-Та нарын бичлэг хэрхэн “төрдөг” вэ?

-Гурвуулаа ярилцаж байгаад л гаргана. Харин Гүндарьмааг бол би өөрөө санаачилсан. Нэг орой зохиолын уншлагын дундуур  жаахан амарсан чинь маазармаар санагдаад болдоггүй ээ. Тэгээд бид хэдийн өмнө хэрэглэж байсан парикнууд дундаас нь сэгсийсэн хар үс инээдтэй харагдаад байхаар нь зүүсэн чинь манай хэд татаж уначих гээд инээгээд байна. Тэгэхээр нь би олон ангилалтай найз охин больё, андаа чи ингэчих, тэгчих гээд эхэлсэн. Нөгөө хоёр маань санаагаа нэмээд, нэмээд анхны бичлэг гарсан. Үүнтэй адилхан бид гурав хамтдаа санаануудаа гаргаж, нэгийгээ дэмжээд явчихдаг. Бичлэг хийдгийн учир нь өөрсдийгөө тодорхой хэмжээнд таниулах зорилго бол бий. Нөгөө талаас попорч байгаа ч юм биш, нийгмийнхээ стрессийн эсрэг, эерэг байдал үүсгэх чин үнэн хүсэлтэй. Бид нар яг ингэж ярилцдаг.  Аймаар их нервтэй улс ш тээ. Бүр үйлдэл болгон дээрээ. Түгжрэлд, буугаад даарч, ажлаасаа хоцорч, аймаар орой тарж, хариад унтаж чадахгүй нервтэнэ. Өглөө нь дахиад л эрт босно, дахиад түгжирнэ. Тэгвэл ядаж хүмүүс түгжрэх замдаа  5, 10 минут чин сэтгэлээсээ инээгээсэй гэж боддог юм. Маш чанга инээгээд гоё байгаасай. Зарим хүмүүс фээсбүүкээр мөнгө төгрөг олох гээд л гэж хардаг. Үнэндээ цаана нь ийм хүсэл байдаг юмаа.

-Эмэгтэй хүний эрхэнд халдаагүй, бусдын найз охин гэдгээр тэдний сайн сайхныг харуулдаг-

-Гүндарьмаа уг нь хөөрхөн л дөө. Гэхдээ эмэгтэй хүмүүст муухай сэтгэгдэл төрдөг болов уу?

-Би өөрийгөө эмэгтэй хүний эрхийг хөнддөггүй гэж боддог. Нэг ч эмэгтэй хүнийг ерөөсөө муулаагүй, учир нь би өөрөө эрэгтэй хүн шүү дээ. Бусдын найз охин, манай найз охин гэдэг нь чухал байхгүй юу. Бусдын найз охин гэдгээрээ би эмэгтэйчүүдийн өөрийн мэдэрсэн цензуртэй байдал, хөөрхөн сайхан бүхнийг харуулдаг. Манай найз охин гэдэг нь бол зүгээр л дүр, эцсийн эцэст ийм охин амьдрал дээр байхгүй ш тээ. Хүмүүс маань үүнийг ойлгож, шүүлтүүртэй хандах байхаа гэж найдаж байна.

-Шүүмжлэлтэй тулгардаг уу? Яагаад эмэгтэй хүнийг ийм байдаг гэж боддог юм бэ гэдэг ч юмуу?

-Ийм сэтгэгдэл зөндөө. Эмэгтэй хүнийг доромжиллоо, ийм эмэгтэй хүн гэж юу байдаг юм гэх мэтээр хөвөрдөг. Гэвч түрүүн хэлсэн бодолдоо үнэнчээр зогсдог. Бусдын найз охин гэдгээрээ эмэгтэйчүүдээ харуулдаг юм шүү. Гүндарьмаа бол дүр. Эмэгтэй хүн гэдэг том сэдэв дотор хувирч,  хөгжилдөж, драма хийж байна. Би одоо бүр өөрийгөө мэдэрч эхэлж байна ш тээ. Амьдрал дээр эрхлэх гээд, тайван яриад л, заримдаа бичлэг дууссаны дараа хүртэл хайраа энэ тэр гэчихсэн явж байдаг.  

-Гүндарьмаа цаашдаа засрах болов уу?

-Мэдэхгүй ээ. /инээв/ Тэрийг үзэгчид л харна даа.

-Аав, ээж нь эмэгтэй дүрд орохоор хэр хүлээж авдаг вэ?  

-Аав, ээж хоёр бол намайг маш сайн дэмждэг. Аав маань хошин, наргианч хүн болохоор миний охин гээд маазарч байдаг. Ээж эхэндээ чи болиоч, манин юмшиг дүр гаргалаа гээд. Ээжээ би өөрөө мэдэж байгаа гээд хэд хэд хэлсний дараа “за, за хараал хэлэхгүй шүү” гэсэн. Бид нарыг жаахан хүүхдүүд их үздэг болохоор хараалаас татгалздаг. Контентынхоо агуулгаар арай өөр дүр байлгах гээд бараг анх удаагаа сая нэг хараалтай хэсэг оруулсан. Олон хүн үздэгтээ биш олон хүүхэд залуус даган дуурайдаг болчихсон учраас өөрсдөдөө цензур сайн тавих хэрэгтэй. Манай Бояртой гээд бичлэгийн дараа бүгд л бояртой гэдэг болчихсон шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нийгэмд нөлөөлж байгаа учраас зөв, сайн хандлагыг түгээхэд анхаарах ёстой.

-Та нар чинь хэчнээн пээж хуудастай юм бэ?

-Бид гурвын Ахан дүүс, Гүндарьмаа, манай нөгөө ах нарын Армата, Юумар,  Гүндарь-Тэмүүжин гээд нийт таван пээж хуудас байгаа. Нэг л мэдэхэд таван пээжтэй болчихсон. Бичлэгээ хийгээд л явж байхад хандалт өсөөд хөгжүүлэлт хийх гэж цаг зарцуулдаггүй. Бичлэгээ оруулчхаад комментуудаа хааяа уншиж анзаараад, азнаад явж байдаг.

-Бичлэг хийгээд тодорхой хэмжээгээр хүмүүст танигдлаа. Ингээд харахаар өөртөө ямар дүгнэлт хийдэг вэ?

-Манай хамгийн их хандалт авсан бичлэг бол “Шартай”. Налайх явах замдаа маазраад хийсэн бичлэг хоёр цагийн дотор 30 мянган лайк, 400 мянган үзэлттэй болчихсон. Одоо эргээд бодохоор тэгэхэд жаахан хүүхэд шиг байжээ гэж санагддаг. Уг нь 11 сарын өмнөх явдал шүү дээ. Тухайн үедээ ямар сонин юмаар гараад ирчихвээ гэж бодсон. Гэтэл үнэндээ гарч ирээгүй л байсан байхгүй юу. Энэ мэтээр өдрөөс өдөрт ухаан сууж байна. Гэхдээ яахав надад нэг зарчим бий. Эхэлсэн бол заавал эерэг талынх нь эцсийг үзнэ. Яаж ч сайн сайхан явсан биеэ тоохгүй, яаж ч муу явсан шантрахгүй гэж боддог. Багадаа сахилгагүй, писи тоглоод явчихдаг их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Ер нь бол намба суугаад байгаа. Тусдаа гарчихсан чинь хамаг хариуцлага бид нар дээр ирчихлээ. Миний ард гурван бүлтийсэн дүү минь бий. Тэдний ирээдүйд сайхан амьдрах үгүй нь надаас шалтгаална. Үүнийг бодохоор л өдөр болгон хичээмээр санагддаг юм. Бага дүү бид хоёр 15 насны зөрүүтэй. Тэгэхээр би гучтайдаа хөлөө олчихсон, дүүгийнхээ сургалтын төлбөр, хоол , хувцас, байрыг нь бүрдүүлэх хэмжээний болчихмоор байна ш тээ. Тэрний тулд л ингээд оюутан байхаасаа хичээгээд үр шимийг нь амсаж, алдаад оноод явж байна даа.

-Тусдаа гараад л давс, дата дуусдаг гэдгийг мэдэрсэн-

-Тусдаа гарахаар ямар байна?

-Аймаар. Гурван эрэгтэй хүн шүү дээ. Эхэндээ хоол захиалаад идээд байлаа. Сүүлдээ баян айлын хүүхдүүд биш дээ, хоол ундаа өөрсдөө хийж идэхээс өөр сонголтгүй боллоо. Давс хүртэл дуусдаг, нойлын цаасыг боодлоор нь авахгүй бол мөнгөний зарлага ихтай, ор хөнжлийн даавуу тус тусдаа байх ёстой гээд ухаарч өгсөн дөө. Байр, тогны мөнгө гэж өөрсдөө төлдөг юм байна. Юнивишний дата дуусдаг юм байна. Зөндөө юм үзсэн. Сэрүүлэгтээ л сэрэхгүй өөр хэн ч чамайг сэрээхгүйг, өглөөний цайгаа өөрсдөдөө бэлдэж уух ёстойг мэдэрсэн.

-Аав, ээжээ санасан уу?

-Тэгэлгүй яахав. Манайх энүүхэн хойно Бэлхэд байдаг. Гэртээ байхад хичээлдээ явах гээд зургаа өнгөрөөгөөд аав сэрээнэ. Өөрөө аль хэдийн босоод галаа түлчихсэн, машинаа халаачихсан, цай унд бэлэн. Аав, ээжийгээ биднийг тохь тухтай байлгах гэж байрны хүмүүсээс 50  хувийн ачаалал илүү үүрч байсныг үнэхээр ойлгосон. Гэр хорооллынхон ус, цахилгаантай, халуун дулаан амьдрах гэж бусдаас илүү зүтгэдэг. Тэгсэн чинь энэ бүхнээс хамгийн чухал зүйл болох нүүрсийг нь томчууд нь хулгайлдаг болж таарлаа. Би жаахан болохоор яг яаж авдаг, яах гэж авдгийг сайн мэдэхгүй. Хар ухаанаар бодоход портер нүүрс ард иргэддээ өгөхийн оронд 40 их наяд мөнгөний хэмжээгээр  хулгайлж. Үүнд миний байтугай монголын ард түмний толгой ухаан хүрэхгүй байгаа байхаа. Уучлаарай, жаахан улс төржчихлөө.

-Та хэд талбайн жагсаал дээр очсон байсан уу?   

-Залуу үеийн төлөөлөл очих ёстой гэсэн сэдлээр очсон. Очоод шууд нервтсэн. Гадаа аймаар хүйтэн ордны хаалга харагдахгүй цагдаа нар хэрээд зогсчихсон. Дээр туг намираад дор нь Чингис хааны хөшөө түүний ард томчууд нь нуугдчихсан. Тэнд хүмүүс аргаа бараад тэсгэл алдаад очсон нь илт байсан. Би багадаа уг нь ерөнхийлөгч болно гэж мөрөөддөг байсан гэсэн. Ерөнхийлөгч болоод аавыгаа ландаар, ээжийгээ бензээр, эмээ, дүү нараа юугаар ч билээ хүргэж өгчхөөд өөрөө цэцэрлэгтээ явна гэж ярьдаг байсан гэдэг. Харин талбай дээр очоод зөвхөн ард иргэд нь улсаа өөрчлөх хэрэгтэй юм байна гэж ойлгосон.

-Ахан дүүсийг залуус, хүүхдүүд шимтэн үздэг.  Тэдэнд хандаад юуг хэлмээр байна?

-Битгий шантраарай. Өдөр болгон стресс, өдөр болгон нерв байгаа ч хүмүүс бие биетэйгээ инээж харьцаасай. Инээж харьцахад бүх юм болно. Залуу үе минь ядаж битгий нервтээрэй. Дүү нар минь өвөл болж байна, сайн дулаалаарай, хичээлээ сайн хийгээрэй. Ээж аавынхаа ачийг заавал хариулаарай. Шилжилтийн насаа амжилттай, зөв даван туулаарай гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.   

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

huurhun zuv handlaga haragdaj bna. amjilt

Зочин
Зочин

овоо сайжраад 2 хавчаартай болоод байгаа юмаа манай Гүндарьмаа

Зочин
Зочин

gvndarya huurhun bj yagd pvvjege zagnaad bdinbee????

Зочин
Зочин

З�##�уусыг үргэлж эерэг зүйлрүү чиглүүлж инээлгэлж байдагт баярл�##�аааа

Зочин
Зочин

tsaashdiiin buteeld. ni ondoroos ondor amjilt nusey

Зочин
Зочин

Мундаг шдэээ

Зочин
Зочин

Дүү нарын од маань байна шүү дээ хөөрхөн золиг шүү

Зочин
Зочин

Авьяастай шаар шүү

Зочин
Зочин

Инээд хүргээд хөгжилтэй хөөрхөн жүү

Зочин
Зочин

амжилт

Холбоотой мэдээ

Back to top button