Улс төрийн мэдээ

Ромын папыг өнгөрсөн зун Монголын тал түрүүлж урьжээ

Ромын пап Франциск ирэх есдүгээр сард Монголд ирэх нь тодорхой болсон талаар хувийн нислэгийн компаниас нь мэдээлээд байсан. Хэрэв тэгвэл энэ Ромын пап Моонгол улсад айлчилж буй анхны тохиолдол болох билээ.

Харин түүний Улаанбаатар хот дахь төлөөлөгч, кардинал Жоржио Маренгогийн товч байр суурь гадаадын хэвлэлд нийтлэгдсэн байгаа юм. Тэрбээр "Бид техникийн бэлтгэлээ хараахан хангаж эхлээгүй байна. Энэ асар түүхэн айлчлал болно. Мөн Ерөнхийлөгчийн урилга бол аль ч улсад пап айлчлахад тавигдах үндсэн шаардлага" гэж ярьжээ.

Тэгвэл, 2022 оны зун Монголын талаас Засгийн газрын төлөөлөл Ром хотод биечлэн очиж, албаны ёсны урилгыг гардуулсан гэж мөн ярьсан байна.

Ромын пап Франциск Монголд ирэх тухайгаа албан ёсоор биш ч тойруу маягаар, хэвлэлүүдээр дамжуулан хэд хэдэн удаа илэрхийлээд байгаа.

Пап Франциск өнгөрсөн хоёрдугаар сард Африкийн орнуудад уулзаад буцахдаа сэтгүүлчдэд энэ талаар ам нээж байсан гэх бөгөөд тухайн үед эцэслэсэн шийдвэр гараагүй талаараа мэдэгдэж байжээ.

Тэгвэл ITA Airways компаниас Пап Францискийн албан ёсоор айлчлахаар баталгаажсан орнуудын нислэгийн жагсаалтад Монгол багтсан, энэ нь есдүгээр сарын 23-нд гэж мэдээлсэн байна. ITA Airways нь Ромын папын албан ёсны тээвэрлэгч юм.

"Ройтерс" агентлагийн бичсэнээр, БНХАУ дахь католик шашинтнуудын нөхцөл байдалд Ватиканаас ихээхэн анхаарч буй. Харин Монгол Улс хөршийн хувьд нягт харилцаатай тул энэ хүрээнд айлчлал хийнэ гэж мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцааны хувьд энэ айлчлалын гол цөм нь угтаа Монгол биш БНХАУ гэж харах хэсэг бий.

Тэгсэн ч Монголын тал түрүүлж Ромын Папыг урьсан нь тодорхой болж байна. Энэ нь Монгол, БНХАУ хоёр улсын харилцаанд ч хэрхэн нөлөөлөх нь анхаарал татах юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Оогий
Оогий

Хүүеэ, яах гэж байгаам бэ? Манай дарга нар Католик юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button