Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: "Үзэгчдийн ялгадсыг ойролцоох оршин суугчид цэвэрлэдэг"

Хоёр хоногийн өмнө буюу 2023 оны зургаадугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд домогт “Хурд” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо толилуулсан билээ.

Сонсогчдын дунд хүлээлт үүсгээд байсан уг тоглолт нэгэн явдлыг эс тооцвол олны таалалд нийцсэн тухай олон нийтийн сүлжээнд сэтгэгдлүүд хөвөрнө. Тухайлбал, ид дундаа орж байсан тоглолтыг ойр орших хотхоны оршин суугчид “Хэт дуу чимээтэй байна” хэмээн гомдол гаргаж, шөнийн 00:00 цагт дуусгахыг шаардсан явдал юм.

“Харанга”, “Нисванис” зэрэг хамтлаг, дуучид дуулж амжилгүй өндөрлөсөн нь сонсогчдыг гонсойлгосноос бусдаар зохион байгуулалт сайн байсныг онцлов.

Зохион байгуулалт ямар байв?

Тоглолтын зохион байгуулалтын талаар асууж тодруулахаар төв цэнгэлдэх хүрээлэнд очиход тайзаа хураан, хогоо ачиж, цэвэрлэгээ хийж байлаа.

Талбайг тойруулан ажвал нийт 11 ширхэг нийтийн нойл байрлуулсан нь сайшаалтай. Хоёр хогийн машин дүүртэл хог ачиж буй ажилчдаас үзэгчид хэр их ил задгай хог хаясныг тодруулахад “Хурдын тоглолт бусад тоглолтыг бодвол харьцангуй цэгцтэй болсон. Хүн ч их ирсэн. Ил задгай хог түүлгэх сайн дурынхныг их ажиллуулсан. Дор дор нь хогийг нь түүгээд явсан” гэлээ.

Тэгвэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ердөө хажууд байдаг "Хурд" хорооллын СӨХ-ны ажилтнаас тодруулбал,

“Өмнөх өмнөх тоглолтыг бодвол энэ удаагийнх зохион байгуулалт сайтай болсон нь үнэн. Хэдий дотроо нийтийн нойл хэд хэдийг байрлуусан ч өчнөөн мянган хүнд яаж тэр нь хүрэлцэх вэ дээ. Бид багахан шиг тоглолт болоосой л гэж боддог.

Манайхан шээс баасыг нь дийлэхгүй, өнөөдөр бүгдээрээ цэвэрлэгээнд гарч байна. Нүх болгон руу шээчих гээд, эргүүл тойруул гаргаж байж хаалганаас наашхаа авч үлдсэн. Шорлогуудыг болиулмаар юм. Гадна ч шорлог, дотор ч шорлог. Жорлон, шорлог хоёр л асуудал юм байна лээ” гэв.

Оршин суугчид юу гэв?

Харин оршин суугчдаас хэр их чимээ шуугиантай байдаг талаар лавлахад хамтлаг дуучдын тоглолтууд, түүнээс гадна наадмын бэлтгэлээс наадам болох хүртэл маш их чимээтэй байдаг гэлээ. Харин бага зэргийн зайдуу бол чимээ сонсогдох нь бага төдийгүй хотхоны бүр цаад захын оршин суугчдад нэг их төвөг болдоггүй юм байна.

Оршин суугчдын зарим нь, “Чимээтэй байлгүй яах вэ. “Хурд”-ын тоглолт гэлтгүй ер нь л чимээтэй”, “Маш их чимээтэй байдаг. Шөнө унтуулахгүй нүдээд бөөн юм болно. Наадмын бэлтгэл ажлаас эхлээд л нүдчихнэ наадуул чинь. Манайх урд талд байдаг учраас чимээ багатай л даа. Хуучин яг дэргэдэх байрнуудад нь амьдардаг байхад ерөөсөө нүдчихдэг байсан”, “Ер нь дуу чимээ ихтэй”, “Ер нь ямар нэг арга хэмжээ болоход маш их чимээтэй байдаг” зэрэг байр суурийг илэрхийлж байлаа.

Харин зарим нь, “Манайх бүр хойд талын байр учраас юм сонсогддоггүй”, “Бүр урд амьдардаг учраас сонсогддоггүй” “Манайх хамгийн урд байдаг тул нэг их чимээ сонсогддоггүй”, "Урагшаа хол байдаг болохоор мэдэгддэггүй”, “Нэг их мэдэгдээгүй. Хол байдаг болохоор” хэмээлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн хувьчлагдсан нь

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суурь нь анх 1958 онд тавигдаж, жилийн дараа буюу 1959 онд ашиглалтад орсон байна. Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчлах үйл явц 1993 онд болсон.

Тухайн үед нийслэлийн Өмч хувьчлалын комиссын шийдвэр гарч, 49 хувийг нь хувь хүнд шилжүүлж, 51 хувийг нь улсын мэдэлд үлдээжээ.  

Олон шатны шүүх дамжиж, асуудал маргаан үүсгэсэн Төв цэнгэлдэхийн хэрэг эцэслэн шийдэгдэхдээ хувийн хэвшилд 51 хувийг хэвээр нь үлдээсэн шийдвэрийг шүүхээс зарласан байдаг.

Ингэснээр Т.Нямдаваа болон хамтрагчид нь "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХК-ийн 49 хувь, түүн дээр павильоны 1.6 хувийг нэмээд 51 хувийг эзэмших болжээ. Нэгэнт Төв цэнгэлдэх хүрээлэн иргэн Т.Нямдаваагийнх болсон учраас тэрээр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК байгуулсан байна.

Шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг 2021 онд ашиглалтад оруулах байв

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт буюу Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан 2019 онд гаргасан байна.

50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байдлаар барихаар төлөвлөж буй талаар мэдээлж байжээ.

Уг барилга 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад орох байж. Гэтэл одоо сураггүй.

Цэнгэлдэх хүрээлэнгийн талбай жилээс жилд багассаар байгаа

Цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд сүндэрлэх болсон. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмч байхдаа 31 га газрыг хамардаг байж. Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор аравхан га болтлоо багассан байна.

Иймд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэхээс илүү угаас өмнө нь хороолол боссон байршил нь цэнгэлдэхийн өөрийн эзэмшлийн талбай байсанд асуудлын гол шалтгаан бий гэлтэй.


Тэмдэглэл: "Цэнгэлдэхэд наадам л болдог" гэсэн хандлага харин жил ирэх бүр бүдгэрч байна. Сүүлийн 30 жилд хүн ам өслөө, залуус ч олширлоо. Нэг тоглолтоор бүрэн дүүрчихдэг болсон Төв цэнгэлдэх хүрээлэн одоо ариун цэврийн өрөө, орц гарц, хог хаягдлын менежмент хийгээд ойролцоох оршин суугчдын нөхцөл байдлаас шалтгаалан "хоцрогдож" эхэллээ гэлтэй.

Харин Нийслэлээс хувьчилж орхиод, өдгөө шинэ цэнгэлдэх барина 2021 онд ашиглалтад оруулна хэмээн ярьж байсан нь л анхаарал татаж байна.

Э.ГАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 13, 2023 08:47

Улс бн даа. 100,000 сууд�##�тай, дээвэр нь нээгдэж хаагддаг том стадион ганцыг барьчих хэрэгтэй

Зочин
Зочин
6 сар 13, 2023 14:14
Reply to  Зочин

Чимээ шуугиан гарг�##�аа гэж оршин суугчид гомдолдог гэнэ.Анх стадион байсан уу @ эсвэл орон сууц нь байсан уу гэдгээс л ш�##�тга�##�на даа..Стадиондоо тойруулаад барилга барьчихсан нь буруу.Тэгэхээр тэр орон сууцанд орсон хүмүүс буруу газраа сонгожээ . Хошигнох , уйлан дуугарах хэрэггүй бололтой.

Зочин
Зочин
6 сар 13, 2023 14:09
Reply to  Зочин

Уул нь томхон цэнгэлдэх хүрээлэн барьчих хэрэгтэй.Даанч МАН дарханы зам , цэвэрлэх байгужламж , нефть боловсруулах үйлдвэр барьж байгаа шиг мэлхий хурдаар ажиллаж байна даа.

zochin
zochin
6 сар 13, 2023 09:36

orchin ueiin standaartad niitssen tom stadion barikh tsag ni ali khediin bolson. Doorkh sanaltai neg bna.

Зочин
Зочин
6 сар 13, 2023 14:52

Цэнгэлдэхийн газарт орон сууц барьсан нь л буруутай

Зочин
Зочин
6 сар 13, 2023 16:51

Наана чинь орон сууц байх ёсгүй ш дээ , Энхболдын авлигаар багаахан орон сууц барьцан

Холбоотой мэдээ

Back to top button