Л.Гантөмөр, У.Хүрэлсүх нарын хэрэглэж байсан "Нэг монгол" нэрийг Н.Ганибал зээлджээ

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал, Ш.Адьшаа, С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Н.Туваан тэргүүтэй гишүүд санаачилж, өнгөрөгч амралтын өдрүүдээр "Нэг монгол" нэртэй хөдөлгөөн байгуулсан байна. Тэдний эхний цугларалт Асем төвд болсон бөгөөд намын эв нэгдэл, үйл ажиллагааг дэмжих зорилготой байгуулагдсан гэж тодотгожээ.
Уг хөдөлгөөний тэргүүнээр Н.Ганибал гишүүн ажиллах юм байна. УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд нэгдэж, нам дотроо фракци байгуулахаар ажиллаж байснаа больж, уг хөдөлгөөнийг үүсгэж байгаа аж.
Өмнө нь Л.Гантөмөр сайд байхдаа "Нэг Монгол" боловсролын хөтөлбөр зохион байгуулж байсан бол өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Нэг монгол" телевизийн нэвтрүүлгийг бэлтгэн цацдаг байв. Тэгвэл эдүгээ уг нэрийг АН доторх хөдөлгөөн авч ашиглаж буй нь энэ юм.
Улс төрийн хүрээнд "Нэг монгол" нэршлээр Ерөнхийлөгч асан Х.Баттулганам дотроо жигүүр байгуулж, мандатын хуваарилалтад хүчтэй нөлөө үзүүлнэ гэх мэдээлэл яригдаж буй. Үүнийг тус хөдөлгөөнийхөн үгүйсгэж байгаа юм. Хөдөлгөөнийхөн нэгэн үес МАН-ын "Шинэчлэлийн хороо" гэхчлэн нэршлээр байгуулагдаж байсан шиг өргөн хүрээтэй намын гишүүдийн нэгдэл гэх агуулгаар тайлбарлав.
Г.ИТГЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.