Нэг дороос | Боловсролын ерөнхий хуулиар МАН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ үдээс хойшх нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
НЭМЭЛТ: 16.05 цаг
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "Боловсролын ерөнхий хууль УИХ-д өргөн баригдаад хоёр жил болж байна. Хэлэлцэх зайлшгүй шаардлага байна. Энэ хуулийн 6.7 дахь зүйлтэй холбоотой асуудлаар маргаан гарч байна. Тиймээс энэ хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж буй асуудлаар байр сууриа нэгтгэх зайлшгүй шаардлага үүсч буй тул ажлын гурав хоногийн завсарлага авч байна. Шийдвэрлэж өгнө үү" хэмээлээ.
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар "УИХ-ын дэгийн тухай хуульд дээд тал нь тав хоногийн завсарлаг өгнө гэж заасан байдаг. Энэ дагуу МАН-ын бүлгийн гаргасан саналын дагуу ажлын гурван өдөр завсарлага өглөө. Ирэх долоо хоногт энэ хуулийн эцсийн хэлэлцүүлэг хийнэ" гэлээ.
Х.Ганхуяг: Бид дүлий дүмбэ оргиж байгаад батлах ёстой шүү
НЭМЭЛТ: 15.40 цаг

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: УИХ шийдэж чадахгүй байхад сайд шийдэж чадах юм уу. Хар хайрцагны бодлого гэж гэж ярьж байна. Би өнөөдөр олон улсын мэргэжилтэн. Хар хайрцагны бодлого гэдэг чинь огт өөр зүйл байдаг шүү. Тусгаар тогтнолын гол зарчмууд тэнд байдаг. Тэрнээс биш гарч ирээд попрох биш. Монгол хэлтэй, англи хэлтэй гагнуурчин хоёрын цалин огт өөр. Англи хэлтэй хүний цалин хөлсний үнэлэмж ямар байдаг билээ. Өнөөдөр бид монгол иргэдийн үнэлэмжийн асуудлыг ярьж байна. Бид дүлий дүмбэ оргиж байгаад батлаад явуулах ёстой шүү. Тэр тусам нь "хар хайрцагны бодлого"-оор англи хэлийг хуульчил" хэмээн дэмжиж үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: "Энэ хуулийн төслийг батлах ёстой гэдэгтэй санал нэг. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхахад англи хэл чухал. Ач холбогдлоороо өндөр гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ хуульчлах хэрэг байна уу. Жишээлбэл, гадаад хэлийг утга зохиолоос өндөрт тавьж үзэх боломжгүй. Эх хэлээс давсан гадаад хэл гэж байхгүй" хэмээлээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: "Боловсролын салбарын санхүүжилт, цахим шилжилт, үнэлгээ, засаглал, багш бэлтгэх тогтолцооны асуудлыг цогцоор нь шийдэх Боловсролын ерөнхий хуулийн гол концепцийг англи хэл тойрсон ганц заалтаар бүргэрүүлж, ард иргэдийг талцуулж, хуваах ямар шалтгаан байна. Энэ ер нь хэнд ашигтай юм. Ямар улстөрчид хэрэгтэй юм" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: "Уг нь би Л.Энх-Амгалан сайдын үгийг дэмжиж үг хэлсэн. Нарийвчилж хэлэх шаардлагатай болсон шиг байна. Би тантай 100 хувь санал нэг. Багц хуулийн чинь гол асуудал нь англи хэлний асуудал. Зөрчилдөөн үүсгээд байна. Хөтөлбөрт тусгах нь зөв үү гэдэг байр сууриа илэрхийл" хэмээлээ.
Г.Амартүвшин: Гадаад хэлийг багаас нь заах нь зөв. Хэддүгээр ангиас заахыг яам нь шийдэг
НЭМЭЛТ: 15.25 цаг

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: "Хэдүүлээ энэ хуулиа одоо явуулмаар байна. Хэдэн ч удаа ажлын хэсэг нь солигдож өөрчлөгдөв. Нэг зүйлээс болж хоорондоо үзэлцээд л байх юм. Болимоор байна. Багц хуулиараа шийдэх гээд байгаа зүйлд итгэдэг. Би зургаан настайдаа анхны гадаад хэлээ сурсан. 7, 8 насандаа үргэлжлүүлээд дараагийн гадаад хэлээ сурч байсан. Манай ээж франц хэлний багш. Тиймээс би ач холбогдлыг нь сайн ойлгож байгаа. Хар хайрцагны бодлогыг ойлгож байгаа. Гэхдээ хувийн сургуулиуд бага ангиас нь гадаад хэл зааж л байгаа биз дээ. Хэрэв тэгж яривал тэднийг болиулах ёстой биз дээ. Тиймээс гадаад хэлийг багаас нь заах нь зөв. Хэзээ хэддүгээр ангиас заахыг яам нь өөрөө шийдэг. Боловсролын багц хуулиа явуулах хэрэгтэй. Сайдын хэлсэн үг зөв" хэмээн санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Би Б.Жавхлан сайдын ангид хичээл зааж байсан. Англи хэлний багшийн дутагдал байсан ч шийдэж болж л байсан. Оюутнуудад заана гэдэг хамгийн хэцүү. Ганц хоёр үг буруу хэлээд англи хэл сайн мэддэг оюутнуудад шоглуулдаг, нүүр улайдаг л байсан. Байдгаараа хичээсээр энэ ажлын ард гарч байсан. Манай ангийн охид бүгдээрээ их сургуульд багшилж байна.
Гуравдугаар хэлээс англи хэл заах нь зөв. Хөтөлбөртөө тусгаад хуульчилчихвал сайн. Англи хэл дэлхийн хэл болчихлоо. Хэл сурлаа гээд хил хязгаараа алдчихгүй. Монголын тусгаар тогтнол тийм жижиг зүйлээр хэврэгшихгүй" хэмээн санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал, "Боловсролын хуулийг хэдүүлээ яаралтай батлаад есдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлье. Үндсэн гадаад хэл гадаад хэл байна гэдэг заалт дээр санал зөрөлдөөд байна л даа. Хөтөлбөрт оруулах нь нэг хэрэг. Хуульчлаад өгвөл илүү хүчтэй" гэлээ.
Л.Мөнхбаатар: Байнгын хорооны танилцуулга болон Г.Дамдинням гишүүний үг хоёрын нийцлийг шалга
НЭМЭЛТ: 15.20 цаг

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар: "С.Чинзориг гишүүн хэд хэдэн асуудал хөндлөө. Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулаад үг хэлье. Байнгын хорооны санал дүгнэлт гэдэг бол тухайн асуудлыг хэлэлцсэн талаарх байнгын хорооны даргын гарын үсгээр баталгаажсан танилцуулга бэлтгэгдэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны индэр дээрээс танилцуулагддаг зүйл.
Байнгын хорооны даргын гарын үсэгтэй танилцуулга, сая индэр дээрээс Г.Дамдинням гишүүний хэлсэн үг хоёрын нийцлийг шалгаж УИХ-ын тамгын газар надад танилцуулаарай. Нийтээрээ хэлэлцэж баталсан танилцуулгыг л унших л үүрэгтэй" хэмээн үүрэгдлээ.
С.Чинзориг: Г.Дамдинням хувийн тоглолт хийж, попорсон тул хэлэлцүүлэгт оролцохгүй
ЭХЛЭЛ: 15.00 цаг

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар 36 гишүүн сууж байгааг "Ирцгүй болчхоод байна" гэв. Мөн ажлын хэсгийн гишүүдийг танилцуулахад зарим нь ирээгүй байсан тул "Ажлын хэсгээс хүн байна уу. Ихэнх нь алга байна шүү дээ" хэмээв.
Байнгын хорооны танилцуулгатай холбоотойгоор зарим УИХ-ын гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Үндсэн хуульд ерөнхий боловсролыг үнэгүй олгоно гэж заасан байдаг. Төрөөс тавьсан шаардлага нөхцөлийг хангаж байгаа бол хувийн хэвшил боловсрол олгож болно гэсэн заалттай. Энэ Үндсэн хуультай хэр нийцэж байгаа вэ. Ингэж асуугаад Байнгын хорооны хуралдаанаар тодорхой хариулт авч чадаагүй. Зарим нь хувийн хэвшлийг дэмжсэнгүй гэж бухимддаг. Дэмжихгүй гэж яриагүй байна. Төрөөс тавьсан шаардлага нь юу юм.
Англи хэлийг тухайлсан заалт орж ирсэн. Ажлын хэсгийн гишүүний хувьд анх дэмжсэн. Бид англи эсэргүүцсэн юм биш. ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. Нэг хэлийг тухайлан хуульд оруулах нь учир дутагдалтай. Геополитикийн бодлого гэж бий. Тиймээс англи хэлийг хоёр дахь хэл болгох заалтыг өөрчилнө гэсэн. ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан учраас англи хэлний заалт байнгын хороон дээр унасан. Улмаар сургалтын хөтөлбөрөөр зохицуулж болно л гэсэн шүү дээ. Тэгэхээр ажлын хэсгийн ахлагч нь өөрөө хувийн тоглолт хийгээд "Ардын хүүхэд англи хэл сурч болдоггүй юм уу" гэсэн. Сая ч гэсэн чуулганы индэр дээрээс хэлж хувийн тоглолт хийж, попроод байх юм. Ажлын хэсгийн ахлагч нь ардын хүүхдийг дэмждэг, бусад нь дэмждэггүй болоод байгаа учир энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй" гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: "Манай С.Чинзориг гишүүн байнгын хорооны бас ажлын хэсгийн гишүүн. Байнгын хороон дээр ямар мэдээлэл явсныг би мэдэхгүй. ҮАБЗ-өөс бичгэн хэлбэрээр зөвлөмж гарсан бол би хараагүй. Би монгол хэлний ач холбогдлыг л дэмжих чиглэлээр гарсан байна гэж ойлгосон. Англи хэлтэй холбоотой асуудал бол Засгийн газраас өргөн барьсан төсөл шүү дээ. Ажлын хэсэг юу ч нэмээгүй. Засгийн газраар хоёр ч удаа орсон. МАН-ын бүлгээр хоёр удаа орж дэмжигдсэн. Мөн байнгын хороо, чуулганаар хүртэл орж дэмжигдээд эцсийн хэлэлцүүлгээр орж ирсэн төсөл. УИХ-ын гишүүд өөрсдөө ойлгоно биз дээ" хэмээлээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: "ҮАБЗ-ийн зөвлөмж нь гарсан л бол УИХ-ын гишүүд дагаж ажилламаар байгаа юм. Нэг хэсэг нь зөвлөмж гарсан гээд дагадаг, нөгөө хэсэг нь "ардын хүүхэд англи хэл үзэх ёстой" гээд хувийн тоглолт хийдэг. Ан-ынхан дэмжиж байна гэж ярьдаг. Ийм ёсзүйгүй ажлын хэсгийн ахлагч байж болохгүй. Тиймээс ажлын хэсгийн ахлагчийг сольж байж, хуулиа цааш ярих нь зүйтэй гэж бодож байна. МАН-ын бүлэг завсарлага авч ярих хэрэгтэй. Яагаад ҮАБЗ зөвлөмж өгч, биднээс эсрэг санал гаргуулсан юм. Яагаад ажлын хэсгийн ахлагч нь түүнийг нь эсэргүүцдэг юм" гэлээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: "Одоо тоглоом тоотой нь дээр. С.Чинзориг Засгийн газрын гишүүн ээ. Боловсролын ерөнхий хуулиар ганцхан англи хэлний асуудал шийдэх гээгүй байна. Хот, хөдөөгийн сургуулийн ялгааг арилгах гэж байгаа асуудал. Боловсролын чанарын ялгаа сүүлийн 30 жил баян хоосны ялгааг үүсгэсэн. Боловсрол нь өөрөө баян, хоосны ялгааг өдөөдөг тогтолцоо руу орчихсон байна. Таван том өөрчлөлтийг энэ хуулиар хийх гээд байна. Засгийн газраас өргөн барьсан хуульд тэддүгээр ангиас англи хэл үзнэ гэсэн заалт байхгүй.
Энэ хуулийн ач холбогдлыг англи хэлний маргаан болгож, "хэн нь ард түмэндээ хайртай вэ" гэдэг уралдаан болгоод дуусгаж болохгүй л дээ. Санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ. Сургууль цэцэрлэгийн засаглалыг улстөрчдийн гараас ангижруулна. Дүнгийн тогтолцоог хална. Сайн багш хамгийн их цалин авдаг болно. Хөтөлбөрөө шинэчилнэ.
АН өмнө нь завсарлага авсан. Одоо МАН авч болохгүй. Нэг хоногийн өмнө ч болтугай батлагдвал монголын ирээдүйд хэрэгтэй. Тоглоом тоотой нь дээр. Зарим нь хуулиа бүтэн уншихгүй байж "нэгдүгээр ангиас англи хэл заахаар боллоо" гэж иргэдийн бухимдуулдаг. Хувийн аминчхан тоглолт хийж болохгүй. Хэзээ ямар хичээлийг, аль ангиас, хэдэн цагаар заахыг хуульчилдаг байсан юм.
Үндэсний хөтөлбөр дээрээ бид англи хэл, мэдээлэл технологийн хичээлийг гуравдугаар ангиас эхэлж заана гээд батлаад явж байна шүү дээ" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улныханд Англи хэл хэрэггүй
Zaaval angli hel gedgee bolichgui uy,songoltin uldeegeed..
Enhamgalan uuruul angli hel surval busad hamaaguil gene,
Усныхаа англи хэлний хэрэг байхгүй, тэртээ тэдэнгүйгээр улнаас чинь гаргахгүй л гэж байх шиг вэ дээ манай төрийн түшээд