Улс төрийн мэдээ

Тойм: Алдагдсан боломжийг нөхөж, ирээдүйд мессеж өгсөн Л.Оюун-Эрдэнийн айлчлал

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдийн хамтаар БНХАУ-д таван өдрийн айлчлал хийлээ. Айлчлал бүр бэлгэдлийн шинжтэй болдог ерөнхий дүр зураг бий. Харин энэ удаа Л.Оюун-Эрдэнэ урд хөршид таван өдөр саатаж, удаан хугацаанд яригдаж ирсэн асуудлууд хийгээд ер хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн түншлэлийн агуулгаар тогтвортой хамтын ажиллагаа бий болгохоор уйгагүй уулзалт, форум, яриа хэлэлцээрт оролцоод ирлээ.

Айлчлал эхлэхээс өмнө ярьж, бичиж байсанчлан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн бүрэн эрхийн хугацаандаа ийн БНХАУ-ын хоёр Ерөнхий сайдтай уулзсан юм. Өмнө нь, цар тахлын дараахан "Өвлийн олимп"-ын үеэр нэг айлчилсан. Харин энэ хавар шинээр томилогдсон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай ингэж уулзлаа. Энэ бол сонирхолтой статистик.

Айлчлалын хүрээнд ямар хүмүүстэй уулзсан бэ?

  • БНХАУ-ын дарга Ши Жиньпин
  • БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян
  • БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи
  • "Чайна энержи" компанийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ болон бусад удирдлагууд
  • БНХАУ-ын Төрийн өмчийн компаниудын удирдлагууд
  • БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хоу Жянгуо нарыг дурдаж болно.

Мөн ямар үйл ажиллагаанд оролцсон бэ?

  • Тяньжин боомтод ажилласан
  • "Зуны Давос" чуулганы нээлтэд оролцсон
  • Хоёр улсын Хөрөнгийн биржийн санамж бичиг байгуулах ёслолд байлцсан
  • БНХАУ-ын Жөжян мужийн Нинбо хотод зочилж, Гангийн үйлдвэрийн туршлага судалсан
  • Бээжин хотноо хөрөнгө оруулагчдыг уриалсан "Welcome to Mongolia" өдөрлөгт оролцсон
  • Мөн Бээжин хотноо "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумыг зохион байгуулсан зэргийг нэрлэж болох юм.

Өөрөөр хэлбэл энэ дүр зургаараа айлчлал хийж, улаан хивсэн дээр алхаж, гар барин зургаа татуулж, хаалттай танхимд тодорхой асуудлаар цөөн хором ярилцаад буцаад нисдэг хэлбэрээр бус, чиглэл чиглэлээр нухацтай ажилласан нь уг айлчлалд ихээхэн хэмжээний ач холбогдол өгч буйг харуулж байгаа юм.

Мэдээж айлчлалаар ямар, ямар асуудлуудыг шийдвэрлэсэн, шийдвэрлэхэд түлхэц болсон бэ?

Нэг: Хөрөнгө оруулагчдад өгсөн мессеж

Дурдаж болох хамгийн том үр дүн бол БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад "Урт хугацаанд түншилж ажиллая, бид хариуцлагатай байна" гэсэн мессежийг форум зохион байгуулж, Ерөнхий сайд нь өөрөө индэр дээр үг хэлэх хэлбэрээр өгч чадсан явдал. Өнөөдрийн байдлаар Монголд урд хөршийн 7500 ААН байна. Хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг даруй 2-3 дахин нэмэгдүүлэхийн тулд зөвхөн төр хоорондын бус, төр хувийн хэвшил болон хувийн хэвшил хоорондын харилцааг нэмэгдүүлнэ гэж онцолсон.

Хоёр: Тяньжин боомт дахь Монголын газрыг ажиллуулах

Хоёрт гэвэл, Тяньжин боомт дахь Монголын эзэмшлийн 10 га газрыг ашиглалтад оруулах саналыг албан ёсоор тавьсан. Ингэвэл манай улс далайд гарцтай болох боломжтой. Замын-Үүд, Гашуунсухайт, Бичигт зэрэг боомтын ачаа тээврийн 90 гаруй хувь нь тус боомтоор нэвтэрдэг. Манай улс Тяньжин боомт дахь газраа ашиглалтад оруулснаар чингэлэг тээврийн гацаа арилж, бараа эргэлт хурдасч, дэлхийн 180 гаруй улсын 500 орчим боомттой холбогдох боломж нээгдэх юм.

Гурав: "Чайна энержи"-тэй уулзаж, Гашуунсухайтын төмөр замыг урагшлуулсан явдал

Ерөнхий сайд өмнөх айлчлалаараа Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын цэгийг тохироод ирсэн. Энэ удаа "Чайна энержи" компанийн төлөөлөлтэй уулзаж, хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг нэн даруй, ойрын хугацаанд хийж дуусгах ойлголцолд хүрлээ. Үүгээр 2023 оны сүүл, 2024 оны эхэн гэдэг тоо бичигдэж байгаа.

Ер нь "Чайна энержи" эрчим хүчний салбарт ч томоохон үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн топ 500 компанийн 85-д эрэмбэлэгдсэн групп. Энэ утгаар, цаашид урт хугацааны хамтын ажиллагаатай байх амбицаа ийн нотолсноор эрчим хүч, уул уурхайн экспортын чиглэлд ч давуу тал бий болгох боломжтой.

Дөрөв: Хилийн боомтуудын сэргэлт

Боомтын сэргэлт бол монголчуудад амин чухал гарц. Айлчлалын хүрээнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Боомтын сэргэлт хариуцсан сайд Б.Тулга нар хэд хэдэн амжилтад хүрсэн байна. Тухайлбал, Замын-Үүдийн боомтыг 24 цаг тасралтгүй ажиллуулахад санал нэгдсэн. Хоёр талаас ажлын хэсэг гарч ажиллана.

Мөн хоёр улсын хооронд авто тээврийн хэлэлцээр байгуулсан. Улмаар БНХАУ-аар дамжуулан Төв Азийн бүс нутаг руу авто тээвэр хийх боломж бүрдэж байна. Түүнлчэн Ханги-Мандалын төмөр замын хилийн боомтыг хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрт нэмж тусгах замаар хөгжүүлэхээр болсон юм.

Тав: Своп хэлцлийг дахин сунгалаа

БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлбэл энэ оны долдугаар сард дуусах байсан. Анх авсан валютаа тохирсон ханшаар эргүүлэн худалдана гэсэн үг. Дүн өндөр, ханшийн хэлбэлзэл их, гадаад валютын урсгалыг тогтмолжуулах өндөр шаардлагатай байгаа өнөө үед айлчлалын хүрээнд хэлцлийг дахин гурван жилээр сунгалаа.

Зургаа: Гангийн үйлдвэр, "Давосын чуулган", цөлжилт зэрэг бусад

Тохирсон томоохон яриа хэлэлцээрүүдээс гадна БНХАУ-ын төрийн өмчит компаниудын төлөөлөлтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан. "Давосын чуулган"-д оролцож, олон улсын шинжтэй, тэр дундаа байгаль экологийн асуудлуудад байр сууриа илэрхийлсэн байна.

Үүнээс онцлоход, эрчим хүчний шинэ салбарт хийгээд "Тэрбум мод" төслийн хүрээнд БНХАУ-тай хамтран ажиллах эхний ойлголцлыг хийсэн бөгөөд, улмаар манай улсад тулгамдаад буй цөлжилтийн асуудалд шийдэл болох эерэг талтай юм. Мөн "Аж үйлдвэрийн сэргэлт" бодлогын хүрээндээ, БНХАУ-ын Гангийн үйлдвэртэй танилцаж, тэдний туршлагыг нэвтрүүлэхээр ажилласныг тэмдэглэж болох юм.

  • Мазаалайг хамгаалах
  • Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийг шийдэх
  • Чойбалсангийн ЦС-ын зээлийг гэрээг сунгах
  • Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох
  • Ноос ноолууран бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох зэрэг ийм деталь хийгээд өндөр ач холбогдолтой агуулгуудыг хоёр улсын Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээр хийх үеэрээ үзэглэснийг төгсгөлд нь дурдъя.

Тэмдэглэл:

Геополитикийн шинэ нөхцөл байдалд БНХАУ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь газар зүйн байршлын хувьд ч манай улсад давуу талтай. Харин өнгөрсөн хугацаанд урд хөршид тодорхой эрх ашгаа ойлгуулж чаддаггүй, ойлголцолд хүрдэггүй асуудлууд явж ирсэн. Хил холболтын төмөр зам, боомтын асуудлууд, тэр дундаа Тяньжин боомт дахь Монголын эзэмшлийн газрыг ашиглалтад оруулах зэрэг нь сүүлийн 10 гаруй жил хөдөлж чадаагүй.

Харин энэ удаа ойр зайтай Ерөнхий сайд өөрийн биеэр айлчилж, айлчлалыг бас хүлээн авч байгаа нь эерэг дохио. Мэдээж дээр дурдсанчлан, бэлгэдлийн шинжтэй айлчлах бус, таван өдрийн турш чиглэл чиглэлийн хүмүүстэй уулзаж, сонирхлоо, мессежээ илэрхийлнэ гэдэг ихээхэн нухацтай хэлбэрт тооцогдож байна.

Тусгаар улсын хувьд бид өөрсдийн эрх ашгаа томоохон гүрэнд ойлгуулна гэдэг том алхам. Айлчлалын олон үр дүнг харахад, БНХАУ-ын тал санал тавьсан бүгдийг хүлээж авсан дүр зурагтай. Тэгэхээр үүний цаана, хэвлэлд мэдээлэгдээгүй ямар асуудлууд яригдаж, дарагдсан бас хойшилсон байж болоход анхаарал хандуулбал сонирхолтой юм.

Л.Оюун-Эрдэнийн танхимын "алдаагаа засах" хэлбэрийн шинэтгэл ажлын имиж энэ айлчлал дээрээс ч харагдлаа. Өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжийг нөхсөн агуулгууд юм, дээрх нь. Нөгөө талаар дараа дараагийн төрийн тэргүүнүүдэд хийгээд БНХАУ-д ч айлчлалын болоод хандлагын нэгэн том жишгийг тогтоож өгсөн нь бас олон улсын харилцаа, төр барихуйн тухайд том ач холбогдол дагууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 1, 2023 12:42

хятадын өрийг яаж ийж байгаад төлөөч дээ

Зочин
Зочин
7 сар 1, 2023 21:02

Ха ха манай попрохоос өөр чадваргүй нөхөр тэнгэрийн юмаа яриад л онигоо болно дөө

Зочин
Зочин
7 сар 1, 2023 21:54

Энэ дээр дөрөөлөөд хүнд аж үйлдвэрлэлээ хөгжүүлээд зүгээр юм

Зочин
Зочин
7 сар 1, 2023 21:55

Амжилт.

Зочин
Зочин
7 сар 2, 2023 07:02

Сонгууль дөхөөд сурт�##�чилгааны мөнгө хэрэг болоод хөрөнгө оруулагч нэрээр өмхий хужаа нарыг царайчилж яваа биз

Холбоотой мэдээ

Back to top button