"Ачлал трейд" ₮27.1 тэрбумын авлагаар ХБ-ны зээлээ төлж, "Дөрөвдүгээр эмнэлэг" бүрэн ажиллахад ойртжээ

Өнгөрсөн долоо хоногт "Монлаа" ХХК-ийн УИХ-ын гишүүн асан М.Билэгт, түүний хүү М.Ганбагана нарт төлөх ёстой 27.1 тэрбум төгрөгийн авлага ШШГЕГ-ын дансанд орж иржээ.
Улмаар "Монлаа" ХХК-ийн хувьцаа 100 хувь Х.Энхсайханы нэр дээр шилжих нөхцөл бүрдсэн байна.
Тодруулбал, 2012 оны наймдугаар сард "Монлаа" ХХК нь"Ачлал трейд" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч М.Билэгтээс ₮27 тэрбумыг зээлж, үүнийхээ барьцаанд М.Билэгт, М.Ганбагана нар нь тус компанийн 50 хувийг эзэмших болсон юм.
Тэд авлагаа 2019 онд Арбитрын шүүхээр баталгаажуулж, 27.1 тэрбум буюу 10.2 сая ам.доллараар (тэр үеийн ханшаар) тохирч байжээ.
"Монлаа" бол Хөгжлийн банкны зээлдэгч. "Ачлал трейд" ч мөн ижил.
"Монлаа"-гийн хувьд төмрийн хүдэр боловсруулах үйлдэр барих төсөл хэрэгжүүлнэ. Дорноговь аймгийн Элстэйн ордыг эзэмшдэг. Энэ бүтээн байгуулалтдаа зориулж 2014 онд Хөгжлийн банкнаас санхүүжилт татсан.
Харин "Ачлал трейд" өдгөө нэгдүгээр корпус нь ашиглалтад ороод буй "Дөрөвдүгээр эмнэлэг"-ийн барилгыг барьсан.
Тэд хоёул чанаргүй зээлдэгчийн ангилалд багтаж, Хөгжлийн банкны сүрт дуулианы үеэр буруутгагдаж байлаа.
Харин өдгөө "Монлаа" ХХК ХБНГУ-аас амжилттай хөрөнгө оруулалт татсан бөгөөд энэ дүнгээрээ,
- Хөгжлийн банкны үлдэгдэл 7.5 тэрбум
- "Ачлал трейд"-ийн хувьцаа эзэмшигч М.Билэгт, М.Ганбагана нарын авлага 27.1 тэрбум төгрөгийг тус тус төлж барагдуулж байгаа юм байна.
Ингэснээр "Ачлал трейд" хувьцаа эзэмшлийн хувьд "Монлаа"-гаас хамааралгүй болж буй бөгөөд, 27.1 тэрбум төгрөгийг мөн Хөгжлийн банкан дахь зээлийн үлдэгдлээ төлөхөд зарцуулах бололцоо бий болох юм.
Энэ талаар нь "Ачлал трейд"-ийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан М.Билэгтээс тодрууллаа.
Тэрбээр "10 жил хүлээсэн авлага орж ирж, нуруу тэнийлээ. "Ачлал трейд" Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар зээлсэн. Тухайн үед 36.8 тэрбум төгрөг болж байв. Харин таван жилийн дараа буюу өнөөдөр ханшийн алдагдлаас үүдэн 75 тэрбум болж өссөн.
Бид үүний 8 гаруй тэрбум төгрөгийг төлсөн.
Одоо "Монлаа"-гаас орж ирсэн 27.1 тэрбумыг мөн Хөгжлийн банкны зээлд өгнө. Ингээд цаана 40 тэрбум төгрөг үлдэнэ.
Бид мөн эмнэлгийн барилгын төслөө дуусгах, хоёрдугаар корпусын барилгын ажлыг гүйцээх санхүүжилт татахын тулд гадаадын хөрөнгө оруулагчидтай яриа, хэлэлцээр хийж байгаа. Энэ хэлэлцээр ирэх намраас бүтэх учиртай.
Үүний дараа манай компани үлдэгдэл зээлээ Хөгжлийн банканд төлөх бүрэн боломжтой" гэж ярилаа.
"Ачлал трейд" нь "300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор барьж байгуулах” төслийн хүрээнд I; II корпусын барилгын бүтээн байгуулалтдаа одоогоор нийт 60 сая ам.доллар зарцуулсан. 15 саяыг нь Хөгжлийн банкнаас зээлсэн. Одоо зөвхөн нэгдүгээр корпус нь л үйл ажиллагаа явуулж буй. Хоёрдугаар корпуст нэмэлт хөрөнгө оруулалт дутуу байгаа юм.

М.Билэгт: Төсөлдөө зарцуулбал ашигтай ч Хөгжлийн банкны зээлийг эхэлж төлөх ёстой
-"Монлаа" ХХК-иас орж ирсэн авлагыг та хоёрдугаар корпусаа дуусгахад эхлээд зарцуулбал, Хөгжлийн банкны зээлээ төлж дуусгахад дөхөм биш үү?
-Уг нь тийм. Энэ хугацаанд хувь хүн, ААН-үүдээс зээлсэн бага дүнтэй зээлүүд ч байж байна. Хоёрдугаар корпус ажиллаад эхэлчихвэл хэдхэн жилийн дотор зээлээ төлөх боломжтой. Гэхдээ нийгэм Хөгжлийн банкны зээлээ төлөхийг шаардаж байна.
Хамгийн гол нь цар тахлын шокоос гадна Хөгжлийн банкны дуулианы "нүдүүр"-ээс ААН-үүд эхнээсээ гарч, сэргэж эхэлж буй нь сайн мэдээ юм. Маш олон хөрөнгө оруулагч Хөгжлийн банкны дуулианаар үргэж гарсан. "Монлаа" өндөр хөрөнгө оруулалт амжилттай татаж чадлаа. Ингээд зээлээ ч төлөх нь. Бидний авлагыг өгснөөр маш том эерэг үр дүн авчирна.
Саяхан зохион байгуулсан эдийн засгийн форумууд, ГХ оруулагчдыг дэмжих Засгийн газрын бодлого нөлөөгөө үзүүлж байна.
Уг нь банк бол зээлээ урт үргэлжлүүлж, хүүгээс нь ашиг олж үйл ажиллагаа явуулдаг. Тэр үүднээс би эхлээд барилгаа дуусгая, тэгээд орлогоосоо төлье гэвэл зөв. Гэвч хандлага нь өөр. Уг нь Хөгжлийн банканд татвар төлөгчдийн мөнгө л явж байгаа. Ашигтай ажиллавал сайн сан.
-"Ачлал трейд" ашигтай ажиллаж эхэлсэн үү. "Дөрөвдүгээр эмнэлэг"-ийн үйл ажиллагаа овоо жигдэрчих шиг боллоо.
-Жил гаруйн дотор 50 мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтанд ажлын байр бий болголоо.
Миний зорилго бол энэ шүү дээ. Монгол хүн монголдоо, дэлхийн стандартад нийцсэн эмнэлэгт эмчлүүлэх. Энэ үүднээс төслөө хэрэгжүүлсэн. Хөгжлийн банкнаас зээл аваад, орон сууц бариад, түүнийгээ борлуулчихсан хүмүүс төлөхгүй яваад байгаа. Миний хувьд өөр, эмнэлгийн барилга эхлүүлсэн, хөрөнгө оруулалт дутсан, төсөл зогссон. Цар тахал гарсан. Ингээд байж байтал Хөгжлийн банкны дуулиан, шуугиан дэгдсэн.
Гэхдээ одоо ААН-үүд маань сэргэж эхэлж байна гэсэн эерэг мессеж ирлээ. Хувийн хэвшлийнхэн бол" Дэм дэмэндээ, дээс эрчиндээ" гэдэг хүмүүс. Түрээсийн орлогоо ч би "Дөрөвдүгээр эмнэлэг"-ийн залуусаас тооцоо нийлсэн актаар авлагынхаа дүнг баталгаажуулаад явж байгаа. Юу юугүй өг, тэгэхгүй бол гаргана гэж хандаж болохгүй шүү дээ.
Бид гадаадын хөрөнгө оруулагч хөөцөлдөж байгаа. Тэр маань бүтвэл хоёрдугаар корпусаа дуусгана. Хөгжлийн банкны зээлээ ч төлөхөөр төлөвлөж байна даа.
Тэмдэглэл: "Монлаа" ХХК-д ХБНГУ-аас гадна БНСУ-ын хөрөнгө оруулагч хамтрахаар болсон гэдэг мэдээлэл байгаа юм. Тодруулбал, БНСУ-ын томоохон групп компани Элстэйн ордны 60 хувийг 60 сая ам.доллараар эзэмшихээр тохирсон байна.
Элстэйн ордны төмрийн хүдрийн агууламж бага ч соронз ихтэй. Иймд дэлхийд хурдны галт тэргийн залгаасгүй төмөр зам хийхэд ашиглагддаг давуу талтай аж.
Энэ үйлдвэр 2026 онд ажиллах эхлэх хүлээлттэй.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөдөлмөрч эмэгтэй байна шүү
Сайхан мэдээ байна. Бизнесийнхэн Монгол руугаа гадаадаас хөрөнгө оруулалт татаж оруулж ирж, хөрөнгө оруулалтын санхүүжилтгүй олон жил гацсан төслүүдээ хөдөлгөж иргэдэд ажлын байр бий болох нь дээ. Амжилт хүсье
Хөдөлмөрч хүн өөр юмаа
Зальтай дольтороо авгайгдээ уих д хулгайч биш хүн гишүүн болж чаддаггүй шүү энэ бол батлагдсан тером
Хулгайч биш учраас л гишүүнээр сонгогдож байсан л даа. Сонгогчдынхоо дуу хоолой болж сайн ч дуугардаг гишүүн байсан.
Улсын эмнэлэг биш учир Кампанийхаа нэрээр нэрлэвэл таарна Үзлэг үйлчилгээнийхээ зардалыг бодьтой тогтоовол сайн сан
Захын нэг улс төрч л Монголын газрыг зардаг болж дээ