Top StoriesНийгэм ярилцлагаЯрилцлага

ШУТИС-ийн багш, инженер Г.Батзориг: Усны барилга байгууламж барих төслийг төсөв өндөр байна гэж хойшлуулсаар ирсэн

Хоорондоо арваад хоногийн зайтай хоёр удаагийн бороонд Улаанбаатар хот урсчихав. Орон сууцнуудын доод зоорийн давхар усанд автаж, зам, нүхэн гарч урсаж, эвдэрч дахиад л үер усны гамшгийн хор хохирлыг амсаж байна. Бид үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн хүнээс мэдээлэл авахаар ШУТИС-ийг зорьж, усны барилга байгууламжийн инженер, багш Г.Батзоригтой ярилцлаа. 

-Та өөрийгөө танилцуулаач?

-Намайг Гансүхийн Батзориг гэдэг. Шинжлэх Ухаан Tехнологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн салбарт багшаар, Тус сургуулийн Усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төвд судлаачаар ажилладаг. Усны барилга байгууламжийн инженер мэргэжилтэй. 2011 оноос өнөөг хүртэл мэргэжлээрээ ажиллаж байна. Судалгаа шинжилгээ болон судалгаа шинжилгээ дээр суурилсан 250 орчим ажлын болон техникийн зураг төсөл, ТЭЗҮ хийж гүйцэтгэсэн байна. Эдгээр ажлуудын 30 хувь нь баригдаад ашиглагдаад явж байна. Манай мэргэжлийн томоохон төслүүд хувийн хэвшил гэхээсээ илүү төр захиргааны байгууллагуудын захиалгаар хийгддэг. Яагаад гэхээр Үндсэн хуулинд төр иргэний  үндсэн эрх, эрх чөлөөг маш тодорхой тусгасан үндсэн чиг үүрэгтэй байдаг. Ард иргэд, хот суурин газрыг усны хор хөнөөлөөс хамгаалах байгууламж, ундны усан хангамжаар хангах зэрэг дэд бүтцийн барилга байгууламжийн томоохон магистралын ажлууд төрөөс хийгдэнэ.

Усны барилга байгууламж гэдэг үг ямар утгатай үг вэ?

-Сайхан асуулт байна. “Усны барилга байгууламж” гэж усны түрэлт болон урсацыг тохируулах, ус хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорхи ус олборлох, усны гамшгаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга, байгууламжийг хэлнэ.

-Хоёр удаа ойрхон бороо ороход маш их асуудал үүслээ. Энэ асуудлын гол шалтгаан нь юундаа байгааг мэргэжлийн хүнээс сонсмоор байгаа юм?

-Тиймээ маш их асуудал үүслээ. Улаанбаатар хотын Үерийн хамгаалалтын барилга байгууламж, зам талбайн ус зайлуулах байгууламжуудыг хангалттай хэмжээнд нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг тодотгож байна. Услагтай жилүүд үргэлжилж байгаатай холбоотойтоогоор манай орны ихэнх нутгаар хур бороо элбэгтэй үер усны гамшиг ихтэй жил тохиолдож байна. Олон шалтгаан байгаа. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдээгүй төлөвлөлтийн асуудлаас, газар олголтоос, барилгажилтаас, үерийн үед ажиллах барилга байгууламжаа нарийсгасан, түүн дээрх гүүр, нүхэн гарцыг далангийн төлөвлөлтийн түвшинд уялдуулаагүй, тухайн районд эзлэх барилгажсан болон цардмал зам талбай ба ногоон байгууламжийн талбайн хоорондын зохистой харьцаа алдагдсан зэрэг шалтгаанаас голчлон үүсээд байгаа.  Мөн хамгийн гол шалтгаан нь хөрөнгө оруулалтын асуудал юм. 1966, 1982, 2009 онд болсон үерүүд их хэмжээний хохирол учруулж байсан. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын тооцоолол гарч инженерийн бэлтгэл арга хэмжээний төлөвлөлт хийгдэж одоо байгаа үерийн хамгаалалтын барилга байгууламжуудыг өргөтгөн шинэчлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжуудыг шинээр  барих ажлын зураг хийгддэг. Энэ ажлыг хэрэгжүүлэх төрийн инстуци байгууллага нь хараахан болохгүй байгаад байна. Төсөв өндөр гарсан шалтгаанаар онцгой байгууламжийг дараагийн эрэмбэд оруулдаг гэх мэт. Эсрэгээрээ хөрөнгө оруулалтын хэмжээнээс хэдэн арав дахин хохирол учирч байна. Улаанбаатар хотын төвийн хэсгийн дүүргүүдийн хувьд төвийн хэсгээрээ Сэлбэ, Дунд голоор, Зүүн хэсгээрээ Улиастайн гол, зүүн уулын үерийн хамгаалалтын сувгаар, баруун хэсгээрээ Толгойтын гол, баруун уулын үерийн хамгаалалтын сувгаар үерийн усаа суурьшлын бүсээс зайлуулж байна. Баруун уулын үерийн хамгаалалтын суваг нь дэнжийн 1000-ын цагаан байрнаас эхлэн Гэсэр сүмийн урдуур, 25 эмийн сан, 10, 1-р хорооллын араар, Москва хорооллын зүүн талаар урагш эргэн Туул гол хүртэл үргэлжилдэг 11 км урттай 1965 онд баригдсан байгууламж юм. 47 жил ашиглагдсаны дараагаар сувгийн засвар шинэчлэлтийн ажлын зураг одоогоос 11 жилийн өмнө хийгдсэн. Тухайн барилга байгууламжийг барих төсөвт өртөг өндөр гарсан байдаг. Эхнээс нь бага багаар төсөвт суулгадаг. Нэг мөр төсөвт суулгаж чадахгүй жилдээ 1 тэрбум төгрөг тавьдаг. Тэр нь 11 км үерийн хамгаалалтын 400-500 метр хэсгийг хийгээд зогсдог. Тэгэхээр ямар байгууламжид яаж хандаж хэдэн жил уртсах нь тодорхой. Үерийн хамгаалалтын барилга байгууламжууд ч төдийгүй томоохон усалгаатай газар тариалангийн төслүүд 1990 оноос өмнө амжилттай хэрэгжиж байжээ. Шалтгаан нь Усны аж ахуйн яамтай, яам нь холбогдох төлөвлөлт төлөвлөгөө хэрэгжилт хангадаг байгууллага байсан.

-Үерээс хамгаалж байгаа байгууламж хэд байгаа юм, хэдэн хувьтай хамгаалдаг вэ. Өчигдрийн үерт 194 барилгын зоорийн давхар усанд автлаа?

-Улаанбаатар хотын хувьд 53 байршилд 163.2 км урттай үерийн хамгаалалтын  барилга байгууламж, 203 км урттай зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээтэй. Тус 194 барилгын өндөржилт төлөвлөлтөөс хамаарсан. Зоорийн усыг зайлуулж ариутган халдваргүйжүүлж, цаашид хөрсний ус болон үерийн ус орохгүй байх нөхцлийг хангах төлөвлөлт гарган нэмэлт арга хэмжээг авах шаардлагатай.

-Та бүхний мэдлэг мэргэжил энд их чухал байгаа юм. Тэгэхээр оролцоо хэр байдаг вэ?

-Судлаачид, холбогдох мэргэжлийн байгууллагууд хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөнд тухайн цаг үеэсээ хамаараад байнга оролцоод явдаг. Тэнд нэг дэд бүлэг нь инженерийн бэлтгэл арга хэмжээ буюу энэ гадаргын бол газрын доорх усны хор хөнөөлөөс хамгаалах байгууламж төлөвлөлт гэж байдаг. Үүнд усны барилга байгууламжийн инженерүүд оролцоод явдаг. Үүнтэй холбоотойгоор дараа дараагийн бүсчилсэн нарийвчилсан хэсэгчилсэн төлөвлөлтийн дараагаар ажлын зургийн шатанд дээрх төлөвлөлт орхигдсон байх магадалалтай. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй одооноос бэлдэж эхлэх шаардлагатай.

-Замыг ус зайлуулах байгууламжтай нь хамт зураг төсөл гаргахаар төсөв өндөр байна гээд таначихдаг-

-Одоо та бүхэн яг энэ үүсээд байгаа асуудал дээр ямар шийдэлтэй байна вэ. Оролцоогоо сайжруулья гэдэг ч юмуу?

-Оролцоогоо сайжруулна. Санал зөвлөмжөө манай усны байгууллагууд өгч ажиллаж байна. Шийдвэр гаргах түвшний сайд, дарга л шийдэх үлдээд байна. Өнөөдөр усны төлөөлөл Нийслэлийн ЗДТГ дээр холбогдох байгууллагын хүсэлтээр санал, солилцож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцахаар болж байна. Тэр уулзалтаас тодорхой асуудлууд шийдвэрлэгдэх байх. Цаашид ийм асуудлыг мэргэжлийн томоохон байгууллага авч явах шаардлагатай байна гэж харж байна.

-Та нар цаасан дээр зурж төлөвлөдөг. Тэрний дагуу яг хийж байна уу. Барилга барьж байгаа компанид чиглэл өгөх мэргэжлийн хүн аль шатанд нь байж байх ёстой вэ?

- Зураг төслийн дагуу хийгддэг ажлууд байдаг. Зураг төсөл, барилга угсралт, ашиглалтын шатанд мэргэжлийн хүн зайлшгүй байх хэрэгтэй.

-Цөөн хэдэн мэргэжилтэн байдаг юм байна. Компаниуд бүтээн байгуулалт эхлэхдээ та бүхнээс зөвлөх үйлчилгээ хэр авдаг вэ?

- Зураг төсөл, Барилга угсралтын ажлын шатанд хамтраад зөвлөгөө аваад явдаг цөөн байгууллага байдаг.  Барилгажилтын төсөл гэхээрээ тэр чигээрээ төлөвлөлт дээр нь харж байхад дээврийн, пасадны ус, зам талбайн ус зайлуулах гээд байдаг. Бүгдийг нь цардмал эсвэл асфальтан байдлаар төлөвлөдөг. Тэгэхээр энэ нөхцөл байдал чинь өөрөө төлөвлөлтийнхөө шатанд болохгүй байгааг хэлээд байна. Цаашдаа барилгажих жижиг нэгж талбайг ч гэсэн ногоон байгууламжтайгаар төлөвлөвөл тэр талбай дээр буусан ус доошоогоо шингэнэ. Цардмал талбайгаас ирэх хэсгийг нь хуримтлуулах, татан зайлуулах төлөвлөлт гаргаад явахад болохгүй зүйл үгүй юм.  Төлөвлөлт маш чухал.  Барилга нэмэгдэх тусам нэгдсэн ус зайлуулах коллекторыг барих шаардлагатай байсан. Тэр болгоныг төсөв байхгүй гэсэн шалтгаанаар хаяж явсан нь ийм байдалд хүрч байна.

-Замын ус зайлуулах шугам  дээр бас л асуудал байна?

-Түрүүлээд замаа барьчхаад байгаа юм. Тэгээд замаа барихдаа ус зайлуулах байгууламжтай баривал төсөв нь өндөр байна гэдэг ч юм уу хасаж, танаж төсөвлөдөг. Дараа нь ус тунаж байгаа газруудыг түүж ус зайлуулах байгууламж хийдэг. Гэтэл тэр барьсан зарим зам нь түвшин нь доор байрласан, цаанаа нэгдсэн байдлаар хүлээн авч зайлуулах байгууламжийн хүчин чадал нь бас хүрдэггүй. Тэгэхээр замын зураг хийхдээ заавал ус зайлуулахыг хамт хийдэг болох хэрэгтэй. Үүнээс өмнө нэгдсэн системээр ус зайлуулах нөхцөл боломжийг хангаж томоохон төв магистраль шугамуудыг барьсан байх ёстой.

-Цаг бороо ороход Улаанбаатар тэсэхгүй гэж байна. Цаашид орох бороонд бид яах ёстой юм болоо?

Хуримтлуулах, тохируулах, зайлуулах байгууламжуудын бүтээн байгуулалтаа баталгаажсан ажлын зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх шаардлагатай.

Цаашдаа үер буувал хөрс усаар ханачихсан, үерийн далан сэтэрсэн, ус зайлуулах байгууламжуудын хагшаасны цэвэрлэгээ хийгдээгүй байгаа учир бүр эрсдэлтэй.  30 минутын эрчим өндөртэй бороо ороход ахиад л үер болно. Тэгэхээр үерийн бүсэд байгаа айл өрхийг нүүлгэх шаардлагатай. Давхар газар олголтыг шийдээд аюулгүй орчинд шилжүүлэх хэрэгтэй. Ууттай элс хамгаалах шийдэл биш л дээ. Бусад улс орнууд хотоо байгуулахдаа усны байгууламжаа хамгийн түрүүнд төлөвлөдөг. Манайхан түрүүлээд газар зохион байгуулалт, холбогдох төлөвлөлтүүд яваад хүмүүс нь газраа аваад барилгаа барисаны дараа араас нь яваад байгаа. Инженерийн бэлтгэл арга хэмжээний төлөвлөлтөөр гарч ирсэн холбогдох байгууламжуудын ажлын зургийг хийлгэх, зураг төсөлтэйг нь түрүүлээд барих ёстой. Түр зуур торгоох байгууламжууд хийж болно.

- Явж, явж гол шийдэл нь бол усны төв байгууллагатай л болох асуудал юм бишүү?

-Олон жилийн төлөвлөгөө дээрээ үндэслэсэн барилга байгууламжуудыг барин иргэдийг аюулаас хамгаалах шаардлага үүсч байна. Үүнийг ямар байгууллага бариад байгаа юм бэ гэхээр нийслэлийн холбогдох байгууллагууд, яамдууд тус тусад нь чиглэл чиглэрээр  нь усны асуудлыг салгаад авцан үйл ажиллагаагаа явуулж байна . Олон улсад бол усны бодлогын байгууллага байдаг. Гэтэл манайд байдаггүй. Энэ маш олон жижиг хэлтэс нэгж болчихсон салбар чинь томоохон шийдвэр стратегийн 20, 50, 100, 200 жилийн төлөвлөгдөх арга хэмжээг үргэлжлүүлэн авч явах инстуци нь байхгүй болчхоод байгаа юм. Үүнийг шийдвэрлэх гол гарц бол усны аж ахуйн яам байгуулах шаардлагатай. Манай хоёр хөрш орон хоёулаа усны яамтай. Яамнаасаа бүх шийдвэрээ гаргаад явдаг. Холбогдох яамдаа зөвлөн туслах үйлчилгээгээ өгөөд судалгааны байгууллагатайгаа хамтраад явж байдаг. 

-Манайд энэ салбарын мэргэжилтнүүдийн ур чадвар мэдлэг туршлага ямархуу түвшинд байгаа гэж та хардаг вэ?

-Салбарын боловсон хүчин чадварлаг, олон улсын түвшинд хэрэглэгдэж буй холбогдох программ хангамжийг ашиглан тооцоолол гаргаж зураг төслөө боловсруулан түүнийг барьж байгуулах ажлыг  гүйцэтгэж байна.  

-Усны холбооны тухай та мэдээлэл өгөөч?

-“Цэнхэр Алт Ногоон Хэрэм Монголын үндэсний усны ассоциаци” НҮТББ юм. 2021 оноос тус холбоо дээр бусад мэргэжлийн холбоод нэгдэх, Аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан ажиллаж байна. Манай холбоо нь Монгол Улсын засгийн газар, төрийн захиргааны байгууллагуудад мэргэжлийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах, салбар дундын цахим нэгдсэн систем бий болгох, салбарын хүний нөөц, хуулийн этгээдийн уялдаа холбоог хангах, салбарын норм, стандарт, дүрэм, журам, судалгаа, эрдэм шинжилгээний хөгжлийн асуудлыг судлахад хувь нэмэр оруулах, олон улсад болон орон нутагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, дэвшилтэд техник, технологи нутагшуулах тал дээр үндсэн чиглэлээ болгож үйл ажиллагаагаа явуулж байна.

Эцэст нь хэлэхэд Усны газрын дарга асан Ш.Мягмар инженерийн хэлдэг үг санаанд орлоо “Усны ажил бүтвэл улсын ажил бүтнэ” гэж.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 25, 2023 08:23

В1 давхрууд яг яах ёстой юм СӨХүүдэд зөвлөөд иргэд ямар оролцоотой засах вэ Ингээд л соруулаад байх юм уу

Эгэл
Эгэл
7 сар 25, 2023 12:34

Гэсэн ч усны барилга байгууламжийн мэргэжилтнүүд дуу хоолойгоо хүргэмээр байна,анх удаа ийм ярилцлага болж гэхэд хилсдэхгүй.Тэрүүхэн тэндээ битгий бүгээд байгаач дээ.Хөдөөд гэхэд төмөр замын д�##�ан,хар зам байнга үэрт автагдаж урсаж байна,гэтэл түүнийг урссан хойно нь хөрөнгө зарж засах биш,өмнө нь урсахгүй болгох хямд төсөр маш олон арга байна,ядахдаа ганц жижиг экскаватор буюу унаг�##�дайгаар үэр эхэлдэг газраас авахуулаад хэд хэдэн цуварсан хөв цөөрөм байгуулахад л асуудлыг шийднэ.Усны барилгын мэргэжилтнүүд ээ та нарт хийх ажил +авах ц�##�ин их л байна шүү санаачлагатай ажиллаарай

Зочин
Зочин
7 сар 25, 2023 14:31
Reply to  Эгэл

Мэргэжлийн хүмүүс нь үеийн үед хэлдэг, хэн ч тоодоггүй, эсвэл сонссон дарга цэргүүд нь жил хүрэхгүй солигдоод явчихдаг. хувийн байгууллагууд нь ажил аваад хийх гэхээр төсөвийг нь танаад �##�дагд�##�д оруулчихдаг. улсын байгууллагад ажилладаг хүмүүсийг нь хааж боож байгаад дарга нарын хамаар�##� бүхий хүмүүсээр сольчихдог. Адаглаад л БОАЖ-ын сайд нарыг нь хар л даа, сүүлийн үед дандаа сэтгүүлчид тавьсаар ирсэн. Гай гамшиг болохоос нааш энэ с�##�барыг тоож сонсдоггүй болохоор энэ удаагийн үерээр л энэ с�##�барын мэргэжилтнүүдийн хэрэгтэйг нийтээрээ ойлгож байх шиг байна.

Би нь
Би нь
7 сар 26, 2023 15:21

Нэг аймгийн удирдах ажилтнуудын хур�##� дээр үер усны эрсдэл байна, төсөв гаргаач гэсэн мэргэжилтнээ бүгдээрээ даапа�##�аад усны гут�##�, борооны цув аваад л болоо ш дээ гээд инээлдцгээж байсан. Суганы үснүүд.

Холбоотой мэдээ

Back to top button