Top StoriesДЭЛХИЙ

E&E News: АНУ ашигт малтмал худалдаж авахын тулд Монгол руу анхаарлаа хандуулав

“Politico” агентлагийн эрхэлдэг “Environment & Energy News” мэдээ, мэдээллийн байгууллага АНУ ногоон энергийн технологид шаардлагатай материалууд хайж байгаа, энэ нь Монголд ямар ач холбогдолтой талаар нийтлэл оруулжээ.

Тус нийтлэлийг уншигч та бүхэндээ орчуулж хүргэе.

АНУ чулуужсан түлшийг, цэвэр эрчим хүчээр орлуулахад шаардлагатай материалуудыг олж авахын тулд дэлхий даяар эрэл хайгуул хийж байна.

Тэдний анхаарлын төвд саяхан өртсөн орон нь АНУ-ын өрсөлдөгч болох БНХАУ, ОХУ-ын хооронд оршдог байгалийн баялаг ихтэй Монгол юм.

Монгол зэс, алт, нүүрс болон газрын ховор элементийн арвин нөөцтэй учир нэгэн цагт “Minegolia” гэгддэг байсан. Тус улсад өнгөрсөн сард АНУ-ын өндөр албан тушаалтнууд айлчилж, ашигт малтмалын шинэ эх үүсвэр илрүүлэн БНХАУ-аас газрын ховор металлын хувьд хараат бус байдлыг багасгах гэж оролдож байгаа юм. 

Тэрхүү айлчлал нар, салхины цахилгаан станц, мөн олон тооны цахилгаан машин үйлдвэрлэхэд шаардлагатай ашигт малтмалын нөөц, баялагтай орнуудтай гэрээ байгуулахын төлөө АНУ ажиллаж буйг харууллаа. 

Одоогийн байдлаар БНХАУ дэлхийн ашигт малтмалын зах зээлд ноёрхдог. Тэгтэл Америк албан тушаалтнуудын хэлж буйгаар бол АНУ-ын стратеги бол ногоон технологи үйлдвэрлэдэг дотоодын компаниудад шаардлагатай эд анги, материалыг худалдан авах сүлжээг төрөлжүүлэх юм. 

Жилийн өмнө АНУ-ын Бээжинтэй харилцах харилцаа огцом муудсаны дараа ажлыг илүү хурдацтай хэрэгжүүлэх болсон. Учир нь гэвэл сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр зэхэж буй энэ үед БНХАУ ашигт малтмал нийлүүлэхээ хязгаарлах вий гэж АНУ болгоомжилж буй. Ингэхийн тулд Байдены засгийн газар ашигт малтмалын баялаг ихтэй улс орнуудад бусдаас илүү ашигтай худалдааны гэрээ санал болгох аж.

АНУ-ын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал хариуцсан нарийн бичгийн даргын орлогч Хосе Фернандес “Enviroment & Energy News” агентлагт ярилцлага өгөхдөө “Монгол Улсын өмнө томоохон боломж гарч ирсэн. Тэр боломж бол бид цэвэр эрчим хүчний зорилгодоо хүрэхийн тулд чухал ашигт малтмал, газрын ховор элементийг олох хэрэгцээ юм. Бидний санал болгож буй зүйл нь Байгаль орчин, нийгмийн захиргааны зарчмуудыг даган мөрдөж,хариуцлагатайгаар, нийгэмдээ ашигтай байдлаар ашигт малтмал нийлүүлэх арга зам юм." хэмээсэн байна.

Фернандесийн хэлсэн зүйл бол газрын баялаг ихтэй боловч санхүүгийн хувьд буурай, эдийн засгаа өсгөхийг хүсэж буй орнуудын хувьд таатай мэдээ. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг ихээхэн амсаж, иргэд нь уул уурхайн төслүүдийг эсэргүүцэх болсон Монгол Улсын хувьд бүүр ч илүү ач холбогдолтой юм. 

Гэхдээ АНУ ихээхэн зүйлийг давж гарах хэрэг тулгарна. Америк компаниуд газар нутаг, ард түмнийг ньбаялгийн төлөө ашиглаад хаяж, байгаль орчныг нь бохирдуулаад орхихгүй гэж тэдгээр улсуудад итгүүлэх хэрэгтэй. Мөн АНУ байгалийн баялаг ихтэй улсуудыг хөрөнгө оруулалт татах бодлого батлан, түүнийгээ дэмжихийг хүсэж байгаа юм.  

Монгол улсын хувьд логистик, геополитикийн эргэн тойронд нь үүссэн хурцадмал байдал бас чухал. Тус улс руу БНХАУ, ОХУ-аар дамжихгүй хүрэх зам байхгүй. Гэхдээ АНУ баялаг ихтэй орнуудаас ашигт малтмалын шинэ эх үүсвэр олж чадахгүй бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тавьсан зорилтууд нь эрсдэлд орно.

Дэлхийн улс орнууд Парисын цаг уурын хэлэлцээнд оролцохдоо хүлэмжийн хийн ялгаралтаа багасгах амлалт өгсөн. Тэдгээр амлалтдаа хүрэхээр сэргээгдэх эрчим хүчний салбараа сайн хөгжүүлбэл шаардлагатай ашигт малтмалын эрэлт ирэх хорин жилд их хэмжээгээр нэмэгдэнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг тооцоолж байгаа.

Литийн эрэлт 40 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа. Мөнбал чулуу, кобальт зэрэг нь цахилгаан машин үйлдвэрлэхэд шаардлагатай учир эрэлт нь нэмэгдэнэ.Мөн Монголын газар нутагт арвин их байдаг, нар салхинаас энерги гаргаж авах технологид шаардлагатай зэсийн эрэлт 40 гаруй хувиар өсөх магадлалтай.

"Арван жилийн дотор лити, бал чулуу, зэс зэрэг чухал ашигт малтмалын хомсдол үүссэний улмаас эдгээр материалын үнэ нэмэгдэж, цэвэр эрчим хүчний технологийн хөгжлийг удаашруулна" гэж Фернандес Стратегийн болон Олон улс судлалын төвөөс саяхан зохион байгуулсан арга хэмжээний үеэр хэлэв.

Фернандесийн хэлсэн хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд Байдены засгийн газар шуурхай ажиллаж байна. ​Америкийн албан тушаалтнууд шаардлагатай ашигт малтмал нийлүүлэгчтэй болохын тулд Монгол гэх мэт орнууд болон холбоотон улсуудтайгаа хэлэлцээ хийж байгаа юм. 

Монгол бол түүхий эдийн боломжит эх үүсвэрүүдийн л нэг. Өнгөрсөн жил Фернандес Өмнөд Африк, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Мексикт айлчилсан. Мөн тэрбээр өнгөрсөн тавдугаар сард чухал ашигт малтмалын төслүүдийг хэлэлцэхээр Аргентин улсын албан тушаалтнуудтай цахимаар хэлэлцээ хийсэнбилээ.

Монгол Улс АНУ-ын хувьд хэр ач холбогдолтой нь одоогоор тодорхойгүй байна. Тус улс дэлхийн нийт зэсийн 1.4 хувь, молибдений 1 хувийг үйлдвэрлэдэг. Монгол бол хүн амын нягтшил хамгийн багатай орны нэг. Нүүдэлчин ард түмнийх нь хөл дор оршин буйашигт малтмалын нөөц, баялгийн хэмжээг одоо хүртэл бүрэн тогтоогоогүй байгаа юм.

Монголын ард түмэн соёл, уламжлалаараа байгаль орчинтойгоо их ойрхон амьдардаг болсон. Ийм учир тус улсад томоохон уул уурхайн төсөл явуулах нь хүрээлэн буй орчныг доройтуулна гэх эсэргүүцэлтэй тулгараад байна. Уур амьсгалын өөрчлөлт нь Монголд ган гачиг, шороон шуурга их дэгдэхэд хүргэсэн. Тус улсын нийслэл Улаанбаатар нүүрсний өргөн хэрэглээний улмаас дэлхийн хамгийн муу агаарын чанартай хотуудын нэг болжээ.

Хойд талаараа ОХУ, урд талаараа БНХАУ-аар хашигдсан Монгол Улс АНУ, Франц, Австрали зэрэг орнуудтай харилцаж, хоёр хөршийнхөө улсад нь үзүүлэх нөлөөллийг багасгахаар хичээж ирсэн. Тухайлбал өнгөрсөн тавдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Монголд айлчилж ашигт малтмал, тэр дундаа уран худалдан авах гэрээ байгуулсан гэх мэдээлэл бий.

Монгол Улсын эдийн засгийн дөрөвний нэг нь уул уурхайгаас хамааралтай. Мөн экспортын орлогын 90 орчим хувийг ашигт малтмалаар бүрдүүлдэг бөгөөд экспортын ихэнхээ Хятад руу гаргадаг. Хөрөнгө оруулагчдад зориулсан “Mongolia Weekly” сэтгүүлийнэрхэлдэг, Монголын дипломат ажилтан асан А.Амар “Хэрвээ Хятадууд “Бид та нараас нүүрс, зэс авахаа болилоо” гэж хэлбэл Монголын эдийн засаг зогсоно” гэж хэлжээ.

Ирээдүйд Монгол ашигт малтмалын зарим хэсгээонгоцонд ачиж, гадагш гаргах боломжтой гэж мэргэжилтнүүд хэлж байна. Гэхдээ ингэж экспортлох материалын ихэнхийг бага жинтэй, боловсруулсан бүтээгдэхүүн болгох шаардлага тулгарна. Боловсруулах үйлдвэр барихад шинэ хөрөнгө оруулалт шаардагдана. Мөн бохирдол их үүсгэдэг тул, боловсруулах үйлдвэрийг тус улсын иргэд эсэргүүцэж магадгүй юм.

Зарим түүхий эдийг Өмнөд Солонгос руу экспортлон, тэнд боловсруулж, АНУ болон түүний холбоотнууд руу худалдаалах боломжтой. Фернандесийн Монгол Улсад дахь айлчлалынхаа үеэр БНСУ, АНУ, Монгол Улсын хийсэн анхны гурван талт уулзалтыг хийж, ашигт малтмал, баялаг нийлүүлэлтийн сүүлжээ үүсгэхэд хамтран ажиллах талаар ярилцсан.

АНУ одоогийн байдлаар Монголд газрын баялгийн нөөц илрүүлэх, тендер шалгаруулалтын ажлын ил тод байдлыг сайжруулах тал дээр туслалцаа үзүүлж байгаа. Энэ нь дараа дараагийн төсөл хэрэгжүүлэхэд тус болж болох юм.

Эх сурвалж: Environment & Energy News

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

god bless america and mongolia

Холбоотой мэдээ

Back to top button