БНСУ: Бусдын амь насанд заналхийлсэн 46 хүнийг баривчиллаа

Сүүлийн үед Өмнөд Солонгост хутгатай этгээдүүд олон нийтийн газарт хүмүүс рүү дайрсан хэрэг гарах болсон. Халдлагуудын улмаас 16 хүн бэртэж, харамсалтайгаар 2 хүн нас барсан юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Солонгосын цагдаагийн алба цахим платформуудад бусдын амь насанд заналхийлж, сүрдүүлсэн зүйл бичсэн 46 хүнийг баривчилсан байна.
Тухайлбал Ёнвол мужид нэгэн өсвөр насны хүүхэд өнгөрсөн амралтын өдрүүдээр Вонжү галт тэрэгний буудал руу очиж хүмүүсийг хутгална гэж бичсэн учраас баривчлагдсан аж. Мөн Гуяан хотод оршин суудаг өсвөр насны хүүхэд Докяан дүүрэгт хүмүүс рүү хутгатай дайрч, ална гэсэн агуулгатай зүйл бичсэн тул цагдаа нар саатуулжээ.
Баривчлагдсаныхаа дараа тэд бусдын анхаарлыг татах, хөгжилдөхийн тулд тийм зүйл бичсэн гэж хэлсэн байна. Өмнөд Солонгосын Ерөнхий прокурор ням гарагт (2023.08.06) ийм заналхийлсэн мессеж цахимаар тараасан хэргээр баривчлагдсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж хэлсэн юм.
Олон нийт рүү халдах гэмт хэрэг гарах болсонтой холбогдуулан Өмнөд Солонгосын цагдаагийн алба улс даяар метроны зогсоол, их дэлгүүр гэх мэт 247 газарт 12,000 алба хаагч байршуулсан байна.
Эх сурвалж: Korea JoongAng Daily
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.