Орон нутагт ажиллах багш хомс байдагтай холбоотойгоор зарим аймаг‚ сумууд өндөр болзолтой ажлын сонгон шалгаруулалт зарлаад байгаа.
Дорноговь аймгийн хувьд арван эмч‚ арван багшийн сонгон шалгаруулалтад тэнцэн‚ тогтвортой тав болон түүнээс дээш жил ажиллавал хоёр өрөө байр өгөх шалгаруулалт зарласан тухай бид мэдээлсэн.
Тэгвэл Хөвсгөл аймгийн Ханх сумын ЕБС-д таван хичээлийн зургаан багшийн ажлын сонгон шалгаруулалт зарлажээ.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Ханх сумын ЕБС‑ийн ахлах‚ дунд анги хариуцсан сургалтын менежер Б.Дэлгэрмаагаас тодрууллаа.
Тэрбээр “Манай сумын ЕБС‑д дараах ажлын байрнуудад сонгон шалгаруулалт зарласан.
- Математикийн багш-2
- Химийн багш-1
- Биологийн багш-1
- Мэдээллийн технологийн багш-1
- Түүх‚ нийгэм судлалын багш-1
Улс орон даяар химийн багш хомс. Иймд химийн багшийн ажлын байранд сонгон шалгаруулалтгүйгээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас холбогдсон химийн багшийг манайх авсан. Тухайн багшийг гэр бүлийнх нь хамт сургуулиас машин гарган байрлах байшинд нь аваад ирчихсэн байгаа.
Бусад хичээлийн багш нарыг сонгон шалгаруулж авах бөгөөд шалгаруулалт энэ сарын 24‑нд Ханх сумын ЕБС-д болно.
Одоогоор сонгон шалгаруулалтад бүртгүүлэх хүсэлтэй 100 гаруй хүн холбогдсон. Сонгон шалгаруулалт зарлаагүй мэргэжил болох бага ангийн багш, англи хэлний багш нар их холбогдож байгаа.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн багш нар Ханх сумын ЗДТГ болон ЕБС-тай гурвалсан гэрээ байгуулна. Улмаар нэг болон түүнээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласнаар сумаас өгч буй 0,7 га газрыг өөрийн өмч болгон авна. Тухайн өөрийн өмч болгон авсан газартаа аялал жуулчлал болон хувийн ямар нэг хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой. Ханх сум нь ОХУ-тай хил залгаа‚ байгалийн өвөрмөц тогтоцтой газар оршдог тул давуу талтай. Манай сум ОХУ-ын гурван сургуультай‚ гадаад харилцаатай. Сургуулийн зардлаар “Ангасолка” зусланд өөрөө болон хүүхдээ амраах боломжийг ч бас бүрдүүлж өгсөн. Мөн сонгон шалгаруулалтад тэнцээд ирэх багш нарт гэр бүлээрээ амьдрах боломжтой‚ гал түлдэг дүнзэн байшин бэлдсэн” гэлээ.
Ц.ДАВААСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.