
Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн цэцэрлэгийн барилга насжилтаас шалтгаалан мөөгөнцөртөж, хана нь нуралт үүсэж, дээвэр нь хууларч, тааз нь цуурчээ.
Улмаар энэ хичээлийн жилд хүүхэд хүлээж авах боломжгүй хэмээн тус аймгийн иргэд цахим хуудастаа илэрхийлээд буй. Үүнээс гадна төсөвт өртгөө аймгийнхаа 100 жилийн ойн баярт хэрэглэсэн байж болзошгүй хэмээх мэдээлэл гарсан.
Тухайн цэцэрлэгийн барилгад бүрэн засвар хийх шаардлагатай талаар өнгөрсөн жил эцэг, эхчүүд нэгдэж хүсэлт гаргаж байжээ. Гэвч тухайн үед засварын ажилд шаардлагатай төсвийг батлагдаагүй аж.
2023 онд Төв аймгийн Зуунмод сум нийт дөрвөн цэцэрлэгт улс, орон нутгийн төсвөөр засварын ажил хийх тендер зарласан, ажлууд нь ч хийгдсэн байна.
Гэвч Зүүндэлгэр багт байрладаг уг цэцэрлэгийн барилгад яагаад урсгал засвар хийгээгүй нь, багийн хүүхдүүд хаана хичээллэх талаар Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн засаг дарга Ч.Оюунчимэгээс тодрууллаа.
-Цэцэрлэгийн урсгал засварыг хийх төсөв батлагдсан уу. Төсөвт өртгөө аймгийнхаа 100 жилийн ойн баярт хэрэглэсэн байж болзошгүй хэмээх мэдээлэл тархаад буй. Энэ үнэн үү?
-Бид төсвийн хурлаа энэ сарын эхээр хийсэн. Хурлын шийдвэрээр манай багт байрлах цэцэрлэгийн урсгал засварын төсөвт 150 сая төгрөг баталсан. Төсвийнхөө мөнгөөр ойгоо тэмдэглэсэн гэдэг мэдээлэл яваад байгаа нь худал.
-Хэзээнээс засварын ажлыг эхлүүлэх вэ. Өмнө нь тус цэцэрлэгийг засварлах тухай эцэг эхчүүд санал гаргаж байхад яагаад засварын ажлыг эхлүүлээгүй юм бэ?
-Бид тухайн засварын ажлаа удахгүй эхлүүлнэ. Өмнө нь засварт оруулах гэхэд "ашиглалтын хугацаагаараа засварт орох болоогүй" хэмээж албаныхан мэдээлж байв. Тиймээс засварт орж чадалгүй өнөөг хүрсэн юм.
-Хэрэв засварын ажлыг одоо эхлүүлбэл хичээлийн шинэ жилээс өмнө дуусахгүй нь мэдээж. Тэгвэл энэ хичээлийн жилд тус багийн цэцэрлэгийн насны хүүхдүүд хаана суралцах вэ?
-Манай багт байрлах "Ирээдүй" цэцэрлэг гурван салбар бүхий. Өмнөх удаад "А" байрны засвар хийгдэж байхад манай "Б" байранд хүүхдүүдээ хичээллүүлж байв. Тиймээс энэ хичээлийн жилд манай багийн хүүхдүүд "Ирээдүй" цэцэрлэгийн "А" байранд хичээллэнэ.
Тус цэцэрлэгийн одоогоор зураг дээрх нөхцөл байдалтай байгаа учир хүүхдүүдээ хамруулдаг болон харьяаллын оршин суугчид бухимдалтай байгаа юм.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ аймгуудын 100 жилийн нүсэр наадмуудын санхүүжилтээс их юм гарна аа, энэ юу ч биш