Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Драгоны автобаазыг амралтын өдөр нүүлгэхээр Толгойтын "Номин"-г бэлджээ

“Драгон төв”-өөс орон нутгийн чиглэлийн автобус үйлчлэх болоод олон жилийг өнгөрөөж байна. Харин тус авто баазыг нүүлгэх шийдвэр гаргаснаа ЗТХЯ-наас мэдээлсэн. Наймдугаар сарын 21-ний дотор нүүлгэнэ гэсэн ч тэнд үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Харин 25 буюу баасан гарагт нүүх мэдээлэл ирсэн талаар автобусны жолооч нар болон тэндэх Авто тээврийн үндэсний төвийн ажилчид хэлж байлаа.

Автобаазыг нүүлгэвэл Улаанбаатар хотыг түгжрэлийг бууруулахад эерэгээр нөлөөлнө гэж албаны хүмүүс үзэж буй. Уулзварын ойролцоо байрлалтай Драгоны автобаазаас автобус шууд хоёрдугаар эгнээ рүү хөдлөхөд түгжрэл үүсдэг.

Драгон өнгөрөөд түгжрэл саардаг нь үнэн. Гэхдээ нүүлгэх байршил оновчтой эсэх нь анхаарал татах юм. Мөн энд хувийн хэвшлийг хохироосон, иргэдийн аж амьдралд сөргөөр нөлөөлсөн үйлдэл байгаа эсэхийг нягталбал зүйтэй.

2023.08.23-ны өдрийн нөхцөл байдлын хувьд "Драгон" төв хэвийн ажиллаж байна. Дэргэд нь "Драгон холдинг" болон "Улаанбаатар хөгжлийн корпораци" ХК хамтран хэрэгжүүлж буй шинэ баруун терминалын барилга баригдаж буй. Мөн автобааз болон АТҮТ-ийн үйл ажиллагаа ч хэвийн явагдаж байлаа.

Дээр дурдсанчлан автобаазын жолооч болон АТҮТ-ийн ажилчдад наймдугаар сарын 25-ны өдөр бүрэн нүүнэ гэдэг мэдээллийг албаныхан өгчээ.

"Драгон холдинг": Нүүлгэх тухай мэдээллийг анх сошиалаас авсан. Албан ёсоор мэдэгдээгүй

Бид "Драгон холдинг" төвийн оффис руу орж, удирдах албан тушаалтнаас тодруулга мэдээлэл авахыг хүсэв. Гэвч хэвлэлд ямар нэг байр суурь илэрхийлэх хүсэлгүй байгаагаа хэлсэн юм. Харин сэдвийн хүрээнд ерөнхий мэдээлэл авах зорилгоор товч хөөрөлдөхөд:

"Автобаазыг нүүлгэнэ гэж бидэнд мэдэгдээгүй. Одоо ч мэдэгдсэн зүйл алга. Тийм болохоор хэзээнээс, яаж нүүхийг нь мэдэхгүй байна. Яг та нарын адил сошиалаас л анх мэдээлэл авсан" гэлээ.

Тэднээс автобааз болон АТҮТ нүүснээр түрээсийн орлого тасрах эрсдэл үүсэх эсэхийг тодруулахад "Одоогоор мэдэхгүй байна. Урьдчилж мэдэгдэлгүй нүүлгэсэн гээд хэвлэлд ярилцлага өгөх хүсэл алга" гэсэн юм.

Өдгөө автобааз болон АТҮТ нь "Драгон" төвийн эзэмшлийн газарт үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Толгойтын "Номин"-д зогсоол, байр бэлдэн, хаягжуулжээ

Тэгэхээр юун түрүүнд "Драгон"-оос ямар байгууллага нүүх вэ гэдэг асуултад тодорхой хариулъя гэвэл, орон нутгийн чиглэлийн автобусны бааз болон АТҮТ шилжих нь. Харин "Драгон" төв хэвийн ажиллаж, дэргэдэх шинэ баруун терминаль баригддагаараа баригдах аж.

Ингээд автобааз, АТҮТ хаашаа нүүх гэж буйг тодруулсан.

ЗТХЯ-ны шийдвэрээр Толгойт дахь "Номин" сүлжээ дэлгүүрийн төв агуулах руу нүүлгэх гэж байгаа. Харин "Номин"-гийн агуулахад хүрч очиход тэнд нэлээд том хэмжээний авто зогсоолын талбайг бэлджээ. Мөн АТҮТ-ийг нүүж ороход бэлтгэн, хаягжуулсан байна.

Энд нэгэн иргэн "Даваа гарагаас ийшээ Драгон нүүж ирнэ гэж сонссон. Тэгээд хүрээд ирсэн чинь нүүгээгүй байна. Буцаад Драгон руу явъя даа" гэлцэж байхтай таарсан юм.

Шүүмжлэх өнцөг ба нөхцөл байдал

Шүүмжлэл бий. Олон жил хэвийн үйл ажиллагаа явуулж тогтсон автобаазыг "Драгон"-оос нүүлгэх нь буруу. Ингэснээр түгжрэл буурахгүй. Шинээр баригдаж буй баруун терминалд халтай гэх мэт өнцгүүд байгаа.

Үүний дээр, "Номин" сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайхан нь ЗТХ-ийн сайд С.Бямбацогттой нэг нутаг бөгөөд ашиг сонирхлын үүднээс тэднийд түрээс төлөх зохион байгуулалт хийв гэсэн ч хардах үндэслэл гарч ирдэг.

Түгжрэлийн үүднээс харах юм бол, Таван шараас Толгойт чиглэлд автобусны нэг буудал орчим яваад байх "Номин"-гийн агуулахад автобааз нүүснээр Драгоны уулзварын ойролцоо үүсдэг ачаалал буурах дүр зураг байна. Эндээс автобусууд буцаж эргээд, товчооны замдаа орох нь.

Эсвэл шууд Тахилтын замаар яваад товчооны өмнөхөн туслах замаар нийлэх боломжтой.

Мөн Улаанбаатар хотын захирагчийн албанаас санаачилсан шинэ баруун терминалын барилга бүрэн баригдсаны дараа үүдэн хэсгээс нь бага зай талбайд ажилладаг автобаазыг нүүлгэх шаардлагатай болох нь мэдээж юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
8 сар 24, 2023 11:28

Драгон авто термин�##�ыг нүүлгэх нь зүйтэй. Энэ т�##�бай маш жижиг учраас автобус, машинууд нь багтдаггүй, одоо барилгажилт явагдаад т�##�бай нь улам багасч байгаа, үйлчилгээний соёл их муу, дуу шуугиан ихтэй байдаг. Таван шарын түгжрэл их буурна.

Зочин
Зочин
8 сар 24, 2023 18:37

УГААСАА ЭНЭ ДРАГОНЫГ БАЯНӨЛГИЙ РҮҮ НҮҮЛГЭЕЭЭ ТЭГВЭЛ ХЭН ХЭНДЭЭ АМАР БИШ ҮҮ ?ККК

Мөнхбат
Мөнхбат
8 сар 25, 2023 16:55

Баруун тийшээ болон Дархан, Сэлэнгэ явах автобуснууд бүгд таван шарын төмөр замын гарам гарч явдаг. Номинруу нүүлгэснээс таван шарын гарам дээр түгжрэл улам илүү их үүсэх болно. Хэрэв 22 товчоо тийшээ нүүлгэвэл түгжрэл нь арай л багасах байх. Номин руу нүүлгэж байгаа шийдэл тийм ч оновчтой шийдэл биш ээ.

Зочин
Зочин
8 сар 26, 2023 06:57

Газрыг нь хулгайлж байна .Өөр юу гэж ойлгох юм

Долгор
Долгор
8 сар 26, 2023 07:42

Энэ нүүлгэн шилжилтийн ажилдаа буруу бна бүр хуучин 22 товчооны тийшээ бол болж бна номин агуулахруу нүүлгэхэд харин ч түгжир одооныхоос илүү ихсэндээ

Холбоотой мэдээ

Back to top button