Улс төрийн мэдээ

Дипломны "гол" багш биш: Төлбөрийг нь даах бол ядаж ЭЕШ-ын босго оноог нь дээшлүүл

2030 он хүртэл долоон жилийн турш багш мэргэжлээр суралцах оюутнуудын төлбөрийг төрөөс 100 хувь даах төлөвлөгөөг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Багш нарын асуудалд анхаарах шаардлагатай болсон нь үнэн. Багш хүрэлцээгүй. Багш чадавхгүй. Бас багш цалин багатай.

Харин үүний шийдэл нь оюутныг сургалтын төлбөрөөс чөлөөлөх хэлбэр гэж Засгийн газар үзсэн байх юм.

Нэг ёсондоо энэ багшийн мэргэжлийг сонгон суралцах оюутнуудад эрэлт үүсгэнэ. Олон оюутан элсэнэ, төгсөнө. Тэгээд олон багш бэлтгэгдэнэ л гэсэн үг. Өөрөөр хэлбэл багшийн орон тоо дутагдалтай байгаа асуудлыг ийм хэлбэрээр шийднэ гэж тооцсон өнгөц дүр зурагтай.

Гэтэл багшийн цалин чухал. Багшаар суралцаад төгсдөг, ажилд ордог тоо мөргөдөг юм билээ. Гэвч яагаад хомстол үүсдэг вэ гэхээр цалингаа голсон багш нар ажлаа орхидог. Солонгос явж ажил хийдэг. Тэгэхээр, багшийн цалин хангамж, нийгмийн баталгааны асуудлыг шийдэхгүйгээр хэчнээн олон оюутан энэ мэргэжлээр их дээд сургууль төгсөөд үр дүн харагдахгүй л болов уу.

Нөгөө талаар чадавхын асуудал маш их анхаарал татдаг. Англи хэлийг хуульчилъя гэхэд хэд хэдэн УИХ-ын гишүүд "Сайн англи хэлний багш цөөн байна" хэмээн шалтагласан удаатай. Дөрвөн аргын тоо мэддэг байх бага ангийн багшид хангалтгүй. Гол нь сурагчид багшаараа үлгэрлэдэг учраас зөвхөн их дээд сургуульд тухайн мэргэжлийн боловсролоо эзэмшихээс гадна ёс зүй, хүн чанарын өндөр "арчаа"-тай байх шаардлага үүсээд ирдэг.

БШУЯ-наас багш нарын асуудалд анхаарна гэж зорьсон нь зөв. Мартсанаас, сүүлийн жилүүдэд багш нарын цалин үе шаттай нэмэгдээд байгаа.

Харин багш болъё гэвэл төлбөрийг нь 100 хувь даана гэдэг дээрх асуудлуудыг шийдэх хүрээндээ тийм оновчтой шийдэл мөн үү. Төлбөрийг нь дааж болно, тэгвэл ядаж ЭЕШ-ын босго оноог нь өндөрсгөх ёстой юм биш үү. ЭЕШ-даа тааруухан оноо авсан оюутнууд МУБИС-д элсчихдэг нь бодит дүр зураг.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан цахим хуудастаа "Зарим хүмүүс багш болох гэж зүтгээд, тэр хирээр чанаргүй олон багш төгсөж, сургалтын чанар муудна гэж болгоомжилж байх шиг байна. Багшаар суралцах оюутан, магиструудын төлбөрийг 100 хувь даахтай холбоотой шалгуурыг БШУЯ маш нарийн боловсруулна. Багшаар суралцах хөтөлбөр, багш нарын нийгмийн асуудал зэргийг цогцоор нь харж шийднэ. Багшаар элсэх оюутнуудын ЭЕШ-ын босго оноог дээшлүүлэхээс өгсүүлээд шат дараатай олон алхмыг хийх болно" хэмээн бичжээ. Тийм бол сайн.

Наад зах нь босго оноог дээшлүүлэх хэрэгтэй. Эс тэгвэл төлбөргүй суралцахын хүслэн болсон олон мянган дипомны "гол" сурагчдад багшлаад зогсох учиргүй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өвгөн...
Өвгөн...

УБИС иин оюутнууд нь сул багш нар нь сул. Хамгиин гол нь УБИС иин багш нарыг чадавхжуулах шаардлагатай бнаа..Жинхэнэ дипломын голууд тэнд багшилж бна. Оюутнаасаа долоон дор мэдлэгтэй ямарч их сургууль төгссөн нь мэдэгдэхгүй ур чадвар мэдлэгээр дулимхан багш нараар хичээл заалгахаар ямар олиг бхав.. Бүх багш нары нь хэлсэнгүй..

Maanag yumnuud ih bainaa
Maanag yumnuud ih bainaa
Reply to  Өвгөн...

Яг үнэн. Хэцүүхэн юмнууд их дээд сургуулийн багш гээд явж байх юм.

Гоолио ЭРДЭНЭ хар
Гоолио ЭРДЭНЭ хар

Үнэгүй сургах бус. Багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг хичээлийнхээ зав зай болох улирлын амралт зуны амралтаараа ажил хийж төлбөрөө олох боломжоор хангах хэрэгтэй. Тухайн ажилласан газраас нь уг оюутны сахилга бат хүмүүжлийн талаар давхар тодорхойлолт авч ажлын байранад очиход нь эерэгээр нөлөөлөх зүйл болгож болох юм. Архи уудаггүй, тамхи татдаггүй, шалиг завхай зангүй, ажил тасалдаггүй гэх мэт.

Зочин
Зочин

Багш багш шиг байх хэрэгтэй байна.

Зочин
Зочин

Багшийн цалинг л нэмчих. 3.5 сая буюу 1000 USD bolloo. Шийдэл нь энэ шүү дээ.

Зочин
Зочин

Үнэгүй диплом өвөрлөсөн багш бсанаас өөрийн амьдралтай багш бхийг хүснэ

Зочин
Зочин

Ман-н "нарийн" боловсруулсаар байгаа-л өнөөгийн нийгмийн дампуурлыг бий болголоо. Орос ах нараасаа сурсан мундаг үгтэй. Та нарын наад нарийн, нарийхан ша-лгуураар чинь авилгачид, люмпэнгүүд л ногоон гэрлээр цувна. Удам дамжин а-лбан тушаа-лаа өвлүүлдэг, төрийн сан тонодог сүлжээ чинь багш нартай холбоотой. Ман-н социализмаас өвлөсөн а-лтан зарчим байдаг. Эмчийн хүүхэд эмч, даргын хүүхэд дарга, багшийн хүүхэд багш болох ёстой гэдэг. Одоо түүнийгээ бүр бүрэн бата-лгаажуулж авч байна.

Зочин
Зочин

Энэ тийм оновчтой шийдэл бишээ. Энэ засгийн хамгийн тэнэг шийдвэр байлаа. Өндөр оноотой хүүхдүүдэд 100%-н тэтгэлэгээр суралцах боломж нь байхад тэд багшийн мэргэжлийг тоож сонгохгүй байгаа шүү дээ. Хамгийн гол нь багш нарын цалин хангамжийг нь бүр ханатал нь нэмээд хариуцлага чадавхийг нь сайжруулаад ирэхэд л гараад явсан олон багш буцаад л ирнэ ш дээ. Хангалттай их багш мэргэжилтэн боловсролын салбарын гадна бна.

Зочин
Зочин

!Дунд сургуулийн сурлага муутай залхуу сурагч муу л багш болно доо ... БАГШ ГЭДЭГ БОЛ МЭДЛЭГ САЙН , ХҮНЛЭГ ЗӨВ ХАНДЛАГА ТӨЛӨВШИЛТТЭЙ хүүхдийн элсэх сургууль юмсан .Багшийн их сургуулийн дэргэд багш болох хүүхдийн бэлтгэл дунд сургууль байгуулж , хичээлүүдийн агуулгыг аргазүйтэй нь хослуулах хөтөлбөрөөр сургавал , дараа нь их сургуулийн боловсролтой гүнзгийрэн маш сайхан багш нар бэлтгэгдэх байх даа .

Katya
Katya

Мэдлэг, ур чадвар, зүтгэлд мөнгө төлнө шүү дээ. Зүгээр л цалин нэм гээд дайраад байдаг.

Зочин
Зочин

Муисийн багш нар бас ялгаагүй хөгширсөн догширсон уймарсан доктор нэртэй хичээлээ ордоггүй багш олон байгаа сайд юм бол энийгээ бас цэгцэл

Холбоотой мэдээ

Back to top button