Top StoriesУлс төрийн мэдээ

Тойм: Шинэ, хуучин хуулийн сайд нарын МОРДОХЫН ХАЗГАЙ

Өнгөрч буй энэ долоо хоногийн улс төрийн өрнөлд Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатар албан ёсоор томилогдсон явдал жин дарж байна. Нөгөө талд Ерөнхийлөгчийн БНФУ-д хийх айлчлал эхэлсэн. Харин Засгийн газраар ялын бодлого чангатгах хуулийн агуулгуудаа танилцуулсан.

УИХ-ын чуулганаар бол нам жимхэн байв.

Нэг. НИТХ дээр "Ингэх гээд байсан юм"

МАН-ын Удирдах зөвлөл нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэнд халдаж буй аятай нэр дэвшүүлэх хүнийг нь түрүүлж хэлэлцээд, нийгэм даяар цацчихсан. Бүр тодруулбал, хотын даргаа огцруулах эсэхийг ч, шинэ хүн нэр дэвшүүлэх эсэхийг ч НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан шийддэг.

Гэтэл процесс нэг л сонин явсан юм.

Ерөнхий сайд эхлээд ажлаа өгөх өргөдлөө гаргасан Д.Сумъяабазарыг чөлөөлөх ёстой байсан. Яг хэзээ чөлөөлж, ямар хугацаанд хот даргагүй явсныг өнөөдөр хэн ч мэдэхгүй байна.

Дараа нь энэ асуудлаар НИТХ хуралдах ёстой. Ингээд НИТХ-аас хэн нэгнийг шинэ хотын даргад нэр дэвшүүлж, тэр нэрийг Ерөнхий сайд батамжлах, эсвэл батламжлахгүй буцаах процесс өрнөх байсан.

Гэтэл Д.Сумъяабазараа чөлөөлсөн эсэх нь ч тодорхойгүй байхад НИТХ-ыг давж МАН-ын Удирдах зөвлөл хуралдсанаа "Х.Нямбаатарыг сайдаас нь буулгаж, фронт руу явуулъя" гээд ярьчихсан.

Зүгээр л "НИТХ-ынхан Х.Нямбаатарыг нэр дэвшүүлнэ гэдэгт тэд яаж ийм итгэлтэй байна вэ, энэ чинь эрх бүхий байгууллага нь ш дээ, МАН-ын УЗ биш" гэж хэлмээр ийм үйл явц өрнөчихсөн. Ингэх гээд байсан юм гэдэг шиг НИТХ нь бүтэн долоо хоногийн дараа хуралдаанаа зарлаж байгаад, МАН-ын бүлгээс оруулж ирсэн Х.Нямбаатар гэдэг нэрийг сөрөг хүчин нь шүүмжлэхээрээ нэг боллоо.

"НИТХ-ынхан бид хотын даргаа өөрөө сонгоё" гэж. Буруу ч биш үг.

Өмнө нь Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормааг томилоход мөн ижил үйл явц өрнөсөн. Аймгийн ИТХ-аас давж МАН-ын УЗ хуралдаж, түүний дараа аймгийн ИТХ-аас Э.Болормааг нэр дэвшүүлж байлаа. Эсэргүүцэл өрнөж л байсан, тэгээд эрхгүй МАН олонх юм болохоор дарагдсан.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйг зохицуулсан хууль Х.Нямбаатарыг хууль зүйн сайд байхад батлагдсан. Өөрийнх нь батлалцсан хууль тэгж хэрэгжиж байхад тэр дуугүй л байсан. Харин одоо өөрөө хотын дарга болчихъё гэвч ирсэн шүүмжлэлүүдийг буруутгахын аргагүй. Тийм ч болохоор "Би ирэх 2024 онд ч нэр дэвшихгүй" гэж хэлэн, ам шүд алдаж, хотын төлөө ажиллахаар зориг шулуудсанаа НИТХ-ын төлөөлөгчдөд ч уламжиллаа.

Мөн ташрамд, Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг тэр өдрөө УИХ-ын чуулганаар хэлэлцэн дэмжсэн. Уг нь гишүүн биш хүнийг НИТХ нэр дэвшүүлэх ёстой л доо. Гэтэл эхэлж нэр нь дэмжигдээд, дараа нь гишүүнээсээ буугаад. Гишүүнээсээ буугаагүй байхдаа НИТХ-ын индэр дээрээс "Давс мэт шорвог шийдвэр гаргана" гэж хэлээд л.

Зах замбараа гэж барагтайхан л юм болж байна. НИТХ-аас олонхын саналаар хэн дэмжигдэхийг урьдчилж шийдэж болж байна шүү дээ. Одоо цагтаа Д.Сумъяабазарыг Х.Нямбаатараар солих хоорондоо бол энэ асуудал биш байх. Алсдаа ийм соёл тогтоох нь л буруу юм.

Хоёр: Шинэ сайд Б.Энхбаярын сэргэлэн дэндэх вий

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өөрийн биеэр анхаарал татмаар статистик танилцуулчихлаа. Долоо хоногийн дотор хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг 78 хувиар өссөн гэж. Бараг л хоёр дахин.

Нээрэн л гайхмаар, Дорноговь аймагт бага насны охин бусдын гарт амиа алдсанаас хойш таксинд, караокед хүчирхийлүүлсэн охидын кэйс бараг л өдөр алгасахгүй мэдээлэгдлээ.

Хүчирхийллийн мэдээ бусдад сэдэл болдог гэж ярьцгаадаг. Үүнийг бага насны охидын хүчирхийллийн асуудал сөхөгдсөн сүүлийн долоо хоногт хэрэг 78 хувиар өссөн гэдэг статистик батлан харуулж байна гэж ойлгох боломжтой юу.

Үнэндээ Б.Энхбаяр сайдын хувьд мордохын хазгай болох шахсан. Яг ажлаа хүлээлцэж авах үеэр нь Дорноговьд охин амиа алдаж таарсан. Хууль хяналтын байгууллага анзааргатай, хариуцлагатай ажилласан бол охиныг энэ удаагийн эрсдэлээс сэргийлж, хамгаалах боломж байсан гэдэг өнцөг мэдээлэгдээд л өнгөрсөн. Хэрэв асуудал өндрөө авсан бол Б.Энхбаяр юун шинэ сайдын суудалд тавтай тухтай залрах манатай байх байлаа.

Гэвч хүүхдийн хүчирхийлэл, согтуугаар автомашин жолоодох зөрчил зэрэг асуудал нийгмийн бухимдлыг идэвхийлэн төрүүлсэн энэ өдрүүдэд Б.Энхбаяр “Эрүүгийн хуулийг ингэж өөрчилье, тэгж чангалъя” гэж ярьснаар нөхцөл байдлыг ашигтай тал руу нь эргүүлж чадсан.

Уг нь хуулийн төсөл бол төсөл. Өргөн баригдана, байнгын хороодоор хэлэлцэнэ, засагдана, өөрчлөгдөнө. УИХ-ын чуулганаар гурван ч удаа хэлэлцэнэ. Ингэж батлагдсаны дараа “Ийм боллоо, тийм ял эдлүүлэхээр хуульчиллаа” гэж мэдээлэх боломжтой болно. Гэвчиг өргөн бариа ч үгүй байгаа хуулийнхаа агуулгыг нийгэмд ил тод мэдээлэх замаар Б.Энхбаяр мэдрэг, сэргэг ажиллаж буй дүр зургийг харуулсан.

Мэдээж үүний суурь нөхцөл нь нийгмийн бухимдал, энд тэндгүй хэлэлцэгдэж байгаа хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргүүд байв.

Угтаа бол хууль өөрчиллөө, ажлаа авангуутаа өөрчлөлт санаачиллаа гэхэд нийгмийн тэр бухимдлыг эхлээд дарах намжаах ёстой байсан. Гэтэл гал өрдөх маягаар өсөн нэмэгдэж буй олон нийтийн бухимдлыг зөнд нь орхиж, тэр бадран ассан уур амьсгал дээр нь хуулийн өөрчлөлтөө танилцуулж, өөртөө оноо авсан Б.Энхбаяр хийгээд Засгийн газар сүүлийн долоо хоногт 78 хувиар нэмэгдсэн гэмт хэрэгт шууд бусаар холбоотой. Хамаатай.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мэндээ
Мэндээ

Шинэ сайдыг дэмжиж байна. Ямартай ч энэ хуулиа зүтгүүлнэ гэдэгт итгэж байна. Ямар байсан охдыг насанд хүрэгч болгосон Нямбаатараас дээр шүү дээ.

Зочин
Зочин

Муу сайн юмнууд солиороод л. Та нар чадахгүй ш дээ.

Эмээ
Эмээ

Тамын тогооны үхэр монгол зангаа бүгдээрээ орхиё. Хэрүүлийн буүар шүглэсэн заваарсан хар хэл амтангууд амаа татаад жорлонгоо угаацгаая.гэрийнхээ шороог дотор сэтгэлтэйгээ хамт цэвэрлээд хотоороо амгалан амьдарцгаая л даа

Зочин
Зочин

ЗА БИТГИЙ ЭНХБАЯР РУУ ДАЙРАХ ГЭЭД БАЙ.ЭНХБАЯР ГАЙГҮЙ ШУДРАГА ГЭЖ ХАРАГДДАГ ЗАЛУУ ШҮҮ.ЕР НЬ САЙН ХҮМҮҮС РҮҮГЭЭ БИТГИЙ ДАЙРДАА АЯТАЙХАН ШИГ УЛС ОРОН АРД ИРГЭД ЭЭ САЙХАН БОЛГОЧИХ ЧАДАЛ УХААН МАНАЙ МОНГОЛ ТҮМЭНД БИЙ ШҮҮ. БИ НЯМДОРЖ САЙДАД ДУРТАЙ ЯАГААД ГЭВЭЛ САЙХАН ШУДРАГА ЗАГНАХ ҮЕДЭЭ ЗАГНАДАГ СУРГАХ ҮЕДЭЭ Ч СУРГАДАГ ШИЙТГЭХ ҮЕДЭЭ Ч ШИЙТЭГДЭГ ЕР ИХ ЁС СУРТАХУУНЫ ӨНДӨР СОЁЛТОЙ ХҮН ГЭЖ БОЛДОГ УУЛ НЬ ХӨГШИН ЗАЛУУ ГЭХГҮЙ ИЙМ Л ЁС СУРТАХУУН,ОЮУНЫ ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ САХИЛАГ БАТТАЙ ХҮМҮҮС УЛС ТӨРД ИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

Буриад
Буриад

Нитх-д Хотын дарга хийчихмээр хүн байхгүй шүү дээ АНын суудал горилогчид уу арай арай,ЗГ хэнээ томилох нь та нарт падгүй шүү Сумьяабзрг 3жил мэрсээр багад явуулчихлаа НИТХ тар гэж орилолд одоо

Хариулт
Хариулт
Reply to  Буриад

Орон нутгийн өөрийгөө удирдах ёс , удирдлагаа сонгох эрх ИТХ д байдаг.Тухайн засаг даргыг нутгийн иргэдийн төлөөлөл сонгодог болохоос КОММУНИСТ үеийнх шиг дээрээс томилдоггүй юм.Нэртэйгээр нь КОММУНИЗМДЭЭ ОРЧИХЬЕ гээд хэлчих хэрэгтэй.100 жилийн хоцрогдолын автор нь МАН . Өмч хөрөнгөгүй үг хэлэх эрхгүй , сонгох сонгогдох эрхгүй картын бараанд оочерлосон ард түмэн байсан юм шүү.

Зочин
Зочин

за за олон 5 юм донгосоод байлгүй наад хүмүүсээр ажилыг нь хийлгэ та нараар заалгав л гэж

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин

муулахаа болиоч дээ жаахан өөдрөг байя ажлаа ч эхлээгүй залуусыг юунд муулна амны билэгээс ашдын билэг гэдэг дээ ингэж муулсаар байтал өөдтэй хүн үлдэх нь үү

Шууд аргаар бус зөвийг хайх шүү
Шууд аргаар бус зөвийг хайх шүү

Асуудалд цэг тавих гээд сайн ч муу ч эрх зүйт байдалаа дордуулж , хуулийн цоорхой байлаа гээд ашиглаж болохгүй юм шүү . Зөв замаар явахдаа аливаад хүмүүсийн эрх , зүйг нэгт байлгавал алсдаа зөв гольдролоо олно

Зочин
Зочин

Хэл ам татлаад байлгүй ажлыг нь тайван хийлгээрэй. Дэмжиж ажиллах хэрэгтэй. Угаасаа өөр хүн байхгүй л байгаа биз дээ

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин

муулахаа л бодно ядахдаа ажлаа хийг дээ шүүмжлэхдээ гаргуун ажил хийх хүн байхгүй шүү нямбаатаарс өөр хүн байхгүй залуу минь хий бид дэмжинэ

Холбоотой мэдээ

Back to top button