Ногоон автобус: БНСУ-ын хоёр иргэнийг суллаж, батлан даалтад гаргажээ

-БНСУ-ын иргэн Ий Жун Соб, Ким Кеабаум нарыг уржигдар батлан даалтад гаргажээ-
“Цавчаа ногоон” автобусны хэргээр анх зургаан хүн баривчлагдаад байв. Одоо дөрөв нь үлджээ.
Тодруулбал, "Тэнүүн-Огоо" ХХК, БНСУ-ын "Daewoo bus" нарын дунд зуучлагчаар ажилласан БНСУ-ын иргэн Ий Жун Соб /Lee Jung Seob/, Ким Кеабаум /Kim Keabaum/ нарыг суллаж, батлан даалтад гаргажээ.
Тэднийг прокурорын байгууллагын саналаар уржигдар /2023.10.16/ батлан даалтад гаргасан бөгөөд хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон байна.
Тэд яг 15 хоног цагдан хоригдоод ийнхүү суллагдаж байгаа юм. Буруугүй учраас уу, эсвэл тэдний мэдүүлгээр буруутай этгээдийг олов уу гэдэг нь анхаарал татаж байна.
Анх 2023.10.02-ны шөнө тэднийг баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид, 48 цагийн хугацаатай саатуулсан. Тухайн үед нэгийг нь эрүүл мэндийн шалтгаанаар хүлээж авалгүй буцаасан ч, удалгүй цагдан хорьж байв.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн нэг сарын буюу 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс 10 дугаар сарын 04-ний өдөр авч шийдвэрлэж байсан билээ.
БНСУ-ын хоёр иргэн мэдүүлэг өгч, ам нээсэн тухай мэдээлэл байдаг. Тэд “Тэнүүн-Огоо" ХХК, БНСУ-ын "Daewoo bus" компанид Евро-2 стандартын автобус захиалсан. Захиалагч тал захиалгын дагуу автобуснуудыг үйлдвэрлэсэн. Үйлдвэрлэсэн автобусыг ирэх үед “Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг Евро-5 стандарт гэсэн бичиг наа гэх чиглэлийг өгсөн. Эл бичиг наах ажиллагааг "Иктае" гэх компани болон “Тэнүүн-Огоо” ХХК хамтарч хийсэн” гэх агуулгатайгаар мэдүүлэг өгсөн бололтой.
-Таван хүн 30 хоногийн цагдан хорионыхоо талыг нь өнгөрсөн бол С.Жавхлантбаатарыг хорих эсэхийг шүүх шийдээгүй байна-
Одоо Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатараас бусад таван хүн цагдан хоригдоод 16 хонож байна.
2023.10.01-нээс 02-нд шилжих шөнө саатуулагдсан:
- “Тэнүүн Огоо” ХХК гүйцэтгэх захирлаар 2007 оноос хойш ажиллаж байгаа гэх Ж.Эрдэнэбат,
- “Тэнүүн Огоо” ХХК захирлаар 2006 оноос хойш ажиллаж байгаа гэх А.Ганхуяг,
- Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал,
- Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг саатуулсан.
Аравдугаар сарын 04-нд БЗД, ЧД, СБД-ийн ЭХАШШ-д дээрх дөрвөн хүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Өдгөө 16 хонож байна. Энэ дөрвөөс хамгийн асуудалтай нь А.Ганхуяг болоод буй. Парк шинэчлэл хийх автобусны урьдчилгаа болох 130 орчим тэрбум төгрөгийнхөө 70 тэрбумыг БНСУ-ын тал руу шилжүүлсэн нь тогтоогдоод байгаа. Харин үлдэгдэл 60 тэрбум төгрөгийг хаана нуусан, хадгалсан, байршуулсан гэдгээ хэлэхгүй байгаа гэх мэдээлэл бий.
2023.10.03-нд саатуулагдсан “Эрдэм транс” ХХК-ийн захирал Я.Эрдэмбилэг мөн 30 хоногоор цагдан хоригдоод байгаа юм.
2023.10.03-нд шалгагдаж байх үедээ өөрийгөө хутгалсан Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатарын аравдугаар сарын 10-нд цагдан хорих саналыг АТГ-аас прокурорт хүргүүлсэн. Түүний биеийн байдал сайжирсан тул АТГ ийм санал гаргасан ч, прокурор саналаа шүүх рүү хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй ямартай ч хэлэлцээгүй байгаа аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.