Сурвалжилга, Нийтлэл

Г.Батхүү агсны үхлээр “ШОУДАЖ” намаа АНХААРЛЫН ТӨВ ЦЭГ рүү чирэхээ зогсооно уу, АН-ынхан

-ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРТАЛ ҮХЛИЙН ШАЛТГААНЫГ ЭЦЭСЛЭН ТОГТООХ БОЛОМЖГҮЙ-

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоохоор Нийслэлийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй.  Улмаар өнгөрөгч амралтын өдрүүдээр талийгчийн цогцсыг задлан шинжилгээнд оруулсан.

Задлан шинжилгээний хариу 14-21 хонож гарна. Энэ өдрүүдэд талийгаачийн унасан байхыг харсан гэрчүүд болон хамгийн сүүлд уулзсан байж болох хүмүүсээс мэдүүлэг авсан байна. Г.Батхүү агсан нь Төрийн ордны баруун талын хоёрдугаар давхрын гонхноос унаж нас барсан гэж урьдчилсан байдлаар дүгнэж буй.

Гэвч эцсийн байдлаар тогтоогдоогүй байгаа юм. Нас барсан шалтгааныг цагдаагийн байгууллага хянан ажиллаж байхад АН-ААС ГАРГАСАН МЭДЭГДЭЛДЭЭ “Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гаднын нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна” гэж онцолсон нь анхаарал татсан юм.

Улмаар уг асуудлаар өчигдөр АН-аас мэдээлэл хийв. Мэдээллийн үеэр АН-ЫН ДЭД ДАРГА Х.ТЭМҮҮЖИН “Төрийн ордны гурван давхрын бичлэгт бичигдсэнээс хойш 20 минутын хугацаанд хаана, хэнтэй уулзсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа ч эхний байдлаар МАН-ын нэг гишүүний өрөөнд уулзаад гарсан гэсэн мэдээлэл байна”  гэж онцолсон юм.

-АН-ЫН УДИРДЛАГУУД ЗАДЛАН ШИНЖЭЭЧ, ЦАГДААГИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХЭЭР УЛАЙРЦАГААВ-

Тэгж байтал талийгаач Г.Батхүү агсантай МАН-аас хамгийн сүүлд уулзсан хүн нь Н.Номтойбаяр гишүүн болж таарав. ТЭРБЭЭР мөн л мэдээлэл хийж “Би ѳнгѳрсѳн баасан гаригт Г.Батхүү агсантай 15 минут орчим манай өрөөнд уулзсан нь үнэн. Манай зөвлөх тухайн үед хамт байсан. Тэр ѳдѳр бид авто спортын талаар ярилцаад ѳнгѳрсѳн. Намайг талийгаачтай уулзчихаад бүлгийн хурал руу 19:18 минутын үед  ороход сэтгүүлчид үүдэнд байсан. Тухайн үед Г.Батхүү агсан жин нэлээд хассан, нүүрний судас нь тодорсон  байдалтай байсан” гэж мэдэгдэв.

Мэдээж гэнэтийн байдлаар их бэртэлтэйгээр нас барсан. Унасан гэх гонхон нь нэлээд өндөр учир хардлага сэрдлэг  явах нь тодорхой. Үүнийг цагдаагийн байгууллагаа эцэслэн тогтоохоор ажиллаж байна.

Гэтэл АН-ынхан өчигдөржингөө ээлж дараалан мэдээлэл хийж, “Гадны шалтгаантай нас барлаа” гэдэг үгийг бараг бүх удирдлагууд нь хэллээ.

Уг нь нас барсан шалтгааныг АН-ынхан биш хууль, цагдаагийнхан, задлан шинжилгээний хариугаар эцэслэн тогтоох учиртай.  Гэтэл АН-ын бүх удирдлагууд шүүх шинжээч, цагдаа сэргийлэхийнхэн аятай аашилцгааж байгаа нь зохимжгүй үйлдэл юм.

УИХ-ын 2020 оны сонгууль дөхчихсөн эгзэгтэй цаг хугацаанд АН-ын нэр хүнд тийм сайн биш байгаа нь үнэн. Намынхаа нэр хүндийг сэргээж, сонгуульд сайн оролцох ч үүрэгтэй. Гэвч  нас барсан нэгнийхээ үхлээр шоудаж, рейтингээ өсгөх, олны анхаарлын төвд орох гэсэн болчимгүй үйлдлээ АН-ынхан хүн ёсоор анхаарч үзнэ үү.

Ж.МЯДАГБАДАМ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button