Чуулган | Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийн өөрчлөлтийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог билээ. Баасан гарагийн нэгдсэн хуралдааныг нэг дороос хүргэж байна.
НЭМЭЛТ: 12.27 цаг
УИХ-ын чуулганы хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Улмаар гишүүдийн олонх дэмжсэнээр тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Харин УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ирээдүй өв сангийн талаарх мэдээллийг сонсох юм байна.
НЭМЭЛТ: 10.30 цаг
УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэхээр тогтсон асуудлын тов дараалал өөрчлөх бол УИХ-ын даргад үндэслэл бүхий саналаа чуулганы өмнөх өдөр өгнө. Энэ дагуу УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нараас албан бичиг ирүүлсэн. Б.Пүрэвдорж гишүүн үгээ татсан. УИХ-н гишүүн Ж.Батсуурийн хувьд үг хэлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Гэр бүлийн маргаан гарч, шүүхээр тэтгэмж тогтоолгодог. Тэтгэмжийн асуудал хамгийн их яригддаг юм. Тэгэхээр бага үнийн дүнтэй гэж орсон байна. Тэтгэмж их бага үнийн дүнтэй ордог. Тэрийг нь тоодоггүй, энэ чиглэлд ямар бодлого баримтлах вэ" гэлээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "С.Одонтуяа гишүүний хөндсөн асуудлыг Гэр бүлийн тухай хуульд тусгаж оруулж ирж байгаа. Ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Засгийн газар дэмжих юм бол УИХ-д өргөн барьж, хоёр долоо хоногийн дараа орж ирнэ. Хүүхдийн тэтгэмж, төлөлт 60 хувьтай байна. Үлдсэн 40 хувь нь төлөхгүй байгаа юм билээ. Энэ нь өмнөхөөсөө ахиж байгаа л тоо юм билээ" гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: "Хялбаршуулсан журам бол зөв. Цаг нь болчхоод байгаа. Ердийн шүүхээрээ явах юм уу. Бага үнийн дүнгээр дагнасан шүүх байгуулах юм уу. Ийм шүүх байгуулбал яадаг юм бэ. Гэр бүлийн шүүх, зарим тохиолдолд мөн татварын асуудал шийддэг гэхчлэн.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: "Үнийн дүнгийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин нэмэгдүүлсэн буюу 11 сая төгрөг. Энэ дүн манай шүүхийн практикт мөнгөн хөрөнгийн гүйцэтгэлтэй холбоотой нийт хэрэг маргааны 24 хувь нийслэлд, 13 хувь орон нутагт байгаа. Энэ дүнг гаргахдаа Европын холбооны улсуудын жишээг харгалзан харьцуулж үзсэн. Нийт хэрэг маргааны 11 төгрөгийн нэхэмжэлэлтэй холбоотой нийт хэрэг маргааны 70 орчим хувь нь шүүхийн шатанд хялбаршуулсан журмаар шийдэгддэг. Давж заалдах шатны шүүхэд 3.6 хувь нь шийдвэрлэгддэг" гэлээ.
ЭХЛЭЛ: 9.40 цаг
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэнэ-

Баасан гарагийн /2023.10.27/ чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цаг эхлэх бөгөөд дараах асуудлууд хэлэлцэнэ.
- Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.