Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхий даяар өсвөр үеийнхэнд математикийн болон унших чадвар буурч байна

Парис хотод төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) мягмар гарагт /2023.12.05/ дэлхийн сургалтын стандартын судалгаагаа танилцуулсан байна.

Судалгаанаас харахад өсвөр насны хүүхдүүдийн математикийн болон унших чадвар урьд өмнө нь үзэгдээгүй хэмжээгээр буурч байгаа аж. “OECD” энэ бууралтад хүргэсэн хүчин зүйлсийн нэг нь коронавирусийн цар тахлын үеэр сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотой хэмээжээ.

Тус байгууллага 2000 оноос эхлэн гурван жилдээ нэг удаа 15 настай хүүхдүүдийн математик, унших, шинжлэх ухааны мэдлэгийг сорьсон шалгалт авдаг. Энэ удаагийн шалгалтад “OECD”-ийн гишүүн 38 орон, гишүүн бус 44 орноос 700 мянга гаруй өсвөр насны хүүхдүүд оролцсон байна.

Шалгалтыг хамгийн сүүлд 2018 онд авсан. Хамгийн сүүлийн шалгалтыг 2018 оныхтой харьцуулахад “OECD”-ийн гишүүн орнуудад дунджаар уншиж ойлгох шалгалтын дүн 10 оноо, математикийн шалгалтын дүн 15 оноогоор буурчээ.

Судалгаанд оролцсон 81 орны талаас илүү хувьд нь дүн буурсан үзүүлэлт харагдсан байна. Гэхдээ Герман, Исланд, Нидерланд, Норвеги, Польшт математикийн шалгалтын дүн огцом буурсан аж.

“OECD”-ийн гишүүн оронд амьдардаг дөрвөн өсвөр насны хүүхдийн нэг нь суурь алгоритм ашиглах, энгийн өгүүлбэр ойлгох чадваргүй болсон байна. Харин Сингапур, Макао, Тайвань, Хонконг, Япон, БНСУ-ын сурагчид математик, байгалийн ухааны чиглэлээр сайн оноо авчээ.

Уншиж ойлгох чадвараар Ирланд, Япон, БНСУ, Тайвань сурагчид хамгийн өндөр дүн авсан байна. “OECD” мэдээлэхдээ Сингапуртай харьцуулахад тус холбооны гишүүн орнуудад амьдардаг сурагчид гурваас таван жилийн хоцрогдолтой байна гэсэн юм.

Тус байгууллагын боловсролын захирал Андреас Шлейхер “Ковид тодорхой нөлөө үзүүлсэн байх. Гэхдээ би тийм ч их нөлөөлсөн гэж хэлмээргүй байна. Үндсэн суурь хүчин зүйлүүд байгаа, тэдгээр нь боловсролын тогтолцоонд байнгын шинж чанартай зүйл болж магадгүй учир бодлого тогтоогчид нухацтай авч үзэх шаардлагатай” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button