Нийгмийн

"2024-2025 онд бондын эргэн төлөлтгүй болж, 2026 он хүртэл валютаа нөөцлөх боломжтой"

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.12.13/ боллоо. Засгийн газрын хуралдааны үеэр Сангийн сайд хоёр асуудлыг дэвшүүлэн шийдвэрлүүлсэн байна. Нэгд, Монгол Улсын гадаад өр төлбөр, хоёрт, жуулчдын НӨАТ-ын буцаалт гэсэн агуулгуудыг хөнджээ.

Дэлгэрүүлбэл 2020-2024 онд МУ-ын Засгийн газрын болон Хөгжлийн банк нь 3.7 тэрбум ам.долларын бондын өр төлбөрийн хуваарьтай байсан. Үүнийг зохицуулалтыг 100 хувь хийсэн байна. Үүнээс 2.6 тэрбум ам.долларын хугацааг нь хойшлуулжээ. Харин нэг тэрбум ам.доллар болон хүүнд 886.3 сая ам.долларыг шууд төлөлтөөр давхар барагдуулсан аж.

Тэрбээр "Монгол Улс “Centure-3” төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2024-2025 онд бондын эргэн төлөлтийн хуваарьгүй болсон. 2026 он хүртэл бид валютын нөөцөө хадгалах боломжтой боллоо. Үүнээс хойших хуваарьт 600 сая ам.доллар хүртэлх төлбөрүүдийг хийж чадсанаар 2029 он гэхэд өнөөдрийг хүртэлх тавьж ирсэн бондын төлбөрүүдээ барагдуулж дуусах боломжтой болж байгаа" гэдгийг онцолсон юм.

Мөн өнгөрсөн аравдугаар сард 500 сая ам.долларын “Евро” бондыг Хөгжлийн банк чанаргүй зээлийн эргэн төлөлтөөр барагдуулсан байна. Хөгжлийн банкны “Самурай” бондыг төлөх хуваарь ойртсоныг дурдан, эргэн төлөлтөд бэлтгэж буйгаа тодотголоо.

Монгол Улс 2023 онд нийтдээ нэг тэрбум гаруй долларын гадаад өр төлбөрөө төлсөн хэдий ч жилийн эцэст валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар байхаар байгаа юм байна. Манай улс олон улсын “JP Morgan”, “HSBC” хөрөнгө оруулалтын банкнуудтай хамтран хийсэн өрийн зохицуулалт Монгол Улсын валютын нөөцийг тогтворжуулах, хамгаалах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгаж, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг бууруулах, төсвийн алдагдлыг бууруулахад шууд нөлөөлсөн эерэг төсөл болсон гэж үзжээ.

Хоёрдугаарт, Алсын хараа-2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон дунд хугацааны шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аялал жуулчлалын хөгжүүлэхээр Засгийн газар үе шаттай арга хэмжээ аваад буй. Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын тухай хуулийг УИХ өнгөрсөн тавдугаар сард баталсан. Үүнийг дагасан НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт орсон. Ингэснээр Монгол Улсаар аяласан жуулчид худалдан авсан бүтээгднэхүүнийхээ НӨАТ-ын буцаан олголт өгөх хууль батлагдсан. Харин өнөөдөр түүнтэй холбоотой журмаа бэлдэж, Засгийн газраар батлуулжээ.

Дэлхийд жуулчдадаа НӨАТ-ын буцаалтыг өгдөг 70 гаруй улс бий. Манай улс 73 дахь улс нь болж байгаа юм байна. Манай и-баримтын хөгжил өндөр учраас цахим болон бэлнээр олгох гэсэн хялбар хувилбаруудыг санал болгох аж. Онцгой албан төлбөр төлдөг архи согтууруулах ундаа, эм, НӨАТ-аас чөлөөлөгдсөн бараа бүтээгдэхүүнээс бусад бараанд үүнийг хэрэгжүүлэх юм байна. Нэгдүгээр сарын 1-ээс эхлэн жуулчдын буцаан олголтод хамрагдах дэлгүүрүүд уг системийнхээ эрхийг авч оролцох шаардлага гарч байгаа аж. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлсээр байх болно гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан тус тус онцоллоо.

Б.НАРМАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер
12 сар 13, 2023 16:44

Тэгвэл ТЭЦ-ээ бариач.

Зочин
Зочин
12 сар 14, 2023 09:53

Харин тийм. Бас нефтийн үйлдвэр

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
12 сар 13, 2023 18:12

өр төлөхгүй бол шатахуун тэц зэрэг дэд бүтэцээ бариач дээ

Холбоотой мэдээ

Back to top button