Нийгэм мэдээ

Редакцын зурвас: Үргэлж байх мэт л санах тусгаар тогтнолын тухай бодох өдөр

Хүн үргэлж дэргэд байдаг зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрдэггүй байх талтай. Тэр тусмаа ухаан орсон цагаас л байсан бол түүнийг мөн цаашид байсаар л байх юм шиг бодно. Эцэг, эхийг хорвоогийн  мөнх бусыг үзүүлсний дараа эгээрэн ухаардаг шиг амьдралаас алсран холдсоных нь дараа нэхэн үгүйлж, үнэ цэнийг нь ухамсарладаг.

Ийм зүйлсийн хамгийн том, өргөн хүрээг хамарсан бөгөөд хүний оршихуйн асуудлыг хамрах магадтай нь эх орны тусгаар тогтнол юм. Үнэн чанартаа, өөрсдийн хэргийг өөрсдөө мэдэх тусгаар тогтнолтой, төрт улстай, газар нутагтай эх орондоо амьдрахын зол тавилан асар их ээ.

Өнөөдөр бол үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт өдөр. Бүх нийтээр амардаг тул нэг талаар баяр, нөгөө талаар тэмдэглэлт өдөр гэмээр. Харин баяр, тэмдэглэлт өдөр байдаг шалтгаан ерөөс эргэж нэг бодоцгооё, төвлөрч харцгаая, жаахан зав чөлөө аваад анхаарлаа төвлөрүүлээд үзье л гэсэн цаад санаатай байдаг даа.

Тийм ч болохоор өнөөдөр тусгаар тогтнолын тухай жаахан эргэж бодоцгооё гээд манай редакц редакцын зурвас “өлгөж”, зохиолч Б.Наминчимэдийн дэлгэрэнгүй ярилцлага, New Yorker сэтгүүлд хэвлэгдсэн нүүдэлчдийн тухай томоохон нийтлэлийг орчуулан уншигчдадаа өргөн барьж байна.

Арванхоёрдугаар сарын 29-ний тэмдэглэлт энэ өдрийн түүхийг юуны өмнө товч сөхье.

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.

Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

Соцализмын он жилүүдэд энэхүү түүхэн чухал өдрийн үнэ цэнийг ойшоолгүй ирсэн ч УИХ-н 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 сарын 29-г нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм.

Энэ мэдээллийг хамгийн хялбар Wikipedia хуудсаас олж авах боломжтой.

Өөрөөр хэлбэл, “Монголчууд Манжийн дарлалд тэдэн зуун жил оршсон” гэж ярьдаг тэр цаг хугацааны төгсгөл юм. Олон мянган жил амьдарч, оршин тогтнож, төрт улсыг байгуулж, дэлхийн талд нөлөөлөн эрхшээж явсан ард түмэн яг тэр газар нутагтаа, өөрийн гэсэн мэдэлгүй болж хувирах, бусдын дарлалд шилжих гэдэг асар том буулга. Тэр цагт цогтой эх оронч тэмцэгчид байгаагүй бол монголчуудын хувь заяа өнөөдөр ямар байхыг тааж хэлшгүй.

Шинэ жилээ тэмдэглэхээр хүйтэн өвөлдөө дээр дооргүй гүйлдэж байгаа манай улс өнөөдөр парламентын засаглалтай, ардчилал төлөвшүүлэхээр мэрийж, мэчийж яваа. Бид дараа жил сонгуулиа хийнэ. Шинэ парламент бүрдүүлнэ. Бид гадаад явахдаа өөрсдийн улсын гадаад пасспортыг үзүүлдэг. Бид эх орныхоо аль ч хэсэгт эзэн нь байх боломжтой. Эдийн засгийн эрх чөлөө, боломж, бизнесийн орчин, амьдралын таатай нөхцөлөөр дутмаг хэдий ч монголчууд бид тусгаар тогтнолтойн хувьд эрх чөлөөтэй амьдардаг хүмүүс бас мөн.

Тусгаар тогтнолгүй, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чаддаггүй, үндэсний эрх чөлөөгүй орны иргэд гашуун. Бидний олонх тийм амьдралыг мэдэхгүй учраас тусгаар тогтнолыг дагаж ирдэг зүйлсийг мэдээжийн мэт хүлээж авдаг.

“Тэгээд яах гэж?” хэмээн асуух магадтай. Үнэ цэнийг нь мэдэрч гэмээнэ түүний төлөө үйлдэл хийх эрмэлзэл суух вий. Бид хэзээ нэгэн өдрийн өндөр хөгжилд хүрсэн Монгол Улсыг чин зүрхэндээ мөрөөддөг. Тэр ирээдүйг авчрахад хэн нэг удирдагч, нам засаг, эсвэл бурхан богдын аврал нигүүлсэл шаардлагагүй бөгөөд иргэн бүрийн хариуцлагатай, хөдөлмөрч, бүтээлч хандлага л чухал сан.

Харин энэ сэтгэлгээг өдөөх, тэжээх нэгэн үндэслэл бол эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрэх тухай байх тунчиг магадтай.

Та бүхэн “Монголчууд түүхийн олон нугачаа, эвгүй хавчаас дунд яаж нэг тусгаар тогтнов, НҮБ-д хүлээн зөвшөөрөгдөв” гэдэг асуултыг нэг тавиад үзээрэй. Энэ бол бидэнд өгөгдсөн бөгөөд цаашид бодож явах том агуулга мөнөөс мөн юм. Нөгөө талаар аливаа улс төр, гадаад бодлого цавын цаанаа үндэсний тусгаар тогтнолыг хадгалах чин зорилго агуулдаг онолтой билээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button