ЧУУЛГАН | СЕХ-ны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томиллоо

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн /2024.01.04/ нэгдсэн хуралдааныг нэг дороос хүргэж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, баталлаа.
Тодруулбал,Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах тухай саналыг гишүүдийн 80 хувь тус, тус дэмжлээ.
Мөн Б.Ганбат, Ж.Болд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөллөө. Улмаар УИХ тогтоолыг баталсан юм.
-Г.Дамдинням: Дархан дахь ах, дүүтэйгээ мөнгөөр золговол сонгогч татсан хэрэг болох уу-

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Сонгуулиар 126 хүн дэвшинэ. Дэвшиж буй хүн бүртэй холбоотой асуудал гарна. Энэ бүрд техник технологийн боломж бололцоо, хүн хүч тань хүрэлцэх үү. Албан ёсны бус хаягаас хиймэл оюун ухаанаар хийсэн хувиргасан дүрс бичлэгийг шалгаж шийдвэрлээд дуустал шууд хаах зохицуулалтыг журамдаа оруулж болох уу.
Сонгуулийн тухай хууль энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэллээ. Сонгуулийн хуулийг ард түмэнд мэдүүлэх, түгээх ажлыг хэр хийж байна. Машин тэрэг, хурдан морины сугалаа гээд янз янзын юм явж байна. Цагаан сар болно. Дарханд байгаа ах дүү нар дээрээ очоод бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө барьж золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу. Үүнийг ойлгомжтойгоор тайлбарлаж, соён гэгээрүүлэх ажлыг хэр хийж байна. Хэвлэл мэдээллийн үнэ хөлс тэнгэрт хаджээ. Орон нутгийн телевизээр УИХ-ын гишүүн хагас жилийн ажлын тайлангаа тайлагнах төлбөр нь 30 сая төгрөг нэхэж байна. Хөрөнгө мөнгөгүй хүн өөрийгөө таниулах боломжгүй юм байна" гэлээ.
-Ц.Даваасүрэн: Намын жагсаалтын 48 осолтой. С.Баярцогт, Ч.Сайханбилэг мэтийн нөхөд шургална-

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ удаагийн сонгуулиар гишүүдийн тоо нэмэгдэж, 48 хүн жагсаалтаар сонгогдохоор болж байгаа. Олон түмэнд нэр нүүрээ барсан, янз бүрийн юманд холбогдож байсан, тэр бүү хэл хуулиар шийтгэгдэж байсан хүмүүс ч орж ирнэ. С.Баярцогт жишээлбэл шүүхээр цагаатгагдчихсан, жагсаалтын ард ороод л ирнэ. Ч.Сайханбилэг ч бас ороод ирэх боломжтой. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр гараагүй. Намын жагсаалт гэдэг чинь ийм хор уршигтай. Үүнд л анхаармаар байна. Ер нь энэ жагсаалтын 48 бол осолтой. Янз янзын юмнууд шургална. Янз бүрийн юманд холбогдож байсан улсын амьд үлдэх, улс төр дэх ийм нүх сүв болчихсон" гэв.
-СЕХ-ны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна-

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн /2024.01.04/ нэгдсэн хуралдаанд Төрийн ордонд 10.00 цагт эхэллээ.
Хуралдааны эхэнд: СЕХ-ны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс Б.Ганбат, Ж.Болд нарыг чөлөөлж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
·Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
·Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
·Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
·Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
·Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
·Бусад
·Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Соёлын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга хэмжээний талаар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.