ОХУ болон Украин дайны хоригдлууд солилцов

ОХУ болон Украин лхагва гарагт /2024.01.03/ дайны хоригдол солилцох үйл ажиллагаа явуулсан гэдгээ мэдэгджээ. Энэ нь сүүлийн таван сард анхны удаа явуулсан солилцоо байв.
Оросын Батлан хамгаалах яам 248 цэргийн албан хаагч хүлээн авсан гэж мэдэгдсэн бол Украин 224 цэрэг, зургаан энгийн иргэн хүлээн авчээ. Хоригдол солилцоонд хүрэх тохиролцоог АНЭУ зуучилсан байна.
АНЭУ-ын Гадаад хэргийн яам хэлэлцээнд оролцсон гэдгээ мэдэгдэж, солилцоо Москва болон Киевийн хооронд найрсаг харилцаа үүсгэсний үр дүнд явагдсан гэжээ.

Украины албан тушаалтнууд Украины тугийг нөмөрсөн хоригдлууд автобуснаас бууж, төрийн дууллаа дуулан, “Украин мандаг бадраг” гэж хэлж буй дүрс бичлэгийг цахим орчинд нийтэлсэн аж. Тэдгээр хүмүүсийн нэг нь “Бид гэртээ ирлээ, та нар биднийг мартсангүй” гэж хэлж байгаа нь бичигдсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам мөн Белгород хот руу автобусаар ирж буй дүрэмт хувцастай хоригдлуудын бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэг дээр нэгэн эрэгтэй “Би ойролцоогоор таван цагийн дараа гэртээ очих нь, үнэхээр сайхан байх болно” гэж хэлсэн юм.

2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш Украин, ОХУ хоёр хэд хэдэн удаа дайны хоригдол солилцох үйл ажиллагаа явуулсан. Гэхдээ 2023 онд тус үйл ажиллагаа царцжээ. Лхагва гарагаас өмнө, хамгийн сүүлд 2023 оны наймдугаар сард хоёр тал дайны хоригдол солилцсон байна.
Украины Цэргийн тагнуулын албаны дарга Кирило Буданов АНЭУ-ын гүйцэтгэсэн үүргийг онцолж “Удаан хугацааны дараа бид хоригдол солилцох хэцүүхэн ажлыг гүйцэтгэлээ” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.