“Түргэн 40 км-ийн цаанаас ирэх тул цусыг гараараа тогтоохоос өөр арга байгаагүй”

"Энэ залууг Б.Өлзийсайхан гэдэг. Тэрбээр Дорноговь Аймгийн Цагдаагийн Газар Замын-Үүд Цагдаа сумын замын цагдаагийн хэлтсийн ажилтан. Саяхан болсон авто замын ослоос 3 хүн үрэгдэж 2 хүн нь хүнд гэмтсэн байхад түрүүлж очоод цасан дээр сөхрөн суугаад нөхрийн минь толгойноос олгойдож байсан цусыг гараараа тогтоон барьж түргэн тусламж иртэл ухаан алдуулалгүй анхаарлыг нь өөр дээрээ татан ярилцаж байсан аж. Эмчийн хэлснээр цусыг нь тогтоож байгаагүй бол амиа алдах байсныг сонслоо. Нөхрийн минь амийг аварсан дүү чамдаа маш их баярлалаа. Өмнө нь бас 380в тогонд цохиулсан хүний амийг аварч өөрөө бэртэж байсныг дууллаа. Хүний амь юугаар ч үнэлж баршгүй. Хүн чанартай, ажил үүргээ сэтгэлээсээ гүйцэтгэдэг дүү чи жинхэнэ БААТАР. Ийм залуусыг эгнээндээ нэгтгэсэн Цагдаагийн хамт олонд баярлалаа. МИНИЙ ЦАГДАА НАМАЙГ ХАМГААЛНА гэдэг үгийг яруу тодоор харуулж өглөө дөө. Шилдэг залууг Цагдаагийн Ерөнхий газар болон холбогдох газрууд нь анхааралдаа авч зохих ёсоор үнэлнэ гэдэгт итгэж байна" хэмээн бичсэн иргэний талархал бүхий нийтлэл олон нийтэд хүрээд буй.
Бид Дорноговь аймгийн Замын-Үүд сумын замын цагдаагийн хэлтсийн ажилтан, ахлагч Б.Өлзийсайхантай холбогдож, товч ярилцлаа.
-Таны авто осолд орсон иргэнд цус тогтоох арга хэмжээ авч амийг аварсан үйлсэд талархсан иргэний нийтлэл олон нийтэд түгсэн. Энэ явдал хэдийгээр болсон бэ?
-За нэг тийм явдал болсон. 2024 оны хоёрдугаар сарын 6-нд миний бие Замын-Үүдийн авто пүүн дээр ээлжтэй байсан. Тэгээд тухайн ослын газар хамгийн ойрхон байсан цагдаа нь би байсан болохоор яаралтай очиж, хөдөлгөөнийг хаасан.
-Таныг очиход нөхцөл байдал ямар байсан бэ?
-Том тэрэгний араас жижиг тэрэг орсон осол юм. Таван хүнээс хоёр нь амьд үлдсэн нөхцөл байдалтай. Хоёр иргэний биеийн байдал хүнд. Нэг хүн нь толгойдоо нэлээд том шархтай цус алдаж байсан. Миний ажиллаж байсан газар төвийн зах руу учраас маш хурдан ирсэн. Харин түргэн тусламж 30-40 км зайнаас ирэх тул ямар нэг арга хэмжээ авах ёстой л гэж бодсон. Тэгээд ахын толгойн шархыг гараараа дараад түргэн тусламж хүлээсэн.
-Түргэн хэр удаж ирсэн бэ?
-Сайн санахгүй байна. Толгойдоо шархтай хүн маань ухаан алдагдалтай байсан учраас цаг минут ч харах сөхөө байгаагүй. Тэгээд түргэн тусламж ирээд осолд орсон хүмүүсийг аваад явсан. Үүний дараахан тэр ахын гэр бүл, хүүхдүүд нь хадаг сүүтэй ирж, талархал илэрхийлсэн. Эмч нар нэмээд 2 минут цус алдсан л бол амиа алдах байж гэж хэлсэн юм билээ. Тэр утгаараа гэр бүл нь намайг амийг нь аварсан хэмээн ойлгож, баярласнаа ирж хэлсэн.
-Тухайн иргэн таныг өмнө нь 380 вольт тогонд цохиулсан хүний амь авраад өөрөө бэртсэн гэж бичсэн байсан. Энэ талаар бас мэдээлэл өгөөч?
-380 вольт биш. 10 мянган вольт байсан. Коронагийн үеэр болсон осол. Хөл хорио тогтоочихсон үеэр пост дээр хамгаалалтад гарч байсан. Тэгсэн хүмүүс шон дээр ажиллаж байсан хүмүүс тогонд цохиулчихлаа гэцгээсэн. Гүйгээд очиход төмөр зам дагуух шон дээр ажиллаж байсан өргөгч машин цахилгааны утсанд хүрээд тогонд цохиулсан. Нэг хүн нь аргалаад буугаад ирсэн, нөгөө хүн нь өргөгчийн араг дотор уначихсан байсан.
Манай аав өргөгч машины жолооч хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэгээд шууд аав руугаа залгаад асуухад "Одоо наад машин чинь ямар ч удирдлагагүй болсон байгаа. Дээшээ ямар нэг аргаар гараад дээд удирдлага руу оч гэсэн. Шууд л нүцгэн гараараа шон руу авираад очиход нөгөө араг доторх хүний толгойноосоо шатаад ухаан нь балартаж босч ирээд нэмж тогонд цохиулаад байсан. Тэгээд нөгөө хүнтэйгээ ноцолдоод.
-Ноцолдоод гэдэг нь...?
-Ухаан нь балартсан хүн чинь босч ирэх гээд миний өөдөөс тэмцэлдээд, хоёулаа тогонд цохиулсан. Тэгээд за өөр хөдөлгөөн хийвэл хоёулаа амь насаа алдах юм байна гээд нөгөө хүнээ босгохгүй байх нь зөв гэж ойлгосон. Ингээд Онцгой байдлын аврагчдыг иртэл дарж, хэвтүүлсэн. Ингэж хоёулаа амьд гарсан байдаг. Тэр ах одоо эрүүл саруул байгаа.
-Амь өрссөн тохиолдолд хүний амь насыг ур чадвар гаргаж хамгаалах арга техникийг та нарт заадаг уу. Эсвэл ажлын туршлагаас бий болдог уу?
-Аравдугаар ангиа төгсөөд цэргийн албанд явсан. Цэргээс ирээд цагдаагийн албанд ажиллаж эхэлсэн. Одоо тав дахь жилдээ ажиллаж байна. Ажлын туршлага суусан. Аливаа осол аваарын үеэр цагдаа тухайн газрыг хамгаалалтад авах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл тийшээ хүн оруулахгүй байх ёстой. Зарим нөхцөлд аврах үйл ажиллагаа явуулснаар дүрэм, аюулгаа ажиллагаа зөрчсөн тохиолдолд ч ордог. Гэвч үнэхээр аврахаас өөр аргагүй нөхцөл байдалд орох үе бий. Жишээ нь, дээрх хоёр тохиолдолд өөр арга байгаагүй. Миний хувьд тусгай мэргэжлийн сургуульд сураагүй. Харин цаашдаа эрх зүйчээр сурах хүсэл бий.
-Таны эдгээр баатарлаг үйлсийг үнэлж, алдаршуулах хэрэгтэй хэмээн олон хүн бичсэн байсан...?
-Би мөрөөрөө л ажлаа хийгээд явж байгаа жирийн нэгэн цагдаа шүү дээ. Хүмүүс өөрийнх нь ойр дотны хүн тэр айхтар ослоос амьд үлдсэнд маш ихээр баярлаж, талархлаа илэрхийлсэн. Тэр үүднээсээ л өөрсдийн бодлоо бичсэн болов уу даа.
-Танд баярлалаа.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ЦАГДААГ ШАГНААЧЭЭ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ЦОЛ НЭМЭЭЧЭЭ ШУДАРГА ЖУРАМ МЕДАЛЬ АВАХ БОЛЗЛОО ХАНГАССАН БАЙНА
ymar mundag uhaantai meregshsen ajildaa vnench zaluu bee ajild ni undurus undur amjilt vsie
Ёстой эрэлхэг цагдаа байна, амжилт хүсэе. Бодитой түүхтэй юм.
Цагдаа, Онцгой байдлын ажилчдыг Амьлуулах суурь тусламжийн сургалтанд жил бүр хамруулж байх нь чухал. Энэ цагдаагийн ажилтан залуу үүргээ сайн биелүүлсэн байна
Яа яяа, энэ естой удам сайтай хуний ур байж таараа даа ! Хун чанар гэдэг улам дамждаг нандин зуйл шуу!