III улирлын амралтад өөрчлөлт оруулахгүй бол 28481 сурагч хичээлдээ ирээгүй байна

Цас зудны нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралтад өөрчлөх оруулах тухай асуудал удаа дараа яригдаж байна.
Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс хуралдаж хоёрдугаар сарын 15-нд хуралдаж, орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, улирлын амралтын хуваарьт уян хатан зохицуулалт хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасан.
Гэвч УОК-оос томилсон шуурхай бүлгийн багт салбарын сайд багтаж орон нутагт томилогдсоноос шалтгаалсан уу, уг асуудалд хариу шийдвэр гараагүй. Харин зудтай байгаа аймгуудын ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ням гарагт /2024.02.25/ дахин хэлсэн юм.
Уг асуудал хэзээ хэрхэн шийдвэрлэгдэх талаар БШУЯ-наас тодруулахад "Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын III улирлын хичээл 2024 оны нэгдүгээр сарын 29-нөөс эхэлсэн. Одоогоор сурагчдын улирлын амралтад ямар нэгэн өөрчлөлт оруулах зохицуулалт хийгдээгүй байна. Хуулиараа орон нутагт өөрчлөлт оруулахаар болбол тухайн аймаг, НЗДТГ-тай зөвшилцөнө. Тухайн газруудаас хүсэлт ирвэл авч хэлэлцэнэ гэсэн үг. Гэвч одоогоор ямар нэг шийдвэр гараагүй, магадгүй энэ долоо хоногт багтаагаад шийдвэрлэх болов уу" гэлээ.

Харин Боловсролын Ерөнхий газраас орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын ирцийн мэдээллийг лавлахад доорх байдалтай байна. Үргэлжлэн буй цас зудтай өдрүүдэд өвөлжилт хүндэрсэн нутгийн малчид хүүхдүүддээ сургуульд хүргэж чадахгүйд хүрсэн. Нөгөө талаас малчдад хүний тус нэмэр нэн хэрэгтэй байгаа учраас их дээд, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүддээ мал дээрээ байлгах хэрэгцээ шаардлага байгаа юм.
ЕБС-иуд хоёрдугаар сарын байдлаар 96.3 хувийн ирцтэй буюу нийт 742.978 сурагч хичээлдээ ирж, 28481 сурагч ирээгүй байгаа юм.

Аймгуудын тухайд Баянхонгор, Баян-Өлгий, Сэлэнгэ, Ховд, Өмнөговь, Өвөрхангайд хичээл таслалт 5-7 хувьтай байна. Эндээс харахад, БШУЯ малчдын өнөөгийн нөхцөл байдлыг үндэслэн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулах ямар нэгэн дорвитой шийдвэр гаргахгүй бол улсын хэмжээнд 28481 хүүхэд хичээлийн хоцрогдолтой явж байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.