Нийгэм мэдээ

Баянхошууны хувцас угаалгын газар: Таван машинаа лизингээр авсан, тор хувцсыг ₮7000 угаадаг

Гэр хороололд амьдардаг болон өдөр тутмын завгүй амьдралын хэмнэлтэй иргэдийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор нээгдсэн хувцас угаалгын газрыг зорилоо. Энэ газар Баянхошууны шинэ эцэст байрлалтай хоёр давхар үйлчилгээний төвд үйл ажиллагаагаа явуулдаг.

“Эгч ээ энийг угаалгая, дуусахаар нь хэлээрэй, би ойрхон үсээ тайруулчхаад ирье” гэх хүмүүсийн яриа энэ газрын мөн чанарыг илэрхийлнэ. Ширээн дээр ууттай угаасан хувцас байх бөгөөд уут бүр дээр үйлчлүүлэгчдийнхээ холбогдох утасны дугаарыг нямбай гэгч нь наажээ. Гэр хороололд өвөл хүйтэн, ус түлээгээ бэлтгэхээс эхлээд угаалга хийх нь ажиллагаа ихтэй. Тийм ч учраас иргэд энэ газрыг зорин ирж, үйлчлүүлдэг гэв.

Ингээд хүүхдүүдийнхээ хамт хувцас угаалгын газар нээсэн оёдолчин эмэгтэй П.Уранчимэгтэй ярилцлаа.

-Таван угаалгын машиныхаа лизингийг дуусгаад, нэмж машин авна. Угаалгын газраа зөндөө том өргөжүүлнэ-

-Та өөрийгөө танилцуулбал?

-Намайг Пунцагийн Уранчимэг гэдэг. Би 20 жил Баянхошуунд оёдолчин, хувцас  захиалга засвар хийдэг. Намайг энэ хавийнхан маань андахгүй дээ.

-Хувцас угаалгын газар нээх санааг анх хэрхэн гаргасан бэ?

-Ер нь оёдол хийх үед над дээр маш олон хүн үйлчлүүлдэг. Тэгээд ярьдаг л даа “Юм угаах хэцүү” гээд. Тийм болохоор өнгөрсөн жилээс эхлээд угаалга хийе гэж бодож эхэлсэн. Тэгээд чадал хүрэхгүй, чадахгүй явсаар байгаад тав, зургаан сарын өмнөөс эхэлж хийсэн. Манай нэг давуу тал нь ус маань төвийн шугамтай холбоотой. Тэгэхээр таван шинэ угаалгын машин лизингдээд, талбайгаа түрээслээд эхэлсэн.

-Анх нээхэд тулгарч байсан бэрхшээл бий юу?

-Байлгүй яахав. Таван угаалгын машинаа лизингээр аваад, талбайгаа түрээслээд, тог цахилгаанаа холбох ажил чинь санаан зоргоор бүтдэг эд биш ээ.

-Одоогийн байдлаар сарын урсгал зардал хэд орчим төгрөг вэ?

-Хоёр сая орчим. Одоо байгаа байдал бол бүгд түрээс шүү дээ. Байрны түрээс өгнө, ус, цахилгааны төлбөр, лизингээ төлнө. Бүх л юм хараат. Одоо хоёр угаалгын машины зээл дуусчихсан. Гурвынх нь лизингийг төлж л байна. Удахгүй лизинг нь дуусна, тэр үед нэмж машин аваад үйлчилгээгээ илүү өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. Манайх ус, цахилгааны төлбөрөө ААН-ийн хувиар төлдөг. ААН учраас өрхийн тарифаас  үнэ нь нэмэгдээд өсчихдөг юм билээ.

-Тэгэхээр энэ урсгал зардлаа нөхөж ажиллаж чаддаг уу?

-Болгоно доо. Хааяа тэтгэврийн хэдэн төгрөгөө нэмэрлэнэ. Гэхдээ ер нь нэлээн дажгүй орлого олчихдог. Орлогын тоог хэлээд яахав, нууцалчихъя.

-Та сая өргөжүүлнэ гэлээ, хэрхэн үргэлжлүүлэх бэ, өнөөдрийн байдлаар хамгийн ачаалалтай өдөр хоногууд хэзээ байдаг вэ?

-Баярын үеүдэд маш их ачаалалтай байдаг. Сая цагаан сараар бараг хонож угаасан. Тав дахь болон амралтын өдрөөр ачаалал нэмэгддэг. Ажлын өдрүүдээр харьцангуй гайгүй. Өглөөгүүр хүмүүс ажилдаа явах замдаа үлдээчхээд тараад ирж авъя гэдэг. Тэгэхээр их боломжийн байдаг л даа. Өглөө эрт өгөөд өдөр би угааж хатаагаад тавьчихдаг. Орой тарахдаа түгжрээд яаж ийгээд ирээд авчихдаг. Цаашдаа байраа томруулж, бүр томорвол салбар болгох төлөвлөгөөтэй. Боломж боломжоороо ажлын байр нэмээд, эмэгтэйчүүдээ дэмжээд явахыг зорьж байна.

-Хүмүүс ихэвчлэн ямар төрлийн хувцас угаалгадаг вэ, үнэ ханш нь хэдэн төгрөг вэ?

-Өдөр тутамдаа өмсдөг бүх хувцсаа угаалгадаг. Угаалгах хувцсаа өнгөөр нь ялгаад аваад ирдэг. Заримдаа том куртик, ажлын хувцас угаалгана. Машины болон буйдангийн бүрээс, хөшиг, хөнжил гээд хэрэгтэй бүх юмаа л ирж угаалгадаг. Нэг тор хувцсыг долоон мянган төгрөгөөр харин том хувцсаа арван мянган төгрөгөөр угаадаг.

-Манайхаар үйлчлүүлдэг хүүхнүүд дандаа л “Хумсаа янзлуулчхаад ирье, хүүхдээ аваад, хүнсээ авчхаад ирье” гээд өөрсдөдөө цаг зав их гаргаж байгаа харагддаг-

-Угаалгын газрууд олширхын давуу талын тухайд?

-Манай охид, бүсгүйчүүд, олон хүүхэдтэй эмэгтэйчүүдэд цаг зав их гарах боломжтой. Манайхаар үйлчлүүлдэг хүүхнүүд дандаа л “Хумсаа янзлуулчхаад ирье, хүүхдээ аваад, хүнсээ авчхаад ирье” гээд өөрсдөдөө цаг зав их гаргаж байгаа харагддаг. Энэ байдлыг нь харах сайхан байдаг даа. Манай охин ч бас угаалгын газраа нээснээс хойш өөрт нь цаг зав их гарч байгаа гэж хэлсэн.

-Ийм төрлийн угаалгын газрууд олширч эхэлж байна, энэ дундаас танайх ямар үйлчилгээгээрээ онцгой вэ?

-Гэр хороололд өнгийн куртикны зах, ханцуй, хормой маш их хиртдэг. Тийм байхад нь шууд машиндаа угааж болохгүй шүү дээ. Хир нь арилахгүй. Манайх толбо арилгагчаар эхлээд үрж, цэвэрлэнэ. Тэгээд угаалгын машиндаа хийгээд угаана. Хамаагүй өөр өнгөтэй болчихсон байдаг. Бас олон хүний, олон төрлийн хуюцас угаалаг болохоор угаалгын машинуудаа байнгын угааж, цэвэрлэхгүй бол болохгүй. Тэгэхээр угаалгын машиндаа бодис хийж байгаад сайхан цэвэрлэдэг дээ.

-Хүмүүс таныг шүүмжлэх тохиолдол гарсан уу?

-За ер нь магтаал урамшуулал, шүүмжлэл хоёр байнгын хамт шд ээ. Тэгэхдээ шүүмжлэхээсээ магтах нь зөндөө. “Гоё байна, баярлалаа эгчээ, ажил их хөнгөвчилж байна, олон хүүхэдтэй охид, хүүхнүүд танайх ингэж ажиллаад их сайхан байгаа шүү, миний ажлыг маш их хөнгөвчилж байгаа шүү” гэж хэлдэг. Тэр нь бол урамтай сайхан л байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Биднийг ярилцаж байх үед гурван хүн ирж угаалгасан хувцас, куртикээ ирж авлаа. Бүх хувцасыг нь торонд эвхээд хийсэн байв. Тэд байнгын үйлчлүүлэгч гэдэг нь илт. Хувцасаа авчихаад л тооцоогоо хийгээд инээгээд гарав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яваандаа сайжруулаарай. Интернетээр гадаадын ийм газар ямар байдгийг харж тохижуулаарай. Угаалгын машингүй хот гэж байдаггүй. Завгүй ганц бие хүмүүст их хэрэг болдог.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Анх ийм л зорилгоор Метро экспресс гэж Америкийг дуурайгаад шууд өөрсдөө машинаа түрээслээд өөрсдөө угаагаад хүлээж байгаад авах үйлчилгээ нээсэн боловч яваагүй. Гэр хороололд биш Модны 2т нээсэн болохоор хэн ч хувцсаа өгч угаалгахгүй. Тэгээд л маш олон салбар нээсэн байсан тул дампууралтай нь биш, өөрөө өөртөө үйлчлэх биш хүлээн авдаг хими цэвэрлэгээ угаалга болсон доо. Уг нь санаа нь их зөв байсан.

Зочин
Зочин

гэрийн биш угаалгын газрын зориулалтын машин авч тавиарай.. амжилт хүсье

Иргэн
Иргэн

Ийм л жирийн иргэн хүн амьдрах гээд ядаж явхад нь энэ тэндээс элдэв янзын татвар татаас энэ тэндэхын хавчилгууд их л саад болдын байна лээ тийм биш байсан бол одоо өдийд монголын бүх хүмүүс хувиаараа бизнес эрхлээд сайхан л амьдрах байсан энэ боломжыг хулгайлсан 76 30н гэр бүлүүд саад л болоод байгаадаа

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Одоо бизнес чинь жилд 50 сая хүрэхгүй бол 1%-ийн татвар төлдөг. гэхдээ маягтаа эртхэн нэхэж авах хэрэгтэй. Маягтаа тулгаж гаргаж өгч чаддаггүй хүнд сурталтай байлээ.

Buyandelger.
Buyandelger.

Yamar saihan medee ve.Ger holch gesen yumaa ugaalganaa.Tanid eruul enhiig husii.

Buyandelger.
Buyandelger.

Baynhoshuunii haan yum boloo haygiin medmeer bna.

Зочин
Зочин
Reply to  Buyandelger.

Эцэс дээр монос эмийн сангийн 2 давхарт бдг

Зочин
Зочин

Тор хувцас 5-6 мянгатай байгай шүү

Холбоотой мэдээ

Back to top button