МУГЖ С.Өлзийхүү: Амьдралд хөлөө олохгүй, учраа мэдэхгүй яваа хүмүүсийг дэмжих нь хамгийн чухал

Олон улсын инээдмийн баярын өдрийг тохиолдуулан “Өнгөт инээд” хамтлагийг үүсгэн байгуулагч, “Сити” их сургуулийн уран чадварын багш, МУГЖ С.Өлзийхүүг зочноор урьж, ярилцлаа.
-“Өнгөт инээд” Монголын хошин урлагийн хоёр дахь хувийн продакшн-

-Өнөөдөр инээдмийн баярын өдөр. Энэ өдөр“Өнгөт инээд” хамтлагийн хэд дэх дөрөвдүгээр сарын 1 бэ?
-30 дахь инээдмийн баярын өдрөө угтаж байна. Манай хамтлаг 1994 онд байгуулагдсан.
-Өнгөрсөн 30 жилд юу, юу болж өнгөрөв. Анхдагчуудын нэг шүү дээ, та хэд?
-1994 онд манай нөхөр найз нартайгаа нийлээд хамтлаг байгуулья гэдэг санал гаргаж, Монголын хоёр дахь хошин урлагийн хувийн продакшн болж гарсан. Энэ хугацаанд мэдээж маш олон үйл явдал болоод өнгөрчээ.
Анхны хошин шоу тоглолтыг хийж МУГЖ О.Бат-Өлзий, Б.Лхагвасүрэн, Н.Онон, О.Энхтуул, Ж.Оюундарь, талийгаач, миний найз Л.Дэмидбаатар бид “Өнгөт инээд 1” нэртэй хийж байсан. Үүнээс хойш даруй 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд бид 130 гаруй хошин тоглолт хийсэн. Хүмүүс “Нутгийн индиан”, “Тэмээний боодог”, “Муу ёр 666”, “Терминатор буцаж ирсэн нь”, “Эротик лекц” гээд нэрийг нь хэлэхэд маш сайн санана даа. Мөн “Авьяаслаг Монголчууд” тоглолтууд, “Дурлалын сүм” бүрэн хэмжээний жүжиг хийж “Гэгээн муза”-гаас шагнал авч байсан. “Үнэнээ хэлээч” жүжиг, “Баавгай дуулах уу?”, “Алладины шидэт дэнлүү” хүүхдийн жүжгүүд, “Бүтэлгүй новш”, “Бор чоно”, “Зугатаарай”, “Сая долларын олз”, “Амрагийн паян” гээд кинонууд байна.
Түүнчлэн бид хажуудаа маш олон уран бүтээлчдийг хамруулсан хувийн студиудыг ажиллууж “12 давхар” нэвтрүүлгийн 100 гаруй дугаар хийсэн. Өнөөдөр олны танил болчихсон салбар салбарын олон алдартай хүмүүс тус нэвтрүүлгээр эхэллээ тавих гэж орж ирж байлаа. МУГЖ С.Жавхлан, дуучин Д.Болд, УИХ-ын гишүүд, спортын алдартнуудын залуу, балчир үеийн ярилцлагууд манай архивт бий. Хажуугаар нь бид Канад болон Солонгосын олон улсын театрын фестивальд оролцож шагнал хүртэж явлаа. Европын 30 гаруй орны уран бүтээлчид оролцсон наадмаас үзэгчдийн нэрэмжит “Шилдэг бүтээл” шагнал авч, Монголын хошин урлаг анх удаа олон улсаас шагнал хүртсэн сайхан дурсамжийг бүтээж байв. Монгол орныг хэчнээн ч удаа тойров гэх мэтээр маш баялаг түүхийг хөврүүлжээ. Манайхаас олон хамтлаг салбарлаж гарсан. Олон тайзны бүтээл хийж телевизийн “Шилдэг нэвтрүүлэг”-ийн шагналыг хоёр удаа хүртэж байжээ. Өөрийг чинь 30 жилд юу юу болов гээд асуусан чинь үнэхээр сайхан дурсамж хөвөрч байна. Бид 30 жил үнэхээр хөдөлмөрлөжээ гэж бодогдлоо.
-Харин одоо хаашаа илүү төвлөрч ажиллаж байна вэ?
-Өнөөдөр бид нар улс эх орон, ард түмэндээ хайрлагдсан сайхан уран бүтээлчид болжээ. Төрийнхөө хишгийг хүртэж, манайхаас олон гавьяат төрсөн. Дээрээс нь бид өөрсдийн залгамж халаагаа бэлдэж олон шавь нартай болсон. Би л гэхэд 60 гаруй шавьтай. Тэр үед жижигхэн хүүхэд байсан охин минь, төрөө ч үгүй байсан хүү минь уран бүтээлчид болчихсон сайхан уран бүтээл хийцгээж байна. Ханьтайгаа дахин дахин гоё уран бүтээл хийж манай студи клип, нэвтрүүлэг, дэлгэцийн уран бүтээл хийж байна. Энэ жилээс тайзны уран бүтээл рүү түлхий орно. Нийгмийн сайн сайхны төлөө бид үйл явдлуудыг хийсэн гэх мэтээр зогсохгүй ажилласаар л байгаа. Инээдмийнхээ тоглолтыг дэлгэцийн хэлбэрт шилжүүлж “Өвлийн идэш”, “Тээврийн жолооч” зэрэг бүтээл гаргалаа. “Миний хүүтэй гэрлээч” , “Нинжин сэтгэл” УСК байна. Уран бүтээлч болж төрж, ажиллаж байгаагийн хувьд тасралтгүй хөдөлмөрлөхдөө залуучуудтай илүү хамтран нийгмийн бүхий л салбарт нягт нямбай ажиллахыг зорьж байна даа.
-Хоёр жаахан залуу л танилцаж үерхэж амьдралаа эхлүүлсэн. Гэтэл өнөөдөр гэр бүлээрээ урлагийн хүмүүс болж танай гэрт тайз дэлгэцийн одууд өсөж өндийж байна. Ихээхэн бахархал шүү?
-Бид хоёр 22-23 настай залуус л уулзаж танилцаж байлаа. Ингээд амьдралаа ч, уран бүтээлээ ч эхлүүлж аажмаар өсөж дэвшээд өдий хүрч. Өнгөрсөн хугацаанд амжилт, уналтын аль алиныг бид амсаадл даваад ирсэн. Эрээн бараан ч байлаа, инээд сайхан нь байлаа. Ингээд л явж байтал хүүхдүүд маань залгамж халаа болж гараад ирсэн дээ. Бид хоёр албаар уран бүтээлч болгохгүй гээд цэнэглээд байтал сөрж дайрсаар байгаад уран бүтээлчид боллоо. Хүү маань сая “Бид нэг гэр бүл” УСК амжилттай тоглоод одоо “Клеопатра” жүжигт тоглож бас дараагийн уран бүтээлдээ орчихсон яваа. Охин маань сая АНУ-д магистр хамгаалж ирээд одоо УСК дээр ажиллаж байна. Охин туурвих талбарт бэлтгэгдэж анхны сериалынхаа зохиолыг бичээд 7-р анги дээрээ явж байгаа. Гэх мэт бид хэд бүгд урлаг гэдэг вирусээр өвчилчихсэн урлагийг төлөө амьдарч байна даа. Миний хувьд өөрийнхөө сурсан мэдснээрээ “Сити” их сургуульд уран чадварын багш хийж 2024 онд нэг ангиа төгсгөлөө. Одоо дахиад дараагийн 32 шавь маань орж ирээд сургалтаа эхэлсэн явж байна.
-Эрээн бараантай нь туулаад явж ирсний тухайд хүү, охин хоёртоо урлагийн ертөнцийн сайнтай муутай нь ойлгуулдаг байх?
-Уран бүтээлч хүн хамт олонтойгоо эвтэй, шантрашгүй, уян хатан, мэдрэмжтэй байж өөрийгөө зогсолтгүй хөгжүүлж байх ёстой гээд хэд хэдэн зарчмыг ягштал хэлдэг дээ. Тэд нар чинь өөрсдийнхөө ертөнцийн шүүлтээрээр бүх юмаа тунгааж ойлгодог. Бид нарын үгийг өөрсдийнхөөрөө боловсруулдаг байхаа.
-Танайхаас хэдэн хамтлаг өрх тусгаарласан бэ?
-2-3 продакшн гарсан. Аливаа уран бүтээлч жигүүр нь ургаад өөрөө уран бүтээл хийх болоод дэвээд эхэлж байгаа нь тэр. Тэд нараас чинь бас нэг нь ингээд өдлөөд гарна. Энэ бол хөгжлийн хууль учраас бид зөрчилддөггүй. Аль болохоор дэмжиж, ерөөдөг.
-Хүслээг жүжигчин болох гэж байхад нь хориглосондоо харамсдаг-

-Нөхрийн тань тухай асуумаар санагдлаа. Жүжигчин болохыг та тас хорьчихсон гэдэг?
-Хүслээ уг нь жүжигчин болох гээд сүрхий авьяастай асаж байхад нь би найруулагч болоосой гэж хурцалсан юм болов уу. Одоо нөгөөх чинь маазраад “Би яг жүжигчин болох гээд тайз, дэлгэц дээр гарах гэж байхад Өлзий намайг боль боль, нэг гэрт олон жүжигчин хэрэггүй, чи найруул” гэсэн гэж ярьдаг. Манай хүн чинь их мэдрэмжтэй, ДУЭТ-т ажиллаж байсан юм шүү дээ. Тэгээд яахав уран бүтээлчдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, найруулах тал руугаа хэтийгээд ажиллаад явчихсан. Магадгүй би бас жүжиглэ гэсэн бол яах ч байсан юм бол гэж хааяа боддог. Ханийгаа яг жүжиглэх гэж байхад нь болиулчихсан юм болов уу ч гэж харамсана. Худал үгийг олон ярихаар үнэн болно гэдэг шиг Хүслээг тэгээд байхаар би өөрөө хорьчихсон гээд итгэчихсэн яваа.
-Танайх хоёр талаас урлагийн удамтай юу?
-Манай нөхрийн талын ген нь зохиолч хүмүүс. “Элс цас” романы С.Шажинбат агсан бол манай нөхрийн цусан төрлийн хамаатан. Олон сайхан дууны үг бичсэн хүн. Энэ авьяас миний охинд бий. Баярмаа маань маш их ном уншсан, уран зохиолын яруу хэллэгтэй, одоо зохиол бичээд эхэллээ. Надад бол энэ төрлийн авьяас байхгүй, тэр талаа хөгжүүлээгүй. Одоо харин багш болсон учраас бичих гэж оролдож байна. Манай тал харин дууны авьяастай. Нямлхагва гэж алдартай уртын дуучин манай удмын хүн. Манай эмээ дуулдаг, ээж бас дуулдаг спортод дуртай хүн байсан. Хувь тавилангаар бичдэг, дуулдаг удамтай хүмүүс нь нийлчихсэн байна даа.
-Нийгмийн хөгжил дорой байх тусам хошин урлаг хөгждөг гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Гэхээсээ илүүтэй ард түмэн хүн болгон аз жаргалтай инээж, наадаж амьдрахыг маш их хүсдэг юм шүү дээ. Тэгэхээр энэ бол нийгэм сул дорой гэхээсээ илүүтэй бид хүмүүсийг баясгаж, аз жаргалтай байлгахыг хүсч байсан. Инээгүйгээгүй өнгөрсөн нэг өдрийг эрүүл мэнд, сэтгэлзүйгээ алдсан тооц гэж алдартаны үг бий. Хүн инээж байж аз жаргалтай эрүүл гоё сайхан байж ажлын эрч хүч ч нэмэгдэнэ. Инээд гэдэг хүний амьдралд ийм л чухал зүйл.
-Бас нөгөө талаас нийгмийн эрээн бараан үед монголчуудыг баясгаж, цэнгүүлж байсан гавьяа бий шүү та нарт…?
-Бид нар Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед нэг дор хорин хэдүүлээ төрийн шагнал авч байлаа. Тэгэхэд нийгмийн шилжилтийн үед хүмүүсийн сэтгэл санааг тайван байлгаж ард түмнээ баясгасан гэх утгатай тодотгол бичсэн байсан. Хүмүүсийг үргэлж инээлгэж, аз жаргалд бэлэглэж байсан. Инээсэн газар эрүүл уур амьсгал байдаг учраас инээдмийн төрөл хүний амьдралд хамгийн чухал гэж би боддог. Ямар нэгэн хэлэлцээр хийх гээд, уулзалтын ширээний ард учраа олохгүй суухад нэг хүн инээдтэй юм ярихад албаны хүйтэн хөндий байдал алга болж гэрээнүүд амжилттай хийгдэж, ажлын саналууд зөв гольдролд ордог. Бизнесийн зөвлөмж номууд дээр та хошин шогийн мэдрэмжтэй байх ёстой гэж бичсэн нь олон. Инээдмийн төрөл хамгийн гайхамшигтай нь.
-Таныг тухай хошин шогийн жүжигчид домог мэт ярианууд хөврүүлдэг. Эршүүд түс тас бяр чадалтай гээд л?
-Бид нар чинь аливаа юмыг уран сайхны хэтрүүлэгтэй ярьдаг. Тэр дунд жижигхэн хэтрүүлгүүд байдаг ч би тэрийг нь тоодоггүй. Би өөрөө ч уран сайхны хэтрүүлэгтэй ярьдаг. Юмыг даваадуулж хэтрүүлж ярихаар сонирхолтой болдог учраас чимэглэж ярина. Үнэн бодитой юмыг жаахан чимэг хийчиж байгаа юм. Бид нар ч өөрсдөө тэрэндээ дуртай. Тэгээд инээлдээд л. Бид нар бөөндөө уулзсан тохиолдолд инээсээр байгаад тарна. Сая Х ТҮЦ-ийн маань тоглолт болж баяр хүргэхээр очоод инээлсээр байгаад л тарцгаасан. Бид нарын байгаа газар дандаа гоё уур амьсгал, инээд хөөр цалгиж байдаг болохоор би хошин урлагийнхаа жүжигчдэд бүгдэд нь их хайртай.
-Хөгширдөггүй, өтөлдөггүй хэдэн гоё хүн байдаг. Хоорондоо бас эвтэй, эрүүл харилцаатай салбар шиг санагддаг?
-Яагаад гэхээр маш нарийн мэдрэмжтэй уян хатан хүмүүс инээдмийг ойлгож энэ төрөлд амжилттай яваа. Энэ чинь дотроо ухааны урлаг. Инээдэм өөрөө давс нь хэтрүүл ярвайлт, дутчихвал амтгүй болдог учраас яг л оночийг нь олж уран бүтээлийг хийж, үгийг хэлж, зорилгоор тоглоно. Энэ бүхэнд маш их мэдрэмж шаарддаг учраас зургаа дахь мэдрэхүй нь хөгжсөн хүмүүс гэж хэлж болно. Нөгөө талаас их ухаантай хүмүүс байдаг.
-Та хэнээс хамгийн их суралцдаг вэ?
-Би хүн хүнээс сайн сайн талыг нь олж хардаг. Оюутан байхдаа багш нараасаа их юм сурсан. Миний багш бол нэрт найруулагч Доржсамбуу буюу “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрд тоглосон гайхамшигтай хүн. Багш хичээл зааж байхдаа ганц хоёрхон инээдтэй өгүүлбэр хэлэхэд бид нар элгээ дараад нурж унана. Тэгэхэд багш ямар ч хувиралгүй, уужуухан ярьдаг байлаа. Тэрний дараа МУГЖ Лхасүрэн буюу “Гарын таван хуруу” киноны Шагдар гэж хүнээс биеэ гоё авч явахыг, дайчин чанаруудыг нь сурсан. Багш болгоноосоо гоё гоё талыг нь сурсаар байгаад дараа нь ах эгч нараасаа, дээд үеийхнээсээ, тэгээд үеийнхнээсээ харин одоо залуучуудаасаа суралцаад явж байна.
-Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Би уран бүтээлийнхээ хажуугаар зургийн дарга гэдэг албан үүргийг гүйцэтгэдэг. Ойрын өдрүүдэд олон ангит киноны зургийн даргаар ажиллаж байна. Өөрсдийн уран бүтээл нэг кино маань цаасан дээр буучихсан. Дараа нь тийшээгээ орно. Тайзны бүтээл сонирхоод, дэлгэцийн контентоо төлөвлөөд гэх мэтээр уран бүтээл ар араасаа жагсчихсан байгаа.
-Энэ нийгэмд эмэгтэй хүн сэтгэцийн эрүүл мэндээ маш сайн авч явах хэрэгтэй-

-Өнөөдөр манай нийгэм стресс ихтэй, үүнийгээ дагаад эмэгтэйчүүд нийтээрээ бухимдуу, нийгэмдээ сэтгэл дундуур амьдарч байна. Энэ бүхэн дунд эмэгтэй хүн ямархуу жор тунг найруулж оршвол зохистой вэ?
-Манай эмэгтэйчүүд үнэхээр хүчирхэг. Ар гэр, үр хүүхэд, ханийнхаа ар талд хөдөлгөгч хүч нь болж байна. Манай эрчүүд ч гэсэн амьдралынхаа төлөө чин үнэнчээр зүтгэдэг нь олон. Эмэгтэй хүн ажлаа ч хийдэг, бүхнээ амжуулдаг ч өөрийгөө битгий орхиорой гэж би эгч хүний хувьд зөвлөмөөр санагддаг. Эрүүл мэндээ маш сайн бодоорой. Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэлийн тайван байдлаа маш сайн авч явах хэрэгтэй. Зарим үед болохгүй байгаа юмыг заавал болгох гэж өөрийгөө зовоож, дайрч чичрэх шаардлагагүй. Болохгүй юм бол болдоггүй. Тухайн үед нь хаячих. Бүр үнэхээр болохгүй хэцүү зүйлийг орхиж сурах хэрэгтэй. Тэгээд аль болох аз жаргалтай сайхан байлгадаг хүмүүстэй найзалж, өөртөө мотиваци өгдөг хүмүүстэй нөхөрлөөсэй. Хүнд найз гэдэг хамгийн чухал зүйл. За тэгээд гэр бүлээ, хажуудах хүнээ их хайрлах юмбол хүнд их гоё хайр ирдэг. Илүү гоё тайван нухацтай сэтгэл сайтай байвал эргэн тойрны бүх хүн сэтгэл сайтай болдог. Амьдрал гэдэг чинь өнөөдөр болохгүй ч маргааш заавал болдог хуультай. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг. Ямар нэгэн хувилбарууд заавал байдаг учраас сэтгэл санаагаар хямарч, унах шаардлагагүй. Хэцүү тохиолдолд жаахан бодож амсхийж байгаад дахиад өөр нэг үүд нээж олно. Хамгийн гол нь энэ дунд эмэгтэй хүн эрүүл саруул байх нь хамгийн чухал.
-Хүүхдийн хүмүүжил гэж бас нэг том асуудал бий. Та туршлагаасаа хуваалцаач?
-Хүүхдүүдтэйгээ маш гоё энгийн, нээлттэй байвал зүгээр гэж бодогддог. Сайхан ярилцаад зарим үед найз нөхөд шиг, зарим үед тэд нар чинь ах эгч шиг ярьж байх шиг. Аль болох буруу зуршлаас салгаж, өөрийнх нь дуртай зүйл дээр дэмжих хэрэгтэй. Дуртай замаараа яваа хүн өөр буруу зам руу ордоггүй. Зөв сайхан найз нөхөдтэй, дуртай ажлаа хийж яваа хүний нойр өглөө сэвхийтэл сэрдэг. Харин дургүй мэргэжлээ сонгосон бол өөр. Өөрөө өөртэйгээ ярилцаж байх хэрэгтэй. Энэ амьдралд хөлөө олохгүй, учраа мэдэхгүй яваа хүмүүсийг дэмжих хамгийн чухал. Амьдралын ухааны хамгийн сайхан зүйл нь. Манай нөхрийн гоё чанар нь залуучуудад урам өгч, сэтгэл санаагаар хямарсан арга нь мухардсан үед зөвлөж тусалж байдаг нь надад их гоё санагддаг. Миний дүү чи ингэвэл илүү дээр юм бишүү гээд маш гоё ярилцдаг. Энэ замаараа явсан нь зүгээр шүү гээд л.
-Их ухааны хүн ажээ?
-Манай хүн их сайхан сэтгэлтэй. Дандаа хүнийг уучилж боддог. Хүнд муу санахгүй, дандаа л өрөвдсөн, хайрласан, уучилсан зан чанарууд гардаг болохоор харахаар зарим үед хайр хүрч байгаа юм чинь. Дараа нь бодоход Хүслээгийн бүх шийдвэр зөв байдаг. Залуу үед ганц нэг алдаа байлгүй л яахав. Харин жил ирэх тусам улам зөөлөн, ухаалаг, өршөөж хайрласан зан чанар л гараад байгаа болохоор сайхан санагддаг.
-Их уусдаг байх, олон жил болоод ирэхээр...?
-Идэх зүйл, унтаж, сэрэх цаг нь хүртэл нэг болчихдог юм байна. Хэдэн жилийн дараа миний нүд Хүслээгийнх шиг томрох юм уу, Хүслээгийнх минийх шиг жижигхэн болох юмуу бүү мэд. Бүх юмаараа л адилхан болоод байна. Бие биенээ маш сайн цэнэглэнэ. Манай хүн намайг гадуур хөөцөлдөх ажилд янзын цэнэглэнэ. Миний хань ороод энэ ажлыг хөөцөлдөхөд бүтээхгүй байсан удаа байхгүй гээд л. Уг нь бүтээхгүй байсан удаа бий. Гэвч байхгүй гэж ирээд намайг явуулахаар магтуулж, магтуулж ирсэн хүн чинь ичсэн нэрэндээ явж өгнө. Харин би нөхрөө чиний бичсэн тэр зохиол ёстой янзын, одоо чи энийг бол чаднаа гэх мэтээр хоёр биенээ цэнэглэнэ дээ.
-Хэн нь илүү сайн менежер вэ?
-Бид хоёр 1, 2 жилээр ээлжлээд байгаа юмшиг санагддаг. Зарим жил би за энэ бүтээлийн мөнгийг босголоо одоо чиний ээлж шүү гэхээр манай хүн бүтээчихнэ. Гадуур гүйх ажилд би голдуу явна. Гэхдээ манай хүн ухааны талын юмнуудыг хэлж чиглүүлнэ. Би чинь Хүслээгээс ухаан жаахан дутуу ш тээ. тэгээд манай хүн нөгөө баадууг нь чангалдаг тоглоом шиг намайг магтаж урамшуулж хажуугаар нь ухаанаараа цэнэглээд гаргадаг. Би одоо Хүслээд "Чи намайг магтаж тавьсаар байгаад би нэг тийм юм юмны араас гүйчих гээд байдаг болчихлоо" гээд тоглоомоор хэлж суудаг.
-Өнөөдөр инээдмийн баяр. Энэ өдөр та юуг хэлмээр байна вэ?
-Амьдрал гоё шүү дээ. Өнөөдөр хаана ч явсан "Өлзийхүү жүжигчин" гээд хайр хүндлэл дунд амьдарч байна. Үүдэн шүд нь уначихсан жижигхэн хүүхэд хүртэл "хөөе Янжмаа" гээд үеийн юмшиг дуудаж байна. Ахмад настнууд, таних танихгүй олон хүнд хүндлүүлж, дуртай юмаа хийгээд явж байхад энэ амьдралаас өөр юу хүсэхэв. Одоо цаашид хүүхэд, залуучууддаа илүү тусалж гоё чанартай уран бүтээл хийх бодол толгойд эргэлддэг. Манай хошин урлаг гэдэг том айлд олон гоё уран бүтээлчид байсан, байгаа, одоо сайхан залуусаар үргэлжилж байна. Инээд байгаа газар аз жаргал, эв найрамдал, эрүүл цэвэр уур амьсгал байдаг. Тийм болохоор аль болохоор инээж наадаж, наргиж байгаарай. Та бүхэн өдөрт болж өгвөл нэг инээчих. Хэрвээ инээд тань хүрэхгүй байвал толинд хараад 40 секунд инээхэд цаанаасаа аз жараглын гармон ялгардаг гэсэн зөвлөгөө бий. Бүр болохгүй бол ингэх хэрэгтэй. Тэгээд аз жаргалын гармон ялгаруулж тас тас инээдэг найзуудтайгаа үргэлж уулзаж байгаарай. Богинохон энэ амьдралд бие биенээ хайрлаж, аз жаргал бэлэглэж, муу муухай юмнаас хол байгаарай гэж хүсч байна. Мөн хошин урлагийн салбарт ажиллаж уран бүтээлээ туурвиж байгаа найз нар, ах эгч, дүү нар болон бүх уран бүтээлчдэдээ инээдмийн баярын мэнд хүргэе.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Manai nuhur geh um . Tanau nuhur olon ehnertei um uu?. Chinii nuhur bol chiniih. Minii nuhur geech . Olon toon deer yrihaa boli
Ёстой чи тийм авгай мөн билүү ?
Mundag jujigchindee ineedmiib bayriin mend hurgiy
жинхэнэ ханз бүлт �##�иа жүжээчин эсрэгээр нь иймэрхүү вагайчуудын үгийг ойлогход яг болно бүлт үсэрсэн шун�##�ын дэв шаарнууд шүү энэ урлагын шаарнууд
ОЛОН УЛСЫН ХУУРДАГ ӨДРИЙГ КОММУНИСТУУД ИНЭЭДМИЙН БОЛГОЖ ТЭНЭГТСЭН
mundag shvv
Сайхан ярмлцлага болжэээ баярл�##�аа
Сайхан сэтгэлтэй юм.
Ха ха ха. Биеийн амрыг харсан з�##�хуутхүмүүс ихэнх нь байгаа
За энэ чинь харин үнэн үг хэлчихлээ шүү!